“Өнөр бүл” өнөө цагт ирнэ

“Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Эл төслийн хүрээнд монголын хуучны олон киног шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгох аж. Эхэнд нь 1980 онд бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны киног өнөө цагийн хэв маягаар шинэчлэн найруулжээ.
“Өнөр бүл” уран сайхны киноны зохиолыг Д.Дожоодорж бичиж, найруулагч Д.Жигжид найруулан 1980 онд кино бүтээл болгосон нь олон нийтийн хүртээлд ихэд нийцсэн гэдэг. Харин 36 жилийн дараа тус кино зохиолыг Т.Номуунзул шинэчлэн бичиж Соёлын тэргүүний ажилтан найруулагч С.Баттулга өнөө цагийн хэв маягт нийцүүлэн “Өнөр бүл өнөө цагт” хэмээн нэрлэж дэлгэцийн бүтээл болгожээ. Ингэхдээ Монгол орны хөгжил дэвшил, хүмүүс хоорондын харилцаа, санаандгүй нандин учрал зэргийг тодотгон дүрсэлсэн аж.
Энэ талаар найруулагч С.Баттулга хэлэхдээ “Би Д.Жигжид найруулагчыг давж гарах гэж, тэр чадварлаг уран бүтээлчтэй эн зэрэгцэх гэж энэхүү киног найруулсангүй. Зөвхөн хуучны киног шинэчлэн найруулах, сэргээх гэж л зорилоо. Дэлхийн кино урлагт олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан байна. Монголын киноноос 1985 онд Балжинням найруулагч, найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн. Тийм учраас хуучны сайхан монгол кинонуудаа сэргээн засварлаж, шинэчлэн найруулж олны хүртээл болгохоор ажиллаж байна” хэмээв.
Киноны уран бүтээлчид ийн ярьж байна.
Залуучууд зоригтой юм
АЖ Г.Мягмарнаран /Үйлдвэрийн даргын дүрийг бүтээсэн/
-С.Баттулга надад “бид ийм кино хийх гэж байгаа. Та энэ кинонд үйлдвэрийн даргын дүрд тоглож өгөөч” гэдэг саналыг тавьсан. Тэгэхэд нь би их гайхаж, цочирдсон. Тэгээд 1980-аад оны үеийн аварга уран бүтээлчид, тэр дундаа Жигжид найруулагчийн бүтээлийг энэ хүү барьж авч хийнэ гэдэг чинь юу билээ гэж эргэцүүлж бодлоо. Энэ хүүд чамлалттай харагдсан юм болов уу зэрэг сонин юм их бодогдсон. Энэ кинонд нь би оролцвол хүмүүс сайнаар хүлээж авахгүй дээ. Сүүлд нь яаж шүүмжлүүлэх бол гэж нэлээн шаналсан шүү. Гэхдээ надад нэг л зүйл сонирхолтой санагдсан. Урьд нь “Ардын элч”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” зэрэг хуучны киног барьж авч өнөө цагт шинэчлэн найруулсан нэг ч кино уран бүтээлч байхгүй. Залуу уран бүтээлчдийн тэр халуун зориг намайг өөрийгөө олон дахин ташуурдаж кинонд тоглоход хүргэсэн. Залуучууд үнэхээр зоригтой юм. Одоо дүүрсэн. Ямар болсныг мэдэхгүй л байна. Ямар ч байсан ичиж зовохгүй үзэхээр хэмжээний бүтээл болж чадсан байх аа.
Цэрмаатай үнсэлцэхдээ ичээгүй
Д.Баттөмөр /Гармаагийн дүрд тоглосон/
-Бидний аав ээж, ах эгч. Бид өөрсдөө ч аль хүүхэд ахуй наснаасаа л үзэж, хүмүүжиж ирсэн энэхүү сайхан киног үзээгүй, мэдээгүй 1990-ээд оны хүүхэд, залуучууд бий. Тэгэхээр үзэж байсан мэддэг нь харьцуулж үзэх, үзээгүй нь шинэ соргогоор хүлээж авах болов уу гэж бодож байна. Магадгүй 2050 онд бидний энэхүү киног залуу үе шинэчлэн найруулахыг үгүйсгэхгүй. Тэр үед Улаанбаатар, киноны үйл явдал өрнөх орчин цаг үе дахиад л шинэ болох нь тодорхой. “Шадар гурван цэрэг”-ийг хэдэн улс, хэдэн өөр өнгө аястай, хичнээн ангитай болгон шинэчилж, найруулагчид өөр өөрийн өнцгөөр харж дэлгэцийн бүтээл болгосон байдаг билээ. Түүнтэй адил энэ кино мөнхөрч маш урт цаг хугацааг туулаасай. Тэгээд найруулагчид шүүрч авч бүтээл хийгээсэй хэмээн бодож байна. Тийм болохоор ийм сайхан зохиол дээр ажилласандаа баярлаж байна. Жүжигчин Ч.Алтан-Өлзий гуай тухайн үед Цэрмаатай үнсэлцэхэд их ичсэн гэж хэлж байсан. Харин миний хувьд нэг их ичээгүй ээ/инээв.сур/.
Азаар Цэрмаад тоглосон
Б.Болормаа /Цэрмаагийн дүрд тоглосон/
-Би сэтгүүлч мэргэжилтэй. Кино багийн уран бүтээлчдийн шалгуулаад үзээч гэдэг саналын дагуу шалгуулаад азаар тэнцэж Цэрмаагийн дүрд тоглосон. Манай киноны баг маш сайн гар нийлсэн учраас энэ бүтээлийн ард би амжилттай гарсан. Урьд нь кинонд тоглож үзээгүй. Мэдээж би мэргэжлийн биш хүн учраас надад чадахгүй, мэдэхгүй зүйл их тулгарсан. Гэсэн ч найруулагчийнхаа зааврыг маш сайн дагасан учраас амжилттай зураг авалтаа дуусгаад байна. Киноны зураг авалтын талбайд суугаад л үгээ хэлэхээр намайг найруулагч “Чи нэг л нэвтрүүлэгч шиг яриад байна” хэмээж байсан. Үүнээс өгсүүлээд маш их асуудалтай байсан.
Тус кинонд нийт 150 гаруй уран бүтээлч оролцсон гэдгийг найруулагч С.Баттулга онцлов. Кино энэ сарын 15-нд нээлтээ хийж кино театруудаар гарч эхлэх нь ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ