Б.Лувсан: Зам гэдэг сэтгэл шингэж бүтдэг ажил

Автозамчдын ахмадын хорооны дарга, Монгол Улсын гавьяат барилгачин Б.Лувсан гуайтай ярилцлаа. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул түүнийг салбарынхан нь “замын нэвтэрхий толь” хэмээх хүндэтгэн дууддаг юм.
2016 оны зам, барилгын ажил 4 дүгээр сарын 18-нд орон даяар, нэгэн зэрэг эхлэх гэж байна. Таван цэгт нээлт хийж, нэг өдөр замчид ажлаа эхлүүлнэ. Та энэ тухай сонссон байх. Салбарын ахмадын хувьд энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлж байгаа бол гэх сониуч зан хөтлөөд, таныг зориод ирлээ.
Ах нь баяртай байна аа. Ингэж л хавар эрт ажлаа эхлүүлж байх ёстой юм. Аль нэг нээлтэд нь явах байх шүү. Манайхан чинь ахмад биднийгээ мартдаггүй, байнга л ярьж, асууж, зөвлөж байдаг юм.
Монголын автозамын хөгжил 87 жилийн түүхтэй. Та энэ түүхийн хэдэн жилийг нь гар бие оролцож бүтээлцсэн бэ?
Москвагийн Автозамын сургуулийг 1962 онд төгсөж ирээд, замын инженерээр ажилласан цагаас хойш 55 жил замтайгаа хувь тавилангаа холбож дээ.
Анхны томилолт тань хаашаа байсан бэ?
Би чинь уугуул нутаг Дорнодынх. Сумандаа 9 дүгээр анги төгсөөд, Улаанбаатарт ирж бэлтгэл 10-р ангид суралцсан. Тэр үед бүх аймгийн гайгүй сурлагатай гэсэн хүүхдүүдийг хотод бэлтгэл ангид цуглуулж сургадаг байсан юм. Сарын 200 төгрөгийн тэтгэлэгтэй. Одоогийн Американ дэнжийн тухайн үеийн нэрээр Американ хашаан дотор дүнзэн байшинд амьдарч байлаа шүү дээ. Тэндээс л Москва руу явж байсан. Замын инженерээр төгсөж ирээд, Завханы Тосонцэнгэл рүү Идэрийн гол дээр хадмал банзан гүүр барих, ойн зам засах даалгавартай анхны томилолтоо авсан. Тэнд хоёр жил ажилласан даа. Монголын анхны хадмал банзан, хүнд даацын гүүр л дээ. Буцаж ирснээсээ хойш Улаанбаатарт голцуу л удирдах ажил хийсэн.
Тэр үед хүний хүчээр л ажлыг амжуулдаг байсан шиг байгаа юм. Одоо бол техникийн хүч голлодог болж.
Тэгэлгүй яахав. Ачааны машинд нуруу хийж, гараар хайрга шороогоо ачдаг байсан. Монголын хэмжээнд 0,5 кубын ганцхан экскаватортай байсан гээд бод доо. Тосонцэнгэл л гэхэд ганцхан том машинтай байлаа. Хүний хүчээр л бүхнийг амжуулдаг байсан.
Таны бариулсан гүүр хэдэн жил насалсан бэ?
Одоо хүртэл ямар ч үгүй (хэвээрээ байгаа гэсэн нутгийн хэллэг бололтой.сурв), ашигладаг хэвээрээ. 1964 онд ашиглалтад орсоноос хойш ямар ч хөдөлгөөн, гажилтгүй, том машин яваад л байгаа.
Хөөх, ёстой гайхалтай. Сурсан эрдэмийнхээ хэргийг гаргажээ, та.
За яахав дээ, багшийнхаа л номоор барьсан. Завханы Тосонцэнгэл гэдэг чинь манай орны хүйтний туйл болсон газар. Манайхан чинь өдөр нь мөс ухаж, шөнө нь жижүүрлэж байж л ажлынхаа ард гарсан. Сонирхуулж ярихад манай бригадад манай Ерөнхийлөгч П.Очирбатын ээж Пунсалмаа гуай, хойд аав нь болох Бөхөөн гэж мужаан хоёр нь ажиллаж байлаа. Бөхөөн нь мужаан, хөлдүү мод өдөржингөө цавчина. Пунсалмаа гуай гараараа л мөс, хад шороо ухдаг хүмүүсийн нэг байлаа.
Одоо бол замчдынхаа ажил дээр очиж, үзэж зөвлөнө биз?
Манайхан сайхан байна аа. Намайг ч замын нээлт, ажил дээрээ байнга л авч очно. Өнгөрсөн жил Хөвсгөлийн нээлтэд оролцож “Хөвсгөлчүүд минь замтай боллоо. Ирэх жилээс зочин гийчин тасрахгүй ээ” гэж хэлсэн. Үнэхээр ч ёстой л нэг цувсан даа.
Автозам, гүүрийн барилгын салбар хамгийн их шүүмжлэл хүлээдэг болсон. Ажил оройтож эхэлдэг, төр нь мөнгөө өгдөггүй. Замчид амласан хугацаа, чанартаа эзэн болдоггүй гээд үргэлжлүүлээд байж болно. Ахмад замчны хувьд энэ байдлыг хөндлөнгөөс хараад ямар дүгнэлт өгдөг бол.
Сүүлийн үеийн зам, гүүрийг олон улсын стандартаар, сайн барьдаг болсон. Чадаж байна. Гэтэл замын даацаас хэтэрсэн машин өөд, уруугүй давхиад байна ш дээ. Үүнд нь хяналт тавьж, хязгаарлаж байгаа юм алга. Өдөр нь хянаад байхаар шөнө нь давхиад байдаг юм байна, тэр том машинууд нь. Түүнээс гадна арчлалт, засварын ажил хийдэггүй. Зам бол төрийн өмч. Төр нь өмч хөрөнгөө хамгаалж, засаж арчилж байх ёстой. Гэтэл тэр ажилд зарцуулах мөнгө нь жил бүр л багасаад байх юм. Тийм байхад замчид руугаа л буруугаа чихээд байж болохгүй. Ялангуяа хаврын арчилгаа гэж чухал зүйл байдаг юм шүү дээ. Өвөл нь хөлдсөн зам хавартаа гэсдэг. Хатуу хучилт нь түрүүлээд гэсчихдэг. Замын хажуугийн хөрөлсөн цас нь хайлаагүй, цэвэрлэхгүй болохоор замын суурь хэсэг нь гэсдэггүй. Ийм байхад нь хүнд даацын машин явахаар суулт өгнө, хагарна, эвдэрнэ.
Зам, гүүрээр үйлчлэх чиг үүргийг Зам Тээврийн яам, харьяа газрууд хариуцдаг. Ашиглалт, арчилгааг ч мөн адил. Хяналтыг нь хариуцахгүй байна тийм үү?
Хяналтыг нь Мэргэжлийн Хяналт руу шилжүүлчихсэн юм билээ. Албан тасалгаанд суудаг байцаагчид улсын хэмжээний сүлжээ замыг хянаад байгаа нь юу л бол.
Та энэ саналуудаа сайддаа хэлсэн үү?
Зарим нэг хүний үг сонсдоггүй сайдуудыг бодоход одоогийн сайд бол сонсоод байгаа шүү. Салбарын мэргэжилтэй хүн биш ч гэсэн ажил хийх сэтгэлтэй хүн шиг байгаа юм. Ялангуяа замын ажлыг эрт эхлүүлэх шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлж байгааг нь сонсоод ёстой баяртай байгаа. Ингэж л, хавар эрт ажлаа эхлүүлэхгүй бол 4-11-р сарын хугацаанд ажил хийх боломжтой замын ажил урагшаа явахгүй шүү дээ. За үнэндээ бол 7-р сараас хойш бороо элбэгшээд эхэлчихвэл, 9-10-р сард хасах 10 хэм хүрчихвэл замын ажил хийхэд хэцүү. Хийлээ ч чанаргүй л ажил болдог. Өмнөх жилүүдэд харж байхад 9 сард замын ажлаа эхлүүлж, нээлтээ хийгээд, бараг л маргааш нь хүйтэрчихдэг байдал их л байсан. Ядаж байхад мөнгө төгрөг нь шийдэгдэхгүй, замчид маань бөөн л өрийн сүлжээнд ордог. Энэ байдлыг нэг цэгцэлчих болов уу гээд хүлээгээд, хараад л байгаа шүү. Замчдын III их хурлаас тавьсан найман асуудлыг сайдад биечлэн танилцуулж, тайлбарлаж хэлсэн.
Салбарын бодлогоо зангидаж, ажлаа хийж байгаагийнх нь хувьд та түүнд ямар дүн тавих бэ? Магадгүй захиж, сануулж хэлэх үг байгаа байх.
Та Дорнодын хүн. Нутаг руугаа их явдаг уу?
Миний дүү нар нутагтаа байдаг. Нутаг явна аа.
Дорнодын зам гэж ёстой нэг дуусдаггүй ажил байх юм аа?
Сайд маань тийшээ байн, байн яваад л байгаа сураг сонсогдох юм. Нэг сайхан мэдээ дуулгах байх аа, энэ жилдээ холбочих байх гэж горьдоод л байгаа ш дээ. Ер нь бол замчдын ажил чинь мэдлэг боловсрол, машин техник, стандарт технологийг ягштал мөрдөхтэй зэрэгцээд сэтгэл шингэж байж бүтдэг ажил юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ