Иргэд “Сайн хашаа”-ндаа сайхан амьдарна

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг өнгөрсөн тавдугаар сард баталсан билээ.
Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх юм.
Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг арван сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлнө.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэг, хэсгийн өрх айлууд бие даасан инженерийн дэд бүтэцтэй болж, амьдрах нөхцөл сайжрахаас гадна орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Тиймээс энэхүү хөтөлбөрийг ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн хэрэгжүүлж аймаг,нийслэлийн гэр хорооллыгинженерийн дэд бүтэцтэйамины сууц голлосон хороололболгон хөгжүүлж, ипотекийн 5хувийн зээлийн хөтөлбөрт хамруулах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа хөтөлбөрөөр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. байна. Энэ бол онцгой, чухал шийдвэр. Дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье” гэсэн юм.
Н.ЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ