Чингис бондын хөрөнгөөр улсаа дэд бүтэцтэй болгосон

Ч.Сайханбилэг: Чингис бондын хөрөнгөөр иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон
Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд дэлгэж, ард иргэддээ танилцуулах арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болж байна.
Чингис бондын хөрөнгөөр иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон, 6,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бололцоо бий болгож, хуримтлал үүсгэсэн, хэрэглээ шүтдэг биш хуримтлалд суурилсан эдийн засагт шилжих эхний алхам хийгдсэн, хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг монголчууд бид өөрсдөө хийж, ирээдүйгээ бүтээн байгуулах замд шилжиж чадсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр хэлсэн билээ.
Тэрбээр “Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан дотоодын үйлдвэрлэгч, 160 компани өнөөдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Сүүлийн үед өрийн асуудлыг байнга ярьж байна. Гэхдээ бид төсвийн хөрөнгө оруулалтаараа олон жил явбал хөгжиж, дэвшихгүй энэ хэвээрээ л байна. Дан ганц татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг, төсвийн хөрөнгө оруулалтаар улс орон хөгждөггүй. Ер нь дэлхийд хөрөнгө, санхүүжилт босгож хөгжлөө хурдсгадаг, ирээдүйнхээ орлогоос эргэж төлдөг санхүүгийн механизмыг хэрэглэдэг улс орон байхгүй. Хөгжингүй орнууд ч тэр, хөгжиж байгаа орнууд ч тэр бүгд энэ замаар явдаг. Тиймээс Монгол Улс байгалийн асар их баялагтай, хүн ам цөөтэй давуу талаа ашиглаад бид хөрөнгө босгож байна. Үүнийг дараагийн Засгийн газрууд ч үргэлжлүүлэн хийнэ. Дан ганц төсвөөрөө явахгүй. Хэрвээ бүрдэж байгаа төсвөөрөө амьдарна гэвэл бид дахиад 91 жил аймгийн төвүүд рүүгээ хатуу хучилттай зам тавихыг хүлээнэ. Тиймээс хөрөнгө босгож явах энэ ажлыг Засгийн газар цааш үргэлжлүүлнэ. Харин олсон хөрөнгөө эргэж төлөх чадвартай, шинэ орлогын эх үүсвэр бүрддэг салбарууд руугаа зарцуулах ёстой. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдөр зургаан их наядын хөрөнгө оруулалт болсон. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Үүнийг бид засч Монгол Улс бизнесдээ эргэн ирж байна гэдэг мессэжийг дэлхий дахинд хүргэх үүднээс Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнийг дагаад олон төсөл хөтөлбөр дээр гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Гуравдугаарт хөрөнгийн зах зээл. Бид хөрөнгийн зах зээлээ ойлгуулах үүднээс Засгийн газраас “Сайн хувьцаа” гэдэг хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Манай монголчууд хувьцаа эзэмшиж байгаа гэхээр цагаан, ягаан тасалбараараа нэг хууртагдсан. Дараа нь 1072 ширхэг хувьцаа олон жил мөнгөжиж чадахгүй явж байна. Тиймээс иргэддээ итгэл өгөх үүднээс 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргасан. Цаашдаа хөрөнгийн биржээр дамжсан, хөрөнгийн зах зээл босч, монголчууд хувьцаанаас ашиг олж болдог юм байна, хүнд хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулж болдог, үйлдвэр бусад бүх зүйлүүд босдог гэдгийг ойлгоно. Тэгэхээр улс, орны эдийн засгийн хөгжлийн суурь гурван зүйл гурвуулаа ажиллаж байж Монгол Улсын хөгжил хамгийн хурдтай явна. Тиймээс Засгийн газрын эхлүүлж байгаа энэ ажлууд үр дүнгээ өгч байна гэдгийг харуулахын тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа” гэлээ.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ЮУ ХИЙГДСЭН БЭ-
Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 4.9 их наяд төгрөгийн дүн бүхий санхүүжилтийг төсөл хөтөлбөрүүдэд олгожээ.
Санхүүжилтийг салбараар ангилж үзвэл, авто зам, бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг олгосон байна. Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгожээ.
Цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын авто зам, дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил, эерэг өөрчлөлтүүд бий болсон юм.
Тухайлбал, 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийт 2,087.0 км авто зам барьж 5 аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд 5 аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна.
Эрчим хүчний салбарт бондын хөрөнгөөр ТЭЦ III, IV станцыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгдээд байна.
Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг бий болгох 69 төслийг санхүүжүүлэн нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 орчим га газраар нэмэгдүүлсэн юм.
Бодитой үр дүн, тав тухтай орчин бүрдүүлэх хүрээнд Буянт ухаа I, II, Шинэ яармаг зэрэг томоохон цогцолбор хороололбаригдаж эдгээр болон бусад төсөл арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн тохилог орон сууцтай болж, улмаар Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөөгөө үзүүллээ.
Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд дунд, урт хугацаанд манай улсын экспорт төрөлжин, дотоодын үйлдвэрлэлд суурилсан тогтвортой хөгжлийн эхлэл тавигдаж Монголчууд үйлдвэрлэгч орон болно. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн хувьд дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай, орлоготой болсон байна.
-ЗЭЭЛЭЭРЭЭ ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ БАЙНА-
“Люксвүүд хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан:
Манай компани Хөгжлийн банкнаас 4,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлээрээ “wpc” гээд мод, хувцанцарын нийлмэл материалын үйлдвэрийг үе шаттайгаар ашиглалтад оруулж байна. Манай компани гадна тохижилт, төсөл, борлуулалт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөгжлийн банкнаас зээл авсанаар Монголдоо үйлдвэрээ барьж байна. Өмнө нь гаднаас бараагаа оруулж ирдэг байсан. Одоо бид үйлдвэрлэх гэж байна. Зээлийн хувьд эрсдлээ даагаад авчихсан. Гол нь эцсийн бүтээгдэхүүн борлуулах дээр Хөгжлийн банктай нягт ажилламаар байгаа юм.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ ҮЕД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛСОН-
“Хас гутал” ХК-ийн захирал М.Золзаяа:
Чингис бондын санхүүжилтээр Хөгжлийн банкнаас 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан. Зээлээрээ үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан. Одоо борлуулах ажил хийгдээд явж байна. Олон жилийн хугацаанд үйлдвэрлэл эрхэлж байгаа болохоор энэ зээл маш ач холбогдолтой зээл байсан. Хүнд үед маш их дэм болсон. Бид зээлээ төлөөд эхэлчихсэн. Гэхдээ дотоодод зах зээл тийм ч сайн биш байна. Тиймээс бид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаах чиглэлд ажиллаж байгаа. Ямар ч байсан үйл ажиллагаагаа зогсоохгүй ажиллаж байна. Өмнө нь гар ажиллагаа ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Тоног төхөөрөмж авснаар гар ажиллагаа багасаад, үүнийгээ дагаад ажлын хөлсний өртөг нь багасаад ирж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүний үнэ ч буурсан.
Н.ЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ