Д.Баттөмөр: Болормаатай үнсэлцэхдээ ичээгүй
“Өнөр бүл өнөө цагт” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Тус киноны Гармаагийн дүрд тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрөөс дүрийнх нь талаар тодрууллаа.
-Гармаагийн дүрд таныг найруулагч юу бодож, ямар нүдээр харж сонгосон бол?
-Тэрийг найруулагч л мэдэж байгаа байхдаа. Киноны зохиол нь өөрөө инээдмийн. Тэгэхээр миний хувьд хуучин цагийн Гармаа ямар байсан вэ гэдгийг дуурайж давталгүйгээр орчин цагийн Гармаа ямар байх вэ гэдгийг өөрийнхөөрөө дамжуулж, өөрийн харсан өнцгөөрөө гаргахыг хичээсэн. Харин үзэгчид өөрийн дүнгээ тавих болов уу.
-1980 оны Гармаа, 2016 оны Гармаа хоёрын хооронд ялгаа их бий. Тэр бүхнийг гаргаж чадав уу?
-Бүхий л юм өөрчлөгдсөн байна. Би өөрөө 1980-аад оны хүүхэд. “Өнөр бүл” бол намайг төрөхөөс өмнө хийгдсэн кино. Тэр үеийн Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хот хоёр бол танигдахааргүй өөрчлөгдсөн. Тэгээд бас Гармаа хүнд тусархуу, маш сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Өнөө цагт ийм хүн байгаа юу гээд л зохиолын задаргаа хийгээд харахад хүртэл хүмүүсийн зан чанар хүртэл өөрчлөгдсөн байна шүү дээ.
-Хүнд тусархуу занг нь гаргахад хэцүү байсан гэж үү?
-Хэцүү гэхээс илүү худлаа болчих гээд байсан. Өнөө цагт ийм сэтгэлтэй, юманд тийм сэтгэлээрээ ханддаг хүн ховордсон. Тиймээс такси барьж явснаа замын хажууд зогсож байгаа эмэгтэйг хараад л машинаа зогсоогоод нөгөө эмэгтэйг авч яваад эмнэлэгт нь хүргэж өгөх тийм хүн байгаа юу гээд л найруулагч зохиолчтойгоо багагүй зөрчилдсөн. Урлаг бол хүмүүсийг соён гэгээрүүлж байдаг учраас ийм хүн байгаасай, олон байгаасай гэдэг санааг энэ дүрээрээ дамжуулан хүргэхийг зорьж ажиллалаа.
-Цэрмаа, Гармаа хоёр уулзаж чадалгүй нэлээд зөрөлддөг. Харин өнөө цагт уулзалдахгүй зөрөөд л байх боломж бага. Яаж шийдсэн бол?
-Тэрийг шийдэх гэж зохиолч, найруулагчид нэлээд ажилласан шүү. Хуучны кинон дээр наад зах нь гар утас байхгүй учраас шуудан дээр очиж холбоо барьж буйгаар гардаг шүү дээ. Гэтэл одоо бол хүмүүс интернет, утас гээд хоорондоо холбоо тогтоох маш амархан болсон учраас Гармаа, Цэрмаа хоёрын уулзалдахгүй байх нөхцөл жаахан хэцүү байсан. Гэхдээ болгосон/инээв.сур/.
-Алтан-Өлзий гуай “Цэрмаатай үнсэлцэхэд маш их ичсэн” гэж байсан. Танд ямар байв?
-Цэрмаагийн дүрд тоглосон Болормаатай үнсэлцэхдээ ичээгүй ээ/инээв.сур/.
-Цаг үе өөрчлөгджээ.
-Тийн. Гэхдээ өөр хэцүү хэсгүүд байсан. “Өнөр бүл” киноны зарим хэсэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон байдаг. Тухайлбал Гармаа бороонд нороод, гаднаас даарч орж ирээд шатар тоглодог зэрэг бэрхшээлтэй хэсгүүд байсан шүү. Цас ороод л, бороо ороод л эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд зураг авалтаа амжилттай дуусгалаа.
-Саваагүй асуулт. Та гэр бүлийн хүнтэйгээ үнэхээр адилхан. Хэрхэн танилцсан бол?
-Заяаны хань зам дээр гэдэг шиг л учирсан/инээв.сур/. Уран бүтээлч хүний гэргий байна гэдэг асар их тэвчээр шаарддаг байх. Миний өдий зэргийн амжилттай яваа нь ханьтай минь салшгүй холбоотой. Ар гэртээ санаа зовохгүй сэтгэл амар байж чадвал тэр уран бүтээлчээс чанартай уран бүтээл гардаг. Орой ажлаасаа тараад ирэхэд өөдөөс халуун хоол цай бариад, инээгээд угтдаг ханьтай байх сайхан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ