“Сонгууль бол хүсээгүй хүүхэд”

“Сонгууль бол хүсээгүй хүүхэд” гэж нийтлэлч ахын хэлсэн үг ёстой байгаа оножээ. Нэр дэвшиж буй нөхөд хүсээгүй байхад бидэнд хайр зарлана. Өмнөөс инээмсэглэж найланхаатна, гар барьж саймжирна. Ер нь бол тэвэрч энхрийлэх нь л холгүй.
Хүсээгүй байхад өдрийн хэд хаалга тогшиж, хэдэн зуун саяар хэвлэгдсэн цаас тараана. Нэг нь уулзалтын урилга илгээсэн байхад нөгөө нь талархлын захиа явуулсан байх. Уулзъя, учиръя гэсэн уран гоё үгс урсаастай. Урилгыг нь хүлээж аваад, уулзалтад нь очлоо. “Өө бурхан минь” тэр надад ямар их хайртай юм бэ. Миний төлөө ажиллаж, зүтгэж, амьдарна гээд л ер нь бол заяаны минь хань юм биш үү. Өнөөдрийг хүртэл тэр их хайрыг анзаарч байгаагүй би ч... гэж хүртэл бодогдоход хүрч байх юм. Уулзалтаас гарахад
“Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” гэсэн дуу аяндаа л аманд орж ирж байна лээ.
Агуу их хайр зарласан, хүсээгүй бүхнийг тулгасан чилийсэн 15 хоног байна. УИХ болон НИТХ-д нэр дэвшиж буй нам, эвслийн төлөөлөл, бие даагчид гээд багадаа л 10 хүн надад хайр зарлах нь. Мөнгөтэйг нь сонгох уу, царайлагийг нь дугуйлах уу. Уг нь бол хүний энэ их хайрыг мөнгө, царайгаар нь үнэлэх нь жаахан эвгүй л юм. Гэхдээ мөнгөтэй нь цалин, татвараас маань бага хумсална, царайлаг нь төрийн танхимд өнгө нэмнэ гээд л эерүүлчихье. Угаас боловсролгүй хүн байхгүйм чинь, ядаж л аль нэг сургуулийн диплом худалдаад авцан байгаа. Улстөрчийн туршлага, зангараг уу, за яахав эхний нэг жил “цонхоо нээгээч” гээд л сууна биз.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ