Н.Жанцанноров: Гадаадын хуурчдад талархаж байна

img

Монголын Урлагийн зөвлөл, Улсын филармони, Морин хуурын Дэлхийн холбоотой хамтран морин хуурын олон улсын  наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт өчигдөр “Соёлын төв өргөө”-нд боллоо. Энэ үеэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой цөөн хором хөөрөлдлөө.

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

-Би тантай ардын өв уламжлал, морин хуураа дээдлэн шүтэхийн утга учрын тухай хөөрөлдье гэсэн юм.

-Эхлээд би “Морин хуур” олон улсын наамдын энэ жилийн онцлогийн тухай яримаар байна. Энэхүү наадмыг дэлхийн морин хуурын холбооны санаачлагаар 2008 оноос хойш 2 жил тутам зохион байгуулж ирсэн. Бидний эрхэм зорилго бол морин хуур хөгжмөөр дамжуулан монгол соёлыг дэлхий дахинд таниулан сурталчлах юм. Тийм ч учраас жил жилийн наадамд ОХУ-ын Тува, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, Герман, Америк зэрэг орны морин хуурч, сонирхогч, зэмсэг судлаачид оролцож ирсэн. Энэ жилийн хувьд Монголын хөдөө орон нутгийн ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ихэл, суух хуур, морин хуурчид урилгаар оролцож байгаа юм. Тэд ямар гайхалтай авьяастай гэж санана. Нутагтаа л найр хэсэж, ая дангаа өргөж явдаг тэдгээр хүмүүст энэ наадамд оролцох урилга хүргүүлснээр морин хуурыг дэлхийд сонордуулах чухал алхам болж байна гэж хувьдаа би бодож сууна.

 

-Энэ жилийн наадмын агуулга өргөжсөн гэж  сонссон?

-Эхний удаад бол наадам уралдаан байсан. Жил алгасаад болохдоо уралдаантай жил нь симпозиумгүй. Уралдаангүй жил нь симпозиумтай болдог байсан. Харин энэ удаад наадам, симпозиум хоёрын аль аль нь зохиогдоно. Бид өмнө нь олон хүн оролцож байвал л наадам ач холбогдолтой болно гэж боддог байсан. Энэ жилээс агуулга нь өргөжих учиртай гэж үзэж Японы хуурчдыг урьсан ч томоохон тоглолттой  учраас ирж чадаагүй. Харин Бельги, Франц, БНХАУ, Герман, ОХУ, Монгол гэсэн 6 орны уран бүтээлч оролцож байгаа.

 

-Гадаад хүмүүс монгол дээл өмсөөд морин хуур татаж суугаа нь сонин л харагдаж байна.

-Монголчуудын бүтээсэн оюуны маш хүчтэй зэмсэг бол морин хуур. Морин хуурыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой.  Үүгээр дамжин морин хуур бол Монгол Улсын соёлын тархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой наадам юм. Нөгөө талаар бусад орны соёлын олон талт үйл ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. 1992 онд намайг очихд манай Буриадууд нэг ч морин хуур татдаг хүн байгаагүй. Одоо бол морин хуурын чуулгатай, багштай болсон байна. Японд гэхэд 400 гаруй хүмүүс морин хуур татаж байна. Монгол бус хүмүүс морин хуур эзэмшээд байж байгаа нь үнэхээр бахархалтай зүйл.

 

 

-Монгол үндэстнүүд морин хуураа сурах нь зөв. Харин Япон, Германчуудад морин хуур зааж, сургах нь  үндэстний соёл уусах, мөхөх аюултай биш үү?

-Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр том орноор хэллүүлсэн мөртлөө хоёр хөрштэйгээ өөрсдийн үндэснүүдээр хиллэдэг онцлогтой ард түмэн шүү дээ монголчууд чинь. Тухайлбал, зүүн талаасаа Хөлөнбуйрын Буриад, Баргууд, Шилийнгол, Улаанцав гээд өөрсдийн үндэстнээр хиллэдэг. Тийм учраас бид морин хуураа өөрсдийн хиллэж буй Монгол туургатан, угсаатан ард түмнээ морин хуураа эзэмшихэд нь бид тусалж буй л хэрэг юм.Монгол үндэстэн нэгдэх нь зөв. Тэрнээс биш мянга авьяастай, нүүрстэй, малтай байгаад хөгжихгүй. Гадаад хуурчдад харин ч би талархдаг. Бид бахархах  юмтай бол түүнийгээ хүн төрөлхтний өмнө уламжлан авч хариуцна, үеийн үедээ үлдээн дэлхийн хүмүүст түгээн дэлгэрүүлж яагаад болохгүй гэж.  Тэгж байж морин хуурын чимээ дэлхийн сонорт хүрэх учраас энэ тийм буруу зүйл биш.

 

-“Өлгөж дээдэлбэл үгүйрнэ хөглөж дээдэлбэл хөгжинө” гэдэг үг байдаг.

-Тийм. Монголчууд бид хуураа ханандаа өлгөчихөөд л цагаан сараар юм уу, наадмаар шороог нь нэг арчдаг л болоод байна. Монгол түмний нэг үндэстэн Казакууд л гэхэд тэд цөмөөрөө домбор хөгжмөө ток, ток хийлгээд байна. Тэнд Монгол хүн хуураа татах асуудал бол хэцүү биш. Заавал Батчулуун багш, Батсайхан, Жигжиддорж шиг тоглох албөагүй. Тэр бол мэргэжлийн асуудал. Цөмөөрөө морин хуураа татаад байх юм бол нэг муу доголон хуурын явдал татаад байгаа цагт дэлгэрүүллээ, хөгжүүллээ гэж ярьж болохоор байгаа юм.

 

-Та өнгөрсөн сард “Говь, тал” чуулбар тоглолтоо хийсэн. Танд шинэ уран бүтээл хийх бодол байна уу?

-Би бол өөрийгөө үргэлж шинэ байгаа гэж боддог. Гэхдээ ийм замбараагүй олон ноот бичсэн хүн бүгдийг авъяасаараа хийх боломж байхгүй. Авъяас гэдэг чинь хязгаартай. Хүний авъяас эхний 10, 20 жил л үргэлжилдэг. Надаас хойш агуу хөгжмийн зохиолчид гарч ирнэ. Миний шавь Өлзийбаяр Италид хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцоод, гуравдугаар байр эзэллэж байна. Орост уралдаанд оролцоод хоёрдугаар байр эзлэж байна. Хөгжмийн зохиолоороо дэлхийд танигдаж байна. Энэ л надад хангалттай.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Heden uren saihanchdad talrhaad gamba aldaj dee Janzka.
2016-05-07