Г.Ариунбаатар “Оны шилдэг дуучин” болов

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Засгийн газраас соёл урлагийн салбарын “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг 2008 онд баталсан. Уг журмын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулсаар ирсэн бөгөөд энэ жил 8 дахь удаагаа шилдгийг шалгаруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

 

Шалгаруулалтыг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз, дэлгэцийн зураач”, “Тайз дэлгэцийн жүжигчин”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг хөгжимчин”, “Оны шилдэг бүжигчин”, “Биет бус өвийг тээгч” гэсэн 7 төрлөөр явуулдаг. Шилдгээр шалгарсан уран бүтээлчид 3 сая төгрөгийн мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулав. Шагнал хүртсэн уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Ж.Сэнгэдорж: Киноны тухай хууль асар их хэрэгтэй


“Оны шилдэг тайз дэлгэцийн найруулагч”-аар “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан хэмээн үнэлж найруулагч Ж.Сэнгэдоржийг оны шилдгээр өргөмжлөв. Шагналаа гардан авсны дараа түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

 

-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Би үг хэлэхдээ маш тааруухан. Хийхдээ илүү болов уу гэж бодож байна. Юуны түрүүнд багшдаа их баярлалаа. Монголын урлагт маш их зүйлийг бүтээсэн том багш минь байлаа. Тэр багш минь өнөөдөр намайг харсан бол маш их баярлах байсан болов уу. Дараа нь 1998 оноос хойш надтай хамтарч ажиллаж, үргэлж миний кино группт явсан бүх кино уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлье. Энэ олон жилийн хугацаанд тооны төлөө явсангүй. Олон чанартай бүтээл хийх гэж зорьж ирлээ.

 

-Түүхэн киног хийх болсон шалтгаан юу байв?

-Бид үзэгчийн хойноос хангалттай хөөцөлдөж кино хийлээ. Гэхдээ хийгдэх ёстой. Гэхдээ үзэгчийн өмнө алхсан кино бид хийж байх ёстой. Тэгэхээр жилд багадаа 2 түүхэн кино хийгдэж байвал монголын кино урлаг хөгжих үндсэн суурь нь тавигдах юм гэж би бодоод байна. Түүхэн кино мэдээж асар өндөр өртгөөр босдог. Түүнийгээ дагаад үзэгчиддээ үзүүлж чадалгүй уналтанд ордог учраас шаталттай гэдэг утгаараа хийхгүй байгаа шалтгаан байна. Гэхдээ заавал зорьж хийж байх ёстой. Дороос гарч ирж байгаа залуу уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд илүү их дотоод руу чиглэсэн киног хийцгээе. Тэгж чадвал бид монгол киночид гэдэг өнцгөөрөө дэлхийн давцанд гарч чадах юм гэж бодож байна.

 

-“Босуул”, “Lovers” кино Каннын кино маркетед багтсан байна лээ?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Киноны продюссер, маркетингийн алба гэж тусдаа байдаг. Тэд хариуцаж байгаа. “Босуул” кино маань гадаадын хэд хэдэн кино фестивальд уригдаад очсон. Гэхдээ одоохондоо шалгаруулалтын түвшинд явж байгаа учраас одоохондоо би энэ талаар яримааргүй байна.

 

-Киноны тухай хуулийг та олж харсан уу?

-Киноны тухай хуулийн үндсэн гишүүд дунд би суусан. Тэр хуулинд кино бүтээгчдэд маань хэрэгтэй заалтууд тусгаж өгч байгаа юм билээ. Гэвч хууль гэдэг бол хууль байдаг. Бидний анх өргөсөн зарим зарим заалт өөрөөр шийдэгдсэн байна лээ. Тэр хууль монголын киночдод асар их хэрэгтэй. 

 

Г.Ганболд: Бийрээр бүтсэн морь минь хурдан байлаа

 


“Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар ҮДБЭЧ-ын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг чимэглэлийг бүтээсэн ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Г.Ганболд шалгарч “Мөнгөн мод”-ын эзэн боллоо.

 

-Танд баяр хүргэе. Чуулгын найруулагч тайзны зураачын шагнал хүртлээ.

-Театрын тайзны урлагт ажиллана гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Мэдээж маш олон хүний хүч хөдөлмөр зэрэгцэж байж уран бүтээл бий болдог. Энэ удаагийн шагналыг хүртсэндээ би маш их баяртай байна. Энэ цом миний авч байгаа хоёр дахь цом. Би хос морьтой. ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч бас давхар тайзны зураач хийдэг. Тэгээд “Оройн дээд” дуулалт жүжиг маань “Гэгээн муза” наадмаас шилдэг тайзны зураачын шагналыг надад авчирсан. Энэ удаад ч энэ төрлөөр шагналын эзэн боллоо. Тэгхээр хос морины маань нэг, будаг бийрээр бүтсэн морь маань дэндүү хурдан байлаа. Миний морины уяа сойлгыг тааруулцаж байдаг зураач андууд, хамт олондоо баярлалаа.

 

-Энэ жил ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-ҮДБЭЧ-ын төлөвлөгөөт уран бүтээлүүдэд тодорхой хэмжээгээр оролцож ажиллана. Энэ жил манай чуулгын хамт олон залууст зориулсан орчин үеийн мюзикл тавих төлөвлөгөөтэй байгаа. Энэ бүтээлийн найруулагч, зураачаар давхар ажилана.

 

Р.Анхням: Киночдын төлөө амьдралаа зориулна

 


“Оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн СТА жүжигчин Р.Анхням тодров.

 

-Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ миний шагнал биш. Энэ бол монголын киночдод ирж байгаа шагнал. Зах зээлийн үед кино урлаг нэг хэсэг уналтанд орж хэлсэн. Гэсэн ч манай киночид өөрсдийн бор зүрхээр энэ бүгдийг даван туулж маш хурдан амжилтад хүрч байгаа гэж би боддог. Киночиддоо амжилт хүсье.

 

-Дахиад гадны кинонд тоглох уу?

-Яг одоо бол би Монголынхоо кино уран бүтээлд оролцон тоглож байна. Мөн гадны өөр уран бүтээлд тоглохоор гэрээ хэлцэл хийгдээд ажил явагдаад эхэлсэн байгаа. Тухайн үед нь танилцуулна аа. Бид их азтай цаг үед төрсөн жүжигчид. Бид өөрсдөө хичээж, зүтгэж чадвал дэлхийн хаана ч очиж өөрсдийгөө таниулж мэдүүлж болохоор цаг үе иржээ. Тийм болохоор залуу үед маш сайхан дардан зам нээлттэй байгаа гэж би бодож байгаа.

 

-Та хэлж байсан. Монгол жүжигчдийг дэлхийд танигдахад туслана гэж?

-Би олон уран бүтээлчдийг Хятадын гэлтгүй өөр бусад орны уран бүтээлч, найруулагч нарт танилцуулах ажлыг үе шат дараатайгаар хийж эхэлсэн. Олон уран бүтээлчдэд сайхан замыг нээж өгөхийг хүсэж байна. Үүний төлөө амьдралаа зориулна гэж би бодож байна.

 

Г.Ариунбаатар:  Монголынхоо сонгодог урлагийг дэлхийд түгээнэ

 


“Оны шилдэг дуучин”-аар МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа. Түүнийг ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуурийн дуулаачын төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртсэнийг онцолж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож буй юм байна.

 

-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Төрүүлж өсгөсөн ээж, аав болон намайг хүрээлж байдаг миний хайртай хүмүүс бүх урлагийнхандаа маш их баярлалаа. Би их олон хамт олонтой, олон хүмүүсийн хайр хүндэтгэлээр хүрээлүүлж явдаг хүн. Тийм учраас тэр бүх хүмүүст маш их баярлалаа л гэж хэлмээр байна.

 

-Цаашдаа сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө юуг хийж, бүтээхээр төлөвлөж байна ?

-Энэ онд Европ болон Америкид бие даасан тоглолтоо хийнэ. Мөн “Марийнский” театрт үндсэн дуучнаар ороод удаагүй байна. Эхний 5-6 дүрд дуулаад ажлаа хийж эхэлсэн. Цаашдаа дэлхийн өөр олон театруудад  монголынхоо сонгодог урлагийг түгээж явахын төлөө л ажиллана даа.

 

Х.Санчир: Залуу хүнд том урам өглөө

 


“Оны шилдэг хөгжимчин”-өөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсоноос гадна “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан Улсын Филармонийн хөгжимчин Х.Санчир шалгарав.

 

-Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ том шагналыг авахад тусалж дэмжсэн ажлын хамт олон, гэр бүл найз нөхөддөө бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгэл маш их хөдөлж байна.

 

-Залуу хүний хувьд цаашдын хүсэл, зорилгоо хуваалцах уу?

-Залуу хөгжимчин надад энэ үнэхээр том шагнал байлаа. Цааш цаашдын уран бүтээлд минь үнэхээр том урам өглөө. Тийм учраас илүү ихийг хийж бүтээхийг л зорино доо.

 

-Филармонд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Үндсэн ажилтнаар ажиллаад хоёр жил болох гэж байна. Би 2011 онд ХБК-д элсэн орж, Энхтуяа багшийн удирдлаган дор 2015 бакалаврын зэрэгтэй төгссөн. Энэ мэргэжлийг сонгоход зөвлөсөн, тусалсан миний нэг эгч байдаг юм. Тэр эгчдээ энэ завшааныг далимдуулаад баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Өнгөрсөн жил олон улсын оркестрын тоглолтод оролцсон тухайгаа хуваалцвал?

-Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсон. Тус арга хэмжээ “Эх орныхоо дуу хоолой болцгооё” гэдэг уриатайгаар зохион байгуулагдсан юм. Энэ том шагналыг хүртсэнийх би өөрийгөө тодорхой хэмжээгээр эх орныхоо дуу хоолой болж чаджээ гэж бодож байна.

 

Д.Саруул: Жизелийн дүрдээ хайртай

 


“Оны шилдэг бүжигчин”-ээр УДБЭТ-ын балетын жүжигчин Д.Саруул тодров. Тэрбээр 2015 онд П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта зэрэг дүрийг бүтээсэн.

 

-Танд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Намайг энэ мэргэжилд ХБК-ийн багш МУГЖ Н.Энхтуяа багш минь. Багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Өнгөрсөн жил томоохон тэмцээн уралдаанд явсан уу?

Би өнгөрсөн жил томоохон тэмцээн уралдаанд бол яваагүй. Бүтээсэн дүрүүдийг маань үнэлж өгсөн болов уу гэж бодож байна. Театр тоглогдож байгаа дэлхийн сонгодог болон үндэсний бүх бүтээлийн гол дүрд тоглосон.

 

-Таныг хар цагаан хунгийн дүрээр хүмүүс сайн мэднэ. Харин өөрөө аль дүрдээ илүү их хайртай вэ?

-Би бүх дүрдээ маш их хайртай. Жизелийн дүрдээ хайртай.  Анх би театрт гоцлол бүжигчнээр ороод “Хунт нуур” балетын хар цагаан хунд тоглож байсан. Би энэ дүрд тоглоно гэж бодож байгаагүй. Тоглосондоо одоо ч баярлаж, одоо ч өөртөө итгэлгүй илүү сайжрана даа гэж хичээдэг. Манай театрын хамт олон ирэх есдүгээр сард Дон Кихот балетыг шинэчлэн тавих болов уу. Тус балетад гол дүрд тоглоно гэж өөртөө зорилго тавьсан байгаа.

 

Б.Батболд: Уртын дууг сургах гээд зүтгэж л явна

 


“Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар Монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гару хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар чуулга”-ын уртын дууч Б.Батболдыг тодруулан, “Мөнгөн мод” цом, 3 сая төгрөгөөр тус тус шагнан, урамшууллаа.

 

-Соёлын биет бус өвийг өвлөн залгамжуулагч болсон танд баяр хүргэе.

-Би СУИС-ийг 1996 онд төгссөнөөс хойш уртын дууг заан сургах, өөрийн уран бүтээлийг туурвих үйлсэд зүтгэж явна. 2014 оны наадмыг 1 мянга орчим уртын дуучид нээж дуулахад багшилсан. Мөн өнгөрсөн онд Баянхонго аймгийн 2224 хүүхдэд гурван уртын дуу зааж баяр наадмыг нээж дуулуулсан. 2013 оноос хойш “Улаанбаатар чуулга” дээрээ уртын дуу мэддэггүй ч сурахсан гэсэн хүсэлтэй хүмүүст уртын дууг зааж 30 дахь дуугаа 4 дэх жилдээ зааж, сургаж явна.

 

-Ер нь хүүхдүүд уртын дуу сурах хэр сонирхолтой байна вэ?

-Сонирхоно оо. Бүгдийнх нь мах цусанд нь үндэсний урлагаа хөгжүүлэх,сурах гэсэн хүсэл байдаг. Гол нь энэ хүслийг нь өрдөж өгөх юм бол сурахгүй монгол хүн гэж байхгүй. Монгол хүн бүр уртын дууг сурах боломжтой. Ер нь залуу хойч үе маань ч гэсэн уртын дуугаа сурахыг маш их эрмэлзэх болсон байна. 20-иод жилийн өмнө намайг СУИС-ийн оюутан байхад уртын дууг сонирхдог мэддэг оюутан 6-7-оор л тоологдож байсан бол одоо бол нэг ангид 20 хүүхэд сурч байна.

 

-Таны дүү Батмэнд ҮДБЭЧ-ын уртын дууч. Танайхан гэр бүлээрээ соёлыг өвийг тээгч болжээ?

-Манай дүү 5 жилийн өмнө энэхүү наадмын “Мөнгөн мод” цомыг “Оны шилдэг дуучин”-аар авч байсан. Энэ удаад би хүртлээ. Ингэснээр манай гэр бүлд ийм цом хоёр боллоо. Би хүүхдүүдэдэ уртын дуу, морин хуур, ерөөл магтаал зэргийг уламжлал болгохсон гэж боддог. Миний том хүү морин хуурч. Бага маань бас хуур сурч байгаа. Энэ мэтчилэн соёлын өвийг залгамжилж, түгээн дэлгэрүүлэх, уртын дууг зааж сургах гэж зүтгэж л явна даа.

 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
munhnaran eej munhnaran eejew
2016-05-25
bayar:
Iim saihan humuus mongold mini bainaa baina
2016-05-25