Жинхлэх тушаалыг МУЗА-гаар мялаасан жүжигчин

Г.Номуун: Би их азтай хүн
Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин Г.Номуунтай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Гэгээн муза 2016” наадмын нэг хүний жүжгийн төрөлд “Хатагтай Капульетта” жүжгээр өрсөлдөж муза хүртсэн юм.
-Өмнө нь уулзахад хоёр сарын өмнө жинхлэгдсэн гэж ярьж байсан. Жинхлэгдээд удалгүй муза хүртлээ. Их хувь тохиол оо?
-Харин тийм ээ. Театрт баргийн хүнийг жинхлээд байдаггүй. Би хоёр жилийн турш маш том шалгуурыг давж байж өнгөрсөн хоёрдугаар сард жинхлэгдсэн. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хүссэн газраа, хүндэлдэг, биширдэг хүмүүстэйгээ хамт ажиллаж байна. Тэгээд сайхан ханьтай, хөөрхөн хүүхэдтэй болсон. “Гэгээн муза” наадамд амжилттай оролцоод жинхлэгдээд удалгүй муза хүртлээ. Энэ бүхэн залуу уран бүтээлч миний хувьд маш том урам болсон. Үүнийгээ дагаад их хариуцлага ирсэн гэж би бодож байна.
-Хоёр жил дагалдан явжээ?
-Тийм ээ. Дагалдан жүжигчин гэсэн үг. Энэ хугацаанд их зүйлийг сурч авсан.
Жульеттад анх удаа тоглосон
-Муза хүртсэн “Хатагтай Капульетта” жүжиг ямар онцлогтой бүтээл байв?
-Би “Гэгээн муза” наадамд моно жүжгийн төрлөөр оролцоно гэж бодоод зохиол хайсан. Тэгсэн эмэгтэй дүртэй, нэг хүний жүжгийн зохиол болгож бичсэн бүтээл маш ховор байдаг юм билээ. Энэ төрлөөөр зохиолч бичдэг Нина Мазурын гурван зохиолыг нь би олсон. Тэр гурван зохиолыг уншиж байгаад “Хатагтай Капульетта”-г сонгосон юм. Сонгосон учир нь гэвэл энэ зохиол надад таалагдсан төдийгүй, миний насанд тохиромжтой санагдсан. Капульетта бол Жульеттагийн ээж. Тэр утгаараа “Ромео Жульетта” жүжгийг хүн болгон мэдэх учраас илүү ойлгомжтой байх болов уу гэдэг үүднээс сонгосон доо.
-Энэ жүжгийг Монголд анх удаа тоглосон байх аа?
-Миний хувьд бол анх удаа. Гэхдээ өөр газар тоглогдсон эсэхийг мэдэхгүй байна. Би “Гэгээн муза” наадамд зориулж энэ жүжгийг сонгож авч ажилласан. Театрын тайзнаа анх удаа тоглогдсон гэдэг утгаараа баяртай байгаа.
-Нэг хүний жүжиг, жүжигчнээс уран чадвар шаарддаг, хүнд төрөл гэдэг юм билээ.
-Хүнд шүү. Өөр жүжигчин байхгүй тайзан дээр зөвхөн ганцаараа тоглоно. Зөвхөн би л 40-60 минутын турш тайзан дээр байна. Шум, гэрлийн тусламжтайгаар дараагийн үйл явдал руу шилжин ордог. Тийм учраас жүжигчнээс маш өндөр ур чадвар шаарддаг юм билээ. Гадны орнуудыг харахад чадварлаг жүжигчид нь уран чадвараа ахиулахын тулд нэг хүний жүжгийн төрлийг заавал тоглосон байдаг юм билээ. Би энэ жүжиг дээр ажиллаад залуу хүний хувьд маш их зүйлийг ойлгож, сурж авсан.
-“Ромео Жульетта” жүжгийг ирэх намраас хоёр баг тоглоно гэж сонссон?
-Манай театр төлөвлөгөөний дагуу ажилдаг. Дюблор дүр гарсны учир нь хоёр баг ээлжлээд л тоглоно байх.
-Таныг О.Дөлгөөний дюблор жүжигчин гэж сонссон?
-Дэлхийн нийтийн жишгээр сонгодог жүжигт заавал дюблор жүжигчин байх ёстой. Манайд тоглогдож буй “Парисын дарь эхийн сүм” зэрэг том том жүжгүүд дандаа дюблор жүжигчинтэй байдаг. Хүнд юу ч тохиолдож болно. Аль нэг байдлаар жүжигчинд асуудал гарсан үед дюблор жүжигчин тайзан дээр шууд гарахад бэлэн байх ёстой. Тийм учраас би “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дюблор болсон.
-Жульеттагийн дүрд тоглож үзсэн үү?
-Манай театрынхан өнгөрсөн өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотод аялан тоглолт хийгээд ирсэн. Аялан тоглолтын үеэр би Жульеттад анх удаагаа тоглосон. Би “Ромео Жультта” жүжигт шалгуулсан. Тэгээд найруулагч маань зөвшөөрөөд дюблор жүжигчин болсон.
-Жульетта жүжигчин бүрийн л мөрөөдлийн дүр. Та тоглоод амжжээ.
-Тэгсэн. Ер нь театр гэлтгүй урлагийн мэргэжлийн болон зүгээр киноны жүжигчин ч Жульеттагийн дүрийг бүтээхийг хүсдэг. Хүн бүрийн хүсэж мөрөөддөг дүр. Манай театрынхан надад итгэл хүлээлгэсэн. Тийм учраас итгэлийг нь алдахгүйг хичээсэн, энэ дүрд тоглоход маш сайхан байлаа. Сайхан ч тоглолт болсон гэж бодож байгаа..
Ханьтайгаа хамт ажиллах сайхан
-Номуун анх СУИС-т шалгалт өгөөд унаж байсан юм билээ?
-Би багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Боддог байсан мөртлөө юу ч хийдэггүй байсан. Хүмүүс жүжигчний мэргэжлийг хараад амархан гэж боддог. Би ч гэсэн хэдий театрт ойрхон өссөн ч амар гэж бодож явлаа. Тэгсэн шууд “чи нэг уйл даа” гэхээр маш хүнд санагдсан. Тэгээд шалгуурт уначихсан. Түүнээс хойш жүжигчин болохын тулд маш их хөдөлмөрлөх ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд л ахмад уран бүтээлчидтэй уулзаад, ном сонин уншаад жилийн хугацаанд бэлдээд дахин шалгалт өгөөд тэнцэж орж байлаа.
-Тэр үед энэ миний сонгох мэргэжил биш гэж шантарч байв уу?
-Надад огт тийм бодол төрөөгүй. Харин манай гэрийнхэн бүгдээрээ “Жил алдаад яах вэ. Өөр сургуульд ор. Орох сургууль чинь бэлэн байна” гээд баяртай байсан. Тэгэхэд нь би “Үгүй ээ би заавал СУИС гэсэн энэ цагаан байшинд суралцмаар байна” гээд л чин хүслээ дагаад орсон доо.
-Зорьсон зүйлдээ тууштай тэмцжээ?
-Манай ээж хэлдэг юм. Аль нэг зүйлийг сонгосон л бол үнэнч байгаарай гэж үргэлж захидаг. Бас хөдөлмөрч. Энэ үгсийг сонсож, ийм хүмүүжлээр өссөн болохоор бодож санасан л бол, хийнэ л гэсэн бол ямар ч зүйл тохиолдсон хийх л ёстой гэж зорьдог.
-Ээж нь театрт олон жил ажиллаж байгаа юм билээ. Номуун театрт өссөн болов уу?
-Театрын шороог идэж өссөн гэж хэлж болно/инээв.сур/. Манай ээж энэ театрт бараг 30 гаруй жил ажиллаж байгаа. Тийм болохоор багаасаа театрын жүжигчдийг харж, биширч “ийм хүн болохсон” гэж мөрөөддөг байсан. Харин өнөөдөр ингээд мөрөөдсөн газраа ажиллаж, биширдэг жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Ийм том гэр бүлийн нэг гишүүн болсондоо сэтгэл өндөр байгаа.
-АЖ Н.Сувд өөрийн чинь мөрөөдлийн эмэгтэй гэсэн үү?
-Сувдаа багш Монголын бэлэг тэмдэг болсон хүн. Хүн болгон хараад Намсрайн Сувд гэдгийг нь мэднэ. Би хувьдаа Сувд гуайг төгс эмэгтэй хүн гэж хэлж болно гэж боддог.
-Ээжтэйгээ бас нөхөртэйгээ хамт ажилладаг. Үүний давуу тал гэж байна биз?
-Давуу тал ч байна, сул тал ч бий. Нөхөртэйгээ хамт ажиллана гэдэг чинь гоё шүү дээ. Манай нөхөр бас жүжигчин хүн учраас бие биенээ урьдаас нь хараад шүүмжлэнэ. Манай ээж ч гэсэн бараг насаараа шахуу театрт ажилласан хүн болохоор жүжигдчээс дутахааргүй шүүмжлэгч. Ер нь хамгийн хатуу шүүмжлэгч миний ээж. Бас гурвуулаа энд ирчихээр гэр эзгүйрэх, ар гэртээ анхаарал хандуулж чадахгүй асуудал ч бий. Гэвч нэг амархаараа гурвуулаа амарчихна. Нэг ажиллахаараа гурвуулаа ажилна. Ер нь сайхан.
-Хоёулаа теарт ирчихээр хүүг нь хэн харж байна вэ?
-Манай хүүхэд их мундаг. Жаахан ч гэсэн аав, ээж хоёрынхоо мэргэжлийг маш сайн ойлгодог. Театрын хүмүүжлээр өссөн гэдэг ч юм уу ямар ч байсан орчноо дагаад нэг тийм ааштай биш тайван. Гэр бүлийнхэн бүгд л миний мэргэжлийг ойлгодог болохоор аав, эмээ, өвөө нь цаг заваа зохицуулаад л “өнөөдөр би хараад өгье” гэдэг юм. Гэр бүлийнхээ дэмжлэгээр хүүхдээ сайхан л өсгөж байгаа.
-Тараад очиход нь их баярладаг байх даа?
-Өө ёстой инээгээд л, баярлаад л угтдаг юм. Миний хүү чинь мундаг аа.
-Номуун хэр сайн эзэгтэй вэ?
-Ажил ихтэй ч гэсэн сайн эзэгтэй байх нь миний үүрэг. Тийм учраас өглөө нөхрөөсөө арай эрт босно. Орой цуг орж ирсэн ч гэсэн хурдхан шиг хоолоо хийгээд, хувцсаа угаагаад, хүүхдээ хараад л. Аль болох зохицуулаад сайн эзэгтэй байхыг хичээдэг. Хүн болгон надаас “Та хоёр гэртээ ч хамт, ажил дээрээ ч хамт. Уйтгартай биш үү" гэж асуудаг. Үгүй ээ. Надад бол хамтдаа л байвал гоё, хамтдаа л байвал улам илүү жаргалыг мэдэрдэг. Амьдралынхаа ханиар сонгоод насан туршдаа амьдрана гэж сонгосон хүнтэйгээ ямар ч нөхцөлд хамтдаа л байх гоё.
Хатны дүр бүтээхийг хүсэж байна
-Залуу жүжигчний хүсэл, мөрөөдлийг хуваалцмаар байна.
-Цаашдаа маш их зүйлийг хийхийг хүсч байна. Энэ том шагналаас маш их урам авсан. Нэр хүндтэй шагнал авчихаад зүгээр суугаад байж болохгүй. Бодсон зүйл олон байна. Түүнийгээ биелүүлсэн цагт хоёулаа дахиад эргээд уулзах болов уу. Мөн маш олон мөрөөдөл байна. Түүндээ хүрэхийн төлөөх жижиг жижигхэн зорилго байна. Тэрэндээ алхам алхмаар ойртоод, хүрээд л явж байна. Маш том мөрөөдөл ч бий. Мөрөөдөл гэдэг өөрөө маш том зүйл шүү дээ.
-Ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Би залуу байна. Тийм болохоор маш олон уран бүтээлд ажиллах боломж гарах байх. Гэхдээ би Монгол хүн болж төрснийх Монгол хатны дүрд тоглох завшаан олдоосой гэж хүсдэг. Монгол болоод сонгодог жүжгийн сэтгэлд хоногшсоон дүр бүтээмээр байна. Тухайлбал “Гарын таван хуруу” киноны Шагдар гэхэд хүн бүрийн сэтгэлд хоногшсон байдаг шүү дээ.
-Театраасаа урвахгүй биз дээ?
-Би театрт дуртай биш хайртай. Орж ирэхэд үнэр нь гоё, хүмүүс нь гоё, тайзнаа гарч буй бүтээлүүд гоё. Тийм болохоор би театраас урвахгүй гэж бодож байгаа. Театрт орж ирэхээр гэртээ орж ирж байгаа шиг санагддаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ