Б.Билгүүн: Би ”Чөтгөрийн хөгжим”-д хайртай

-Хөгжмийн зэмсэг өөр өөрийн өвөрмөц эгшигтэй. Хийл хөгжмийн эгшгийг та чухам юу гэж тодорхойлох вэ?
-Бүх хөгжим гоё. Гэхдээ хийл хөгжим нарийн мэдрэмж түлхүү шаарддаг. Наад зах нь төгөлдөр хуурын товчлуурыг дарахад механик цохиур утсыг хөдөлгөдөг. Харин хийл хөгжмийн утсыг хурууны өндгөөр мэдэрч тоглодог болохоор мэдрэмжтэй нягт холбогддог. XIX зууны алдартай хийлч Паганинийг хийл хөгжмийн гоцлолыг хамгийн дээд түвшинд авчирсан гэж үздэг. Түүний тоглох арга барил их өөр. Маш хүнд, байж боломгүй шинэ элементүүдийг гаргаж тоглодог байсан. Тоглож буй хуруугаараа чавхдасаа татах ч юм уу. Түүнээс үүдээд хийл хөгжмийг чөтгөрийн хөгжим гэдэг. Хөгжмийн зохиолчийн зүүдэнд нэгэн шулам ирж орных нь хажууд суугаад хийл хөгжим тоглож өгч байсан гэх мэт хийл хөгжмийн тухай олон сонирхолтой домог яриа байдаг. Хийл хөгжмийн зохиолуудад “Шулмын инээд” гэсэн зохиолч байдаг. Энэ бүхэн миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан. Тэгээд л би сонирхолдоо хөтлөгдөн чөтгөрийн хөгжмийг сонгож, хайртай болсон.
-Яагаад чөтгөрийн хөгжим гэж?
-Энэ хариулт хөгжмийн гоцлолын гайхамшгийг мэдрүүлсэн Паганини болон хийл хөгжимтэй холбоотой олон домог ярианаас үүдэлтэй. Паганини байж боломгүй, хүнд элементүүдийг гаргаж байгаа нь нэг л өөр сонсогддог. Тэгээд л харь ертөнцийн гэмээр тэр аялгууг амьлуулж байгаа хүнийг шулам, чөтгөрөөр илэрхийлсэн биз. Тэр харь ертөнц зургаахан настай хүү надад сонирхолтой санагдсан учраас өнөөг хүртэл хил хөгжмийн тансаг аялгуугаар хөглөгдөж, хөтлөгдөж хичээллэсээр ирлээ.
-Арван таван насандаа АНУ-ын Нью Иорк хотын алдар “Карнеги Холл” танхимд тоглож байсан гэдэг. Энэ тухай дурсаач?
-2011 оны нэгдүгээр сард АНУ-ын Нью Иорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, “Карнеги Холл”-д болсон “Гала” концертод оролцох эрхтэй болж байлаа. Тэр ялалт, тэр тайзнаас авсан мэдрэмж надад маш том урам өгсөн. Олон хөгжимчдийн очиж тоглохыг хүсдэг XX зууны алдартай театрт тоглоход мэдээж гайхалтай байсан. Хамгийн сайхан нь тэр өдөр миний ээжийн төрсөн өдөр болж таарсан юм. Ээжийнхээ 40 насны төрсөн өдрөөр амьдралынх нь хамгийн том бэлгийг барьж байлаа. Энэ уралдаанд би бэлтгэл хийж буй бичлэгээ явуулсан юм. Харин хариуд нь ээжийнхээ баярлахыг харах жаргалтай байсан.
-Сайхан тохиол байжээ. Ээж, аавынхаа тухай, эргээд хүүхэд насны тань тухай цөөн хором ярилцах уу?
-Би гурван нас хүртлээ евровын орнуудад амьдарсан. Тэгээд Монголд ирээд зургаан нас хүртлээ цэцэрлэгт явлаа. Зургаан настай байхад ээжийн бага дүү намайг ХБК-д дагуулж ирж, шалгуулаад Д.Жаргал багшийн удирдлаган дор хийл хөгжмийн ангид орж байлаа. Д.Жаргал багшаараа би хийл хөгжмийн гайхамшгийг 11 жил заалгуулсан даа. Тэгээд нэгдүгээр курсдээ Л.Алтанцэцэг багшийн удирдалган дор ирээд одоог хүртэл багшаараа бүх зүйлийг заалгаад явж байна. Гэр бүлийн тухайд би эмээ, аав, ээжтэйгээ амьдардаг. Саяхан бяцхан дүүтэй болсон. Их баяртай байгаа/инээв.сур/. Гэвч би өглөө эрт гэрээс гараад сургууль дээрээ хөгжмөө давтсаар нэлээд орой харьдаг болохоор дүүдээ цаг гаргаж чадахгүй л байна. Манай аав төрийн байгууллагат ажилладаг. Ээж гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Манай гэр бүл намайг их сайн дэмждэг юм. “Зөвхөн сэтгэл зүрхээ дага” гэж ээж, аав маань хэлдэг юм. Ийм гэр бүлд төрсөндөө өөрийгөө азтайд тооцож явна. Ер нь бол миний эмээ намайг өсгөсөн. Би бараг эмээгийн хүүхэд.
-Тоглолт хийх хэмжээнд хийл хөгжимд суралцахад хэн голлон нөлөөлсөн гэж та хэлэх вэ?
-Миний бодлоор мэдээж авъяас чухал. Гэхдээ амжилтанд авъяасаас гадна багш их чухал. Манай багш нар юугаараа бусад мэргэжлийн багш нараас ялгардаг вэ? гэхээр ганцаарчилж хичээлээ явуулдаг. Нэг ангид багш шавь хоёр л байх жишээтэй. Багш шавиа мэргэжилд нь дурлуулсан байх хэрэгтэй. Темпераментд нь тааруулж заах ёстой. Би хурдан ойлгоод, хурдан мартдаг темпераменттай. Би өөрийгөө төрөлхийн авъяастай хүн гэж хэлж чадахгүй, өөрийгөө дандаа чамалж байдаг. Ер нь бол миний амжилтын хамгийн гол хүн нь миний багш л гэж хэлнэ дээ. Багш минь зөвхөн хийл хөгжим заагаад зогсохгүй амьдралын ухааныг заадаг.
-Хөгжмөө тоглох үед гайхалтай мэдрэмж төрнө биз?
-Тайзан дээр хөгжим тоглох үед хүнд илэрдэг сэтгэл хөдлөл гуниглах, баярлах үеийн мэдрэмжийг хөгжмийн зохиолоор дамжуулаад өөр дээрээ мэдэрдэг. Хийл хөгжим миний бүх үед надтай хамт байдаг. Гуниглах үед сэргэнэ, эрч хүч, урам зориг авна. Ер нь бол их сайхан мэдрэмж авна. Энэ сайхан мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд их хэцүү юм байна.
-Сонсохоор тайвширдаг, эсвэл сэтгэл догдолдог хөгжим гэж хүнд байдаг. Билгүүний хувьд?
-Миний хувьд хийлийн гоцлол түлхүү сонсдог. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой байх. Давхар баллетийн хөгжим, Евгенин онигин, Чайковскийн Щелкунчик гэх мэт ер нь алдартай хүмүүсийн симпониудыг түлхүү сонсоно. Гэхдээ хөгжимчин хүн болохоор хөг, аялгуунд их хайртай бүх л дуу хөгжмийг ялгалгүй сонсдог. Энэ тоглолтод тоглогдох Чайковскийн хийлийн концерт миний сонсож байсан хамгийн романтик хөгжим. Би энэ концертийг өмнө нь олон сонсч байсан л даа. Гэхдээ яг жилийн өмнөөс бараг өдөр бүр сонсдог болоод байгаа. Чайковский амьдралынхаа хамгийн хүнд үед бичсэн романтик зохиол. Гэхдээ гунигтай биш их гэгээлэг. Хөгжимчид нотыг удаан давтахад гарт орчихдог. Харин энэ концертийг тоглоход нэг тийм сонин, гарт зүгшрэхгүй байгаад байдаг.
-Тоглолтоо “Чайковскийн үдэш” гэж нэрлэсэн нь түүний концертод дуртай учраас уу?
-Чайковскийн хийлийн концертыг ДБЭТ-ын оркестртой хамтран бүрэн ангиар нь тоглож байгаа. Энэ нь Монголд анх удаа оюутан хүн энэ агуу хүний гайхалтай бүтээлийг бүрэн ангиар нь хийл хөгжмөөр сонордуулж байгаа гэдэг утгаараа онцлог. Энэ онцлогийг тодотгоод “Чайковскийн үдэш” гэж нэрлэсэн юм. Мөн миний тоглолтод олон уран бүтээлчид оролцоно. Би төгөлдөр хуурч Ч.Бат-Эрдэнэ, морин хийлч Ж.Доржсүрэнтэй дуэт тоглоно. Тоглолтын бас нэгэн онцлог нь бүх зохиолд би өөрөө оролцон тоглоно. Онцлог нь гэвэл Монголд хийл хөгжмөөр тоглож байгаагүй дэлхийн сонгодог олон бүтээлийг сонсгоно.
-Оюутан хүний хувьд энэ тоглолт том алхам гэж бодож байна.
-Миний үеийн сайн хийлч залуус олон бий. Саяхан “Korean art”-ыг төгссөн Г.Тамир, Х.Санчир гээд олон байна. Хөгжимчин хүнийг сайн, муу гэж ялгаж хэлэх боломжгүй. Ямар нэг талаараа өөр өөрийн онцлогтой байдаг. Урлаг өөрөө абстракт. Миний сайн тал гэх юм бол хурдан хэмнэлтэй тоглоход миний гар цуцалт багатай. Тийм болохоор техникийн тал дээр надад түүртэх зүйл байдаггүй. Заримдаа ч шантрах үе бий. Тэр болгонд би ганцаарддаг. Ганцаардлаа гээд би нэг чийгтэй байшинд харанхуй булан бараадан суугаад байдаггүй. Мундаг хөгжимчдийн бичлэг үздэг. Тэр болгонд би яагаад ийм байж болохгүй гэж, би адилхан хүн, миний гарыг би л удирдана гэж боддог Тэгээд л хийлээ аваад тоглож эхэлнэ. Хийл хөгжим л миний бүх цаг үед надтай хамт байдаг, миний хамгийн сайн найз. Хөгжимгүйгээр, хийл хөгжимгүйгээр миний амьдралыг төсөөлшгүй.
-Ирээдүйд нэртэй оркестр болно биз ээ?
-Мундаг гоцлол хөгжимчин, эсвэл мундаг оркестрийн хөгжимчин болох миний хамгийн том мөрөөдөл биш. Зүгээр л сайн хөгжимчин болох. Манай багш “Зөвхөн хөгжмөө сайн тоглохдоо биш, хөгжимчин хүний хүмүүжлээр хүмүүжиж дэлхийн хэмжээний, сайн хөгжимчин бол” гэж бидэнд хэлдэг юм. Тиймээс би хувь хүнийхээ хувьд хүмүүжил төлөвшил сайтай, сайн хүн, дараа нь сайн хөгжимчин байхыг л хичээдэг.
-Сүүлд нь асуухад залуу хүний хувьд аль нэг зүйлд эмзэглэж явдаг болов уу?
-Надад миний үеийн ихэнх залуус зорилгогүй яваад байгаа юм шиг санагддаг. Энд л их эмзэглэж явдаг юм. Залуу насны эрч хүч, бяр чадлыг ашиглаад их зүйлийг хийж амжуулах хэрэгтэй. Мэдээж завтай үедээ найз нөхөдтэйгөө уулзаж, гадуур гарч болно. Гэхдээ зорилгоо умартахгүй байх нь чухал. Надад чөлөөт цаг бага гардаг. Сургууль дээр хөгжмийн сургуулилтаа хийгээд бага зэрэг цаг гарвал хөгжимд дурласан, сонирхол нэгт нөхөдтэйгөө нийлж хөгжмийн тухай ярилцана. Орой гэртээ ирээд бас л хөгжим, зохиол сонсоно, цахим ертөнцөөс өөрийн ертөнцөд хэрэгтэй зүйлсээ хайна. Миний чөлөөт цаг нэг иймэрхүү л өнгөрдөг дөө.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ