Ч.Алтан-Өлзий: С.Баттулга биднийг доромжилсон

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ч.Алтан-Өлзийтэй уулзаж, ярилцлаа.
-Та “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийнэ гэж хоёр жилийн өмнө ярьж байсан. Залуучууд урьдчих шиг боллоо.
-Би энэ тухай их олон жил бодож явсан. Би 1966 онд Драмын театрт тайз засагчаар ажилд орсноос хойш 50 жил урлагт зүтгэжээ. Цаг хугацаа тун амархан юм. Энэ хугацаанд би 60-аад кино, 120 гаруй жүжигт тоглосон байх юм. Тэгээд би энэ 50 жилийнхээ ойд зориулж “Өнөр бүл” киноныхоо хоёрдугаар ангийг хийе гэсэн бодолтой олон жил зүтгэлээ. Гэвч орчин үед кино бүтээхэд хөрөнгө мөнгөний асуудал хүнд юм. Намайг ингэж явах хооронд залуучууд “Өнөр бүл өнөө цагт” гээд кино хийчихэж. Кино ч гэж дээ, мэдэхгүй.
-Та сэтгэл дундуур байгаа юмаа даа?
-Хүн уламжлал гэдэг зүйлээ байнга бодож байх ёстой. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй. Бид уламжлал гэдэг зүйл дэрээ дөрөөлж гарах ёстой болохоос биш гишгэж, нулимчихаад шинэ юм бүтээнэ гэж байхгүй. Дожоодорж, Жигжид, АЖ Долгорсүрэн, Бадамгарав, Цэнд-Аюуш зэрэг алтан үеийн сайхан уран бүтээлчдийн дэлгэцэнд мөнхөлсөн тэр бүтээл өнөөгийн энэ залууст нулимагдхаар болчихсон юм уу. Тийм болохоор залуус өнөөдөр шинэчлээд байгаа юм уу. Би үүний эсрэг байгаа учраас жинхэнэ бодитоор кино гэж ямар байдаг юм бэ, мэргэжлийн үүднээс хүн кинонд яаж хандаж, сэтгэл зүрхээ зориулдаг юм бэ гэдгийг л харуулмаар байна.
Би өөрийгөө худалдаж үзээгүй
-Найруулагч С.Баттулга хэлэхдээ хуучин зохиолоо дахин шинэчлэх хувьсал явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй гэж байсан?
-Үүнийг би доромжлол гэж ойлгож байгаа. Уран бүтээлд амьдралаа зориулсан бидэн шиг улсад энэ их хүндээр тусах юм билээ. Муухай юм байна. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны сайхан киног дахиж хийх юм гэнэ лээ. Энэ кинонууд хальсанд мөнхөрсөн тэр чигтээ байгаараараа байж яагаад болохгүй юм бэ. Тоглосон жүжигчид дүрээрээ яагаад мөнхөрч болдоггүй юм. Алтан үеийн уран бүтээлчдийн хийсэн кино яагаад өнөө үеийн залууст гологдох болсон юм. Ухамсар нь доройтсон залуус биднийг доромжлох болсон нь надад сэтгэлийн хүнд дарамт болж байна. Тийм учраас би тэр олон киног дахиж сэргээж, өнөө үед авчирч хийнэ гээд байгааг эсэргүүцмээр байгаа. Өнөө үе нь ямар сайхан болчихоод алтан үеэ доромжлоод байгаа юм бэ гэж л асуумаар байна.
-Баттулга найруулагч таныг энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж байгааг мэдэлгүй киноны ажлыг эхлүүлсэн гэж байсан?
-Киногоо хийгээд 60 хувьтай явж байхдаа бидэнд хэлсэн. Би хувьдаа намайг доромжилж байна гэж ойлгосон. Киноны маань эзэн нь байхгүй юм даа. Хэрэв Д.Жигжид гуай байсан бол энэ залуучууд арай ч ингэж зөвшөөрөлгүй авч зориглохгүй л дээ. Эзэн нь байхгүй юманд дураараа гар дүрдэг л юм байна. Дожоодорж зохиолчын Эрдэмээ гэдэг хүү бий. Тэр хүүхэд надтай ирж уулзсан юм. Тэгсэн “Монгол кино нэгтгэл”-ээс хүмүүс ирээд аавын чинь зохиолоор кино хийх гэсэн юм гэж л дээ. Хүү зөвшөөрөөгүй гэсэн. Тэгсэн мөнгө өгье гэсэн байгаа юм. Сүүлдээ найруулагч С.Баттулга нь надруу утасдаад “Танд мөнгө өгье” гэсэн. Үүнийг нь сонсоод үнэхээр бөөлжис хүрэх шиг болсон. Би 50 жил урлагт зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Тэгэхэд тэр залуу намайг худалдаж авах гэж үзсэн. Ямар сонин ёс суртахууны доголдолтой зүйлийг өтөлсөн хойноо үзэв дээ гэж өөртөө гутарсан. Хамгийн муухай нь энэ.
-“Өнөр бүл өнөө цагт” киног та үзсэн үү? Яагаад доромжилсон гэж үзэх болов?
-Намайг нээлтэн дээрээ урьсан. Би очоогүй. Анхнаасаа тэр киног хүлээн зөвшөөрөөгүй. Боловсрол суваг телевизээс нэг нэвтрүүлэг хийсэн юм. Би юу болох гэж байгааг нь мэдэхгүй очсон чинь киноныхоо тухай ярьсан. Тэр нэвтрүүлэгт нь би “Та нар ахмадуудыг доромжлоод байгаа юм уу. Ямар бөх зүрхтэй юм бэ” гэж хэлсэн юм. Тэгсэн яг тэр хэлсэн үгийг телевизээр гаргахдаа хасчихсан байна билээ. Харин залуучууд ийм кино хийх гэж байгаа юм байна гэж ярьсан богинохон хэсгийг оруулсан байгаа юм. Тэгсэн хэр нь миний чин үнэн бодлыг маань хасаж өргөн олонд цацсан. Энэ л муухай.
-Нэгэнт л “Өнөр бүл” киноны хоёрдугаар анги хийгдчихлээ. Та дахиад хийх шаардлага байна уу? Сайхан кино утгаа алдлаа.
-“Өнөр бүл өнөө цагт” кино үзэгч олонд таалагдаагүй бололтой юм. Би хийнэ гэж ярьж явсан болохоор хүмүүс намайг хийсэн гэж ойлгоод их шүүмжлэлтэй хандаж байна. Хөдөөнөөс хүртэл залгаад чи ямар балай юм хийгээ вэ гээд зэмлэнгүй хандаж, холбогдож хэлж байна. Тэр хүмүүст хэлэхэд энэ миний кино биш. Биднийг хийх гээд зүтгэж явах хооронд мөнгөтэй хүмүүс урьтаад хийчихэж. Би өөр зүйл хийж байгаа. Удахгүй та бүхэндээ тайлагнана гэж хэлмээр байна. Одоо би хөгшин хонины насгүй боллоо. Нэгэнт эхлүүлсэн юм чинь энэ бүтээлээ сүүлд үр хүүхэд минь дурсахаар чанартай хийчихээд буцахсан гэж л хүсэж байна.
Гармаа, Цэрмаагийн түүх үргэлжилнэ
-Ер нь та яагаад энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж зорьсон юм бэ?
-УГЗ Х.Дамдин гуай манай киноны ерөнхий найруулагчаар ажиллана гээд хоёр жил надтай хамт явсан. Харамсалтай нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлчихлээ. Гэхдээ бид алтан үеийн уран бүтээлчдийнхээ дурсгалыг хүндлэх үүднээс хийх ёстой, хийх хийхдээ маш сайн, чанартай хийх хариуцлага бидэнд ноогдож байгаа. Би ахмадуудаа л их хүндэлсэн юм. УГЗ, Төрийн шагналт, Зууны манлай найруулагч Д.Жигжид, Төрийн шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн байна. Энэ хүмүүс маань тэр киног үнэхээр сэтгэл зүрхнээсээ хийсэн учраас өнөө болтол 36 жил ард түмний сэтгэл зүрхэнд уяатай яваа. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ сэтгэлийн сайхан ноён нурууг үргэлжлүүлэх юмсан гэж хоёрдугаар ангийг бүтээе гэсэн юм. “Өнөр бүл”-ийнхээ жинхэнэ хоёрдугаар анги, Гармаа, Цэрмаагийн үргэлжлэлийг жинхэнэ утгаар нь амьдруулна.
-Таны кинонд 36 жилийн өмнөх үйл явдал үргэлжлэнэ гэсэн үг үү?
-Тиймээ. Гармаа 36 жилийн дараа хэрхэн аж төрж байгааг, хоёр ихэр хичнээн том залуус болсныг харуулах юм. Киноны зохиол, жүжигчин, хамтран ажиллах продакшн бүгд бэлэн. Одоо харин хөрөнгө санхүү нь байвал найруулагч маань төлөвлөгөөгөө гаргаад л киноны ажил эхэлнэ дээ.
-Хоёр ихрийн дүрд ямар хүмүүс тоглох вэ?
-Бид ихэр хүмүүсийн дунд судалгаа хийж үзсэн. 36 орчим настай хоёр ихэр цагдаа байдаг юм байна. Тэр хоёрыг тоглуулах гэсэн чинь нөгөө хоёр маань надаас илүү кино мэддэг юм байх аа. Жаахан зөрчилдөөд. Тэгээд өөр ихрүүдийг тоглуулахаар болсон. Ихэр хүмүүс олон ч кинонд тоглоод өгөөч гэхээр чадахгүй байх аа гээд байх юм билээ.
-Гармаа, Цэрмаа яг өөрсдөө тоглох юм биз ээ?
-Тэгэлгүй яахав. Манай Чулуунцэцэг, Цэнд-Аюуш зэрэг 36 жилийн өмнө тоглож байсан жүжигчид өөрсдөө тоглоно. Эд минь нэг дүрээр ч болтугай амьддаа үг хэлээ, сэтгэл зүрхээ ард түмэндээ хэлэг л дээ. Гэхдээ би оройтсон. Уучлаарай үнэхээр оройтсон. Энэ бол миний буруу. Олон сайхан хүн энэ кинонд оролцон тоглох байсан. Тэд минь намайг хүлээж чадалгүй бурханы оронд одсон. Энэ миний буруу. Ард түмнээсээ би уучлал гуйх ёстой. /уйлав.сур/.
Д.Зоригт сайд тусална гэсэн
-Сайхан кино хийхэд хөрөнгө шаардлагатай байна гэсэн. Хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?
-Одоо надад 250-аад сая төгрөгийн хэрэг байна. Тэгээд надад энэхүү киног ард түмнийхээ дэмээр бүтээе гэсэн санаа төрж олон түмнээсээ тусламж хүсч байгаа юм. Боломжоороо надад туслаач гэж гуйж байна. Өөрсдийнхөө хүчээр цуглуулсан 20 сая төгрөг бидэнд одоо байна. Нэмээд 230 сая төгрөгийн хэрэг байгаа юм. Бодоход их мөнгө боловч 200 мянган хүн мянга мянган төгрөг өгчихөд л энэ кино монголын ард түмний бүтээл болон мөнхөрч үлдэх юм. Би ард түмнийхээ сайхан сэтгэлд найдаж байгаа.
-250 сая гэдэг их мөнгө. Энэ мөнгийг юунд зарцуулах юм?
-Хамгийн их мөнгө орох зүйл бол техник. Киноны зураг авах камер, киногоо монтажлах, бүрэн болгох, угсрах зэрэг ажилд л мөнгөний 40 хувь явна. Тэгээд бас би жүжигчиддээ, Цэнд-Аюушдаа 5 сая төгрөг өгмөөр байна.
-Том компани сайн кинонд гар татдаггүй гэдэг. Уулзаж үзсэн үү?
-Одоо тэр компаниудад хандаж, уулзаж ярилцана. Сэтгэлийн дэм хэрэгтэй л байна. Өчигдөр хүртэл би Зам тээврийн сайд Д.Зоригт гэдэг хүнтэй телевизийн ярилцлагад орлоо. Тэр хүнд хүсэлтээ хэлсэн чинь туслана гэж байна билээ. Тэгэхээр би үнэхээр болно, бүтнэ гэдэгт итгэж сэтгэл дүүрэн байгаа. Болно болно болно. Болохгүй юм байхгүй гээд энэ шүлэг л надад нэг жаахан сэтгэлийн тэнхээ өгч байна даа. Болно оо болно.
-“Үхэж үл болно Чингис хаан” киног Эрдэнэбулган гуай ард түмний хандиваар хийсэн. Дараа нь муу кино хийлээ гэж нэлээдгүй шүүмжлүүлсэн.
-Тэр чинь миний амьдралын туршлага байхгүй юу. Тийм учраас би энэ киног хийхдээ шүүмж хэлэхээргүй чанартай хийх гээд л энэ олон жил хөөцөлдөөд яваад байна. Би хуучин юмыг давтаж байгаа биш цоо шинэ зүйл хийж байгаа учраас зоригтой байгаа. Эрдэнэбулган Чингис хааны тухай кино хийгээд ард түмэнд муулуулсан. Урд нь Чингисийн тухай хичнээн кино хийгдсэн билээ. Тэр бүгдтэй шүүлтэд орж, шүүмжлэл дагуулсан хэрэг. Харин “Өнөр бүл” киноны хоёрдугаар анги бол жишиж зүйрлэх адил бүтээл байхгүй. Одоо хийгдээд байгаа “Өнөр бүл өнөө цагт”-тай л шүүх байх. Тэрнээс “Өнөр бүлийн Гармаа” гэдэг миний энэ бүтээл бол ерөөсөө л ганц. Тэгэхээр би шүүмжлүүлнэ гэж сэтгэл зовохгүй байна.
-Ямартайч таны уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа. Надад энэ киног дээд цэгт нь хүртэл хийх хүсэл эрмэлзлэл л байна. Миний тэнхээ хүрэх нь үү үгүй юу. Ямартай ч чи маргааш үхнэ шүү гэж өөртөө зорилго тавьж үүнийг би хийнэ.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ