
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг ховор металл, элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа.
Уг асуулгад “Өндөр технологийн салбарууд эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хэрэглэгч орнуудад ховор металл, элементийн эрэлт өсч, үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж байна. Гадаадын зарим орноос эдгээр ашигт малтмалыг импортлох, хамтран ашиглах талаар өөрсдийн сонирхолоо манай улсад илэрхийлсээр байна. Энэ нөхцөлд Монгол Улс ховор металл, элементийг цаашид хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай хэмээгээд дор дурьдсан асуултад Засгийн газрын тэргүүнээс хариулт авахыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.
1/ Манай улсад ховор металл, элементийн хайгуул, олборлолт, ашиглалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тогтоох зэрэг асуудлыг төрийн ямар байгууллага эрхлэн гүйцэтгэж байгаа;
2/ Өнөөгийн байдлаар манай улсад ховор металл, элементийн судалгаа, шинжилгээний ажил хэрхэн хийгдэж ирсэн, ямар түвшинд байгаа, цаашид ямар зорилтын хүрээнд үргэлжлэн хийгдэх;
2/ Дээрх судалгаа, шинжилгээний үр дүнд одоогийн байдлаар манай улсад ховор металл, элементийн хэдий хэмжээний нөөцтэй гэж урьдчилан дүгнэгдсэн, томоохон нөөцтэй ямар орд, илэрцүүд байгаа, тэдгээр нь Монгол орны аль хэсэгт оршдог;
3/ Одоогийн байдлаар дотоод, гадаадын хэдэн компани албан ёсоор ховор металл, элементийн нарийвчилсан хайгуулыг ямар ордод хийж байгаа, түүний үр дүн, олборлолт хийж байгаа бол хэдий хэмжээний бүтээгдэхүүнийг жилд гаргадаг, хааш нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэг;
4/ Ховор металл, элементийн хайгуул, ашиглалт, борлуулалт, тухайлсан татварын талаарх асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж байгаа, эрх зүйн орчин нь хир бүрдсэн;
5/ Ховор металл, элементийг цаашид хэрхэн ашиглах талаар гадаадын улс орнуудтай ямар түвшний харилцаа үүсгэх бодлого баримталж байгаа;
6/ Нөөц нь тогтоогдсон ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтооход барьж байгаа бодлого;
7/ Ховор металл, элементийг хэрхэн олборлох, ашиглах, үйлдвэрлэх зэрэг асуудлаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн тусгай бодлого гаргах талаар одоо ямар ажил, төслүүд, хаана хийгдэж байгаа, түүний явц байдал, Улсын Их Хурлаар ямар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа зэрэг асуултыг асууж УИХ-ын нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй хариулт авахыг хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ