Г.Батзориг: Монгол уламжлалаа танин мэдээсэй

img

Хүүхэд багачуулд төдийгүй залуу эцэг эхэд зориулсан “Агай шавдал хатан, Араг улаан хонгор” номын нээлт боллоо. Номын зохиогч, “Ногоон сэтгүүлч” Төрийн бус байгууллагын ТУЗ-ын дарга Г.Батзоригтой ярилцлаа.

 

 

-Номын нэрнээс харахад “Жангар” туультай холбогдолтой бололтой?

-Араг улаан хонгор бол Жангарын жанжин. Агай шавдал хатан бол Жангарын гэргий. Энэ хоёр дүрийг сонгон авч үйл явдлын гол төлөөлөл болгосон. Тэр утгаараа номондоо “Агай шавдал хатан, Арга улаан хонгор” хэмээн нэр хайрлаад байна. Энэхүү номыг эрхлэн гаргасан бидний эрхэм зорилго бол монгол уламжлал, өв соёлын тухай зөв зүйтэй мэдээллийг орчин үеийн залууст хүргэх учраас нэрээ хүртэл эртний утга агуулгатай байлгах гэж зорьсон юм.

 

-Залуу эцэг эхчүүдэд зориулсан гэснийг тодотгохгүй юу?

-Бид номоо гаргахаас өмнө шинэхэн аав ээжүүдээс “залуу аав ээжид ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ” гэсэн агуулгатай судалгаа авсан юм. Уг судалгаанаас харахад  залуус гэр бүл болохоосоо өмнө уламжлалт зан заншил, аав ээжийнхээ зааж сургасан ёс суртахууныг нэг их анхаардаггүй байж. Харин амьдрал зохиогоод, гэр бүлтэй болоод тэднийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөөд ирэхээр нөгөө уламжлалын мэдээлэл хэрэг болдог байгаа юм. Тухайлбал, хүүхэд төрлөө гэхэд хүүхдээ хэрхэн угаалга үйлддэг юм, нэр хэрхэн хайрладаг зэрэг уламжлалт ёс заншлаа мэдэхгүйгээс багагүй асуудалтай тулгардаг байгаа юм. Тиймээс ч судалгаагаар бидэнд энэ төрлийн мэдээлэл хэрэгтэй  байна гэдэг зүйлийг залуу аав, ээжүүд хэлж байсан. Иймд бид хүүхэдтэй холбоотой монголчуудын уламжлалт зан заншлын тухай цогц мэдээллийг номондоо оруулж өгсөн байгаа.  

 

-Тэгэхээр “Жангар” туулиар дамжуулан залуу эцэг эхчүүдэд зөвлөмж хүргэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Монголчууд олон зуун жилийн туршид хүүхэд, багачуудаа хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилыг бий болгосон байгаа юм. Энэ арга барил нь хүүхдийг зөв төлөвшилтэй, зөв хүн болгож хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Үүнийгээ туулиар, өгүүллэгээр дамжуулж хүүхэддээ өвлүүлдэг байжээ. Эргээд энэ нь хүүхдийг зөв сайхан хүн болж төлөвшүүлдэг байж шүү дээ.  “Жангар” туулийн баатрын дүрүүдийг ашиглан үйл явдлыг нь өөр хэлбэрээр зохиож бичсэн юм. Шинэ дайсан гаргаж ирээд түүнтэй Жангарын баатрууд тулалдаж буй зэргээр шинэ үйл явдал зохиож илүү сонирхолтой  болгохыг зорьсон. Тууль нь өөрөө хүүхдийг хүмүүжүүлэхээс гадна  монголчууд өв соёлоо туулиар дамжуулан үр хүүхэддээ өвлүүлж ирсэн. Өнөө цагт л ойшоохгүй байгаа болохоос өмнөх үед бол соёлын маш том өв байсан. Тиймээс бид дараа дараагийнхаа үед өв уламжлалаа туулиараа дамжуулан хүргэх ёстой юм байна гэдгийг зорилго болголоо. Одоо манай залуу эцэг эхчүүд хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншлын тухай мэдээллийг сайн авах хэрэгтэй гэж бид үзээд байгаа юм. Жишээ нь хүүхэддээ бид хэрхэн нэр өгөх юм, сэвлэгийг нь хэрхэн үргээх юм, сэвлэг үргээхэд ямар ерөөл хайрладаг юм гэдэг ч юмуу. Энэ бүхэн наанаа бэлгэдлийн утга агуулгатай юм шиг боловч бидний өвөг дээдэс амьдралын шалгуураар үүнийг гаргаад ирсэн учраас цаанаа биднийг хүмүүжүүлэх аль нэг нууц увидастай байгаа юм. Тэгэхээр үүнийг залуу эцэг эхчүүд ойлгоод өвөг дээдсийн сургамжаас сурч мэдэж аваасай гэдэг үүднээс туультай уялдуулан бүтээсэн.

 

-Түүхэн зохиолыг өөрчилсөн гэхээр сонирхолтой юм.

-“Жангар” туулийн 30 орчим хувийг жирийн иргэд битгий хэл эрдэмтэн судлаачид ойлгоход төвөгтэй үг хэллэг байдаг. Монголчуудын бүр эртний үг хэллэг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр туулийг манай эцэг эхчүүд уншаад, хүүхдүүддээ утгыг нь ярьж ойлгуулна гэдэг нэлээн төвөгтэй. Тэгэхээр бид тэр талаас нь бодолцож нэлээн хялбаршуулах гэж шинэ адал явдал зохиогоод, зарим үг хэллэгийг нь одоо цагийнхаар сольж өөрчилсөн. Түүнчлэн “Жангар” тууль маш олон боть байдаг бол бид нэг үйл явдлаар нь сэдэвлээд тодорхой цөөн хуудсанд багтаад, богино өрнөлөөр бичсэн. Одоо үед хүмүүс “Жангар” туулийг уншлаа гэхэд олон зуун жилийн туршид бидэнд уншигдаж өвлөгдөж ирсэн тодорхой нэг хэвшмэл тууль байгаа. Харин бидний энэхүү зохиол болохоор тэрхүү туулийн суурин дээр арай өөр байдлаар хялбаршуулан үйл явдлыг нь баялаг болгож хийсэн. Гэхдээ “Жангар” тууль олон зуун жил бидэнд өвлөгдөөд ирсэн өв соёлын хосгүй бүтээл учраас түүний хажууд бидний энэ зохиол харьцуулахааргүй юм. Бид шинэ зүйл гаргаж ирэх гэж эрмэлзсэн гэдэг нь л гол болохоос туультай харьцуулаад биднийх илүү гэх зүйл байхгүй. Бид орчин үед нийцүүлэн хялбаршуулж, илүү хүнд хүрэх талаас нь бодолцож, агуулгыг нь өөрчилсөн.

 

-Шинэ адал явдлыг та зохиосон уу?

-“Жангар” баатрын шинэ адал явдлыг “Мухаха” уран бүтээлийн багийн гишүүд зохиосон байгаа. Түүнчлэн номд орсон бүх баатрыг бид баримлын шавраар бүтээсэн. Зурахад амархан байсан ч баримлын шавраар бүтээхэд амаргүй байсан шүү. Хүүхдүүдэд, энэ номыг уншаад баатруудыг дууриалган баримлын шавраар хийж, өөрсдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх тэр сэдлийг өгье гэдэг утгаар нэлээдгүй хөдөлмөр гаргаж бүх баатрыг баримлын шавраар хийсэн.  Ерөнхийдөө энэхүү номыг хийхэд ойролцоогоор 4-5 сарын хугацаа зарцууллаа.

 

-Урьд нь ном гаргаж байв уу?

-Манайх хэвлэл мэдээллийн салбарт 10 орчим жил ажиллаж буй “Ногоон сэтгүүлч” ТББ. Бид зохиол чиглэлийн ном анх удаа гаргаж байна. Өмнө нь бол бид сэтгүүл зүйн шүүмж, хөтөч, аялал жуулчлалын зэрэг мэргэжлийн чиглэлийн нэлээдгүй олон ном хэвлэл гаргаж байсан. Харин энэхүү номыг тодорхой хугацаанд ажиглалт хийж эцэг эхчүүдээс судалгаа аваад иймэрхүү зүйл хийсэн байгаа.

 

-Номын бүтэц, утга агуулгаас танилцуулах уу?

-Ном ерөнхийдөө дөрвөн хэсэгтэй. Тууль, уламжлалт мэдээ мэдээлэл, зан заншлын тухай. Мөн нэгэнт хүүхдэд зориулсан бүтээл гаргаж байгаа учраас эх үрсэд зориулсан 2 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийн купон номонд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрлөө гэхэд, өлгий хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас хэрэглэл зэргээс авахуулаад бүхий л бараа бүтээгдэхүүнд бид хөнгөлөлтийн купон хийж өгсөн. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой гэр бүлд тодорхой хэмжээгээр санхүүгийн бэрхшээл учир байгаа. Хүүхэдтэй боллоо гэхэд живх, бусад хэрэглээний бүтээгдэхүүн авах зардал гарна. Тухайн өрх санхүүгийн боломж ямар байхаас үл хамаараад тэр зардлыг гаргадаг. Тэгэхээр бид хэрэглээний бүтээгдэхүүн дээр нь хөнгөлөлт үзүүлэх үүднээс арав гаруй байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Ингэснээр эцэг эх номоо уншихаас гадна хөнгөлөлтийн купоноороо дамжуулан жилд 2 сая хүртэлх төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг авах боломжтой юм. Мөн хүүхдийнхээ бага насны дурсамжийг бичиж үлдээх дурсгалын хэсгийг давхар оруулж өгсөн байгаа. Ном маань хүүхдэд хадгалагдаж үлдээд том болсон хойноо өнөө дурсамжаа хараад “би ийм хүүхэд байж” гээд дурсах боломжтой. Ерөнхийдөө уламжлалт гэхээс илүүтэй орчин үеийн залуусын сэтгэлгээнд нийцүүлэх гэж тал талын зүйлийг оруулж өгөх гэж нэлээдгүй оролдлоо.

 

-Уншигч юуг олж ухаараасай гэж хүсэх вэ?

-Ер нь залуу үеийнхэн уламжлалт соёлоо өөрсдөө суралцан мэдэж, цаашид түгээн дэлгэрүүлэх нь ихэд чухал байна гэж бид харж байгаа. Тиймээс ч монгол өв соёл, уламжлалаа танин мэдээсэй гэж хүсч байна. Нийслэлд, гадаад оронд амьдарч буй хүүхдүүд уламжлалаас хязгаарлагдмал орчинд байдаг болжээ. Тэд хөдөө орон нутагт амьдардаггүй учраас нүүдэлчин ахуй амьдрал мэдэхгүй байна. Мөн монгол уламжлал, хүмүүжил талаасаа жаахан дутагдалтай байх юм. Тэр утгаараа монгол уламжлалаа танин мэдээсэй, лавшруулан судлаасай, эцэг эх, эмээ өвөөгөөсөө зан заншлын утга учрыг сонирхон асуугаасай гэж л хүсэх байна. Одоогийн хандлагаас харахад гадаадад суугаа монголчууд хүүхдээ хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд энэхүү номыг уншуулж, судлуулах хүсэл сонирхолтой байгаа нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдэд монгол өв соёлыг номоор дамжуулан үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзлэл  их байна уу даа гэж бид харж байна.

 

-Цуврал бий юу?

-Бид энэхүү номоо жил болгон эрхлэн гаргана. Монголчуудын үүх түүхтэй холбоотой уламжлалт зан заншил, монголчууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаа ямар уламжлалаар явж ирсэн гэх зэргээр илүү баялаг цуврал номууд гарах учраас дараа дараагийн номондоо бид илүү бүтээлчээр ажиллаад явах санаа байна. Эхний ном гэдэг утгаар алдаа мадаг гарсан байж магадгүй. Болгооно биз ээ.

 

-Номын борлуулалтын тухайд?

-Бид хүргэлтээр хүргэнэ. Мөн “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрээр борлуулагдана. Номын борлуултын тодорхой хувийг төрөх эмнэлгүүдэд хандивлах, эмзэг бүлгийн хүүхдийн гэр бүлд дэмжлэг байдлаар хүргэх зэрэг нийгмийн хариуцлагын ажлыг хийнэ. Ашиг гэхээс илүү энэ номын өгөөж бүх насны хүмүүст хүрээсэй гэдэг зорилгоор олон талаас нь бодолцож хийсэн байгаа. Эцэст нь хэлэхэд, бид өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ өв соёлоо зайлшгүй авч явах ёстой. Тиймээс ч монголын түүх, ёс заншилтай холбоотой цогц мэдээллийг уламжлалт хэлбэрээр хүргэхээс гадна уншихад сонирхолтой байлгах үүднээс энэхүү номыг бүтээлээ.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ