Рео Де Жанейро санхүүгийн онц байдал зарлав

img

Олимп зохион байгуулагдах хот санхүүгийн онц байдал зарлав. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо хэдхэн өдрийн дараа зуны XXXI олимпийн наадам эхлэх гэж байна. Бразилийн эрх баригчид олимп зохион байгуулах ажилд их хэмжээний мөнгө зарцуулж, тамирчид болон жуулчдад таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа ч хараахан амжилт олохгүй байна. Тэгвэл олимпийн наадам болох Рио Де Жанейро хот санхүүгийн онц байдал зарласан талаараа олон улсад мэдэгдлээ.

 

Хотын төсвийн алдагдал 5.5 тэрбум ам.долларт хүрч болзошгүй хэмээн хотын захирагч Франциско Дорнелле мэдэгдэв. Тэрбээр “40 хэдхэн хоногийн дараа зуны олимп нээлтээ хийнэ. Харамсалтай нь бид санхүүгийн хувьд томоохон бэрхшээлтэй нүүр туллаа” гэж хэлжээ.

 

“Рио-2016” олимпийг зохион байгуулах санхүүжилтын 40 орчим хувийг Рио Де Жанейро хотын захиргаанаас гаргаж буй гэнэ. Захирагч “Бид олимпийн наадмыг зохион байгуулахдаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ олимпийн наадмыг хүлээн авлаа гэх шалтгаанаар төр засаг бидэнд дарамт учруулж болохгүй. Санхүүжилтээс гадна олимпийн үеэр биднийг нийтийн тээвэр болон хамгаалалтыг бие даан хариуц хэмээн мэдэгдсэн. Энэ бүхэн дарамт учруулж байна. Бид санхүүгийн нөөцөө шавхахаас гадна нэмж өрөнд орох эрсдэл их байна. Олимпийн тоглолтыг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж дуусгахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер мэдэгдэхдээ “Рио хотноо болох олимпийн наадамд дэмжлэг үзүүлэх болно” хэмээн амласан билээ. Харамсалтай нь татварын орлого буурсан учир олимпийн тоглолтод Засгийн газар дэмжлэг үзүүлэх нь хүндрэл үүссэн болохыг тэрбээр өчигдөр мэдэгджээ. Газрын тосны үнийн уналтаас болж тус улс эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд ороод байна. Бразил улс 1930 оноос хойш нүүр тулаагүй томоохон эдийн засгийн хямралтай учрав. Олимп зохион байгуулах санхүүжүүлтийг хэн, хаанаас гаргах нь оньсого мэт байна. “Рио-2016” олимпийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай явж буйг тус улсын Спортын яамнаас мэдээлсэн аж.

 

Эдгээр бүтээн байгуулалт дундаас хийгдэж дуусаагүй томоохон бүтээн байгуулалтын нэг бол эргийн дагуух дөрвөн амралтын газрыг хотын төв дэх цэнгэлдэхтэй холбох метроны шинэ зам барих ажил юм. Уг ажил санхүүжилтийн улмаас гацаад буй бөгөөд нээлтээ хийх өдөр нь 14 хоногоор хойшилжээ. Албаны хүн “Уг ажил ирэх наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Санхүүжилтгүй болсон бүтээн байгуулалтын ажлуудаас болж олимпийн наадам хойшилж магадгүйг Дэлхийн олимпийн хорооны ажилтан мэдэгджээ. Харин уг мэдэгдлийн дараа “Рио-2016” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Марио Андрада “AFP” агентлагт “Бид бүхий л хүч чадлаараа ажиллаж байна. Тэмцээнүүд хуваарийн дагуу болох болно. Амлаж байна” гэж ярьжээ.

 

Бразил олимпийн наадмыг зохион байгуулснаар санхүүгийн хүндрэлээсээ гарч чадна хэмээн таамаглаж буй. Харин эдийн засагчид өөр бодолтой байна. Тэд олимпийн дараа Бразилийн эдийн засаг сэргэхгүй хэмээв. Учир нь зика вирусын улмаас тус улсыг зорин ирэх жуулчдын тоо 40 хувиар багасах төлөвтэй байгааг АНУ-ын Аялал жуучлалын яамнаас сануулсан. Зикагийн гол халдварын бүс нь Бразил улс юм. Мөн олимп болох Рио хотноо зикагийн халдвартай 1000 гаруй хүн эмчлүүлж байна.

 

 

Зика хэдий хүнийг шууд үхэлд хүргэдэггүй ч жирэмсэн эхчүүдэд аюул учруулж байгаа. Халдвартай эхээс сэтгэцийн өвчтэй ураг мэндэлж байна. Тус улсын хэмжээнд 1000 гаруй тархины хөгжилгүй хүүхэд мэндэлжээ. Мөн АНУ-д улсад халдвартай дөрвөн хүүхэд мэндэлсэн юм. Уг үйл явдлын улмаас АНУ болон Европын орнуудын эрх баригчид иргэдээ Бразил руу зорчихгүй байхыг уриалаад байна.

 

Бразилийн Спортын сайд өнгөрөгч долоо хоногт “Олимпиос өмнө зикагийн халдварыг зогсоох болно” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдээллийг ДЭМБ үгүйсгэж, “50-иад хоногийн дотор халдварыг бүрэн зогсоох эм, тариа гаргаж чадахгүй” гэжээ.

 

Зөвхөн вирусын халдварын улмаас хүний эрхийн асуудал мөн хөндөгдөж байна. Сэтгэцийн өвчтэй ураг мэндлэхээс сэргийлэн Бразил, Венеусэлийн удирдлагууд эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриалж, хориг үргэлжлэх хугацаанд жирэмслэхгүй бол урамшуулал олгохоо мэдэгдсэн бол Эль Сальвадор улсын удирдлагууд 2018 оны хоёрдугаар сар хүртэл эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон билээ.

 

Санхүүжилт, зикагаас гадна Бразилийн өөр нэг толгойн өвчин бол хэт даврагчид юм. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл “Рио-2016” зохион байгуулагдах цэнгэлдэх зэргийг дэлбэлэхээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Уг асуудалд Бразилийн Батлан хамгаалах яам болон Тагнуулын газар анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хэт даврагчид энэ амралтын өдөр твиттертээ “Рио Де Жанейро хотноо Парисын халдлагыг зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kub:
rio baikhaadaa
2016-06-20
Зочин:
Reo de jeneiro gej bichih uu
2016-06-20