Улаан чөтгөрүүд Манчестер Ситигээс хариугаа авлаа

img

Английн цомын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар шатны тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Манчестерийн хоёр клубын халз тулаан байлаа. Манчестерийн хамгийн сүүлийн дербид 6:1-ээр санаанд багтамгүй хожигдол хүлээсэн Манчестер Юнайтед энэ удаа Манчестер Ситигийн цэнгэлдэхэд зочлон тоглосон юм. Хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээсэнчлэн өнгөрсөн жилийн Премьер лигийн аварга Манчестер Юнайтед, Английн хөлбөмбөгийн холбооны цомын аварга Манчестер Сити клубууд үнэхээр үзүүштэй сайхан тоглолт үзүүлж чадлаа. Тоглолт талбайн эздийн давамгайлсан довтолгоогоор эхэлсэн ч ес дэх минутад Рүүни Валенсиагийн дамжуулсан бөмбөгийг мөргөж гоолдсоноор зочид тэргүүлж эхэлсэн. Үүний дараах дүр зураг Манчестер Ситигийн оноог тэнцүүлэхээр шуургалсан довтолгоо, Улаан чөтгөрүүдийн хамгаалалтаар үргэлжлэх ёстой байлаа. Гэвч тоглолтын дүр зургийг Компани эвдэж Нанигийн хөл рүү жийж орон улаан хуудсаар торгуулж талбайг орхисон юм. Ийнхүү талбайн эзэд хүнд байдалд орсон. Улмаар Уэлбекийн асар хүчтэй гуядалт тооны харьцааг 2:0 болгож Улаан чөтгөрүүд илт давамгайлж эхлэв. Энэ тоглолтод хөлбөмбөгийн хорхойтнууд, Улаан чөтгөрүүдийн фэнүүдийг хамгийн ихээр татаж байсан үйл явдал бол яахын аргагүй Пол Сколзын эргэн ирэлт байлаа. Хар багаасаа Манчестер Юнайтедын төлөө зүтгэсээр зодог тайлсан Пол Сколз сүүлийн хэдэн сарын турш өөрийнх нь тоглодог байрлал төрөлх багийнх нь ээлжит хожигдлуудын гол шалтгаан болж буйг зүгээр хараад сууж чадаагүй бизээ. Сэр Алекс Фергусон ч зөвхөн Сэр Алексын л гаргадаг гайхалтай шийдвэрүүдийн нэгийг гаргаж зодгоо тайлсан хамгаалагчаа ийнхүү дахин дуудсан билээ. Пол Сколз ч үг дуугүй багийнхаа төлөө дахин зүтгэхээр талбайд гарсан. Бүдэрсэн дээр нь улам бүдрүүлэхээр Уэлбек дээр хийсэн алдааных нь хариуг Рүүни пеналтаас нэмэлт цохилтоор гоолоор мялааж улмаар тооны харьцаа 3:0 болж тоглолтын үр дүн ойлгомжтой болсон билээ. Гэвч Роберто Манчинигийн цэргүүд эцсээ хүртэл зүтгэсээр тоглолтын төгсгөл рүү Агуэро, Коларов нар гоолдож тоог 3:2 болгосон. Гэсэн хэдий ч Пол Сколз, Андерсон, Райн Гиггз, Валенсиа, Гэррик нарын хамгаалагчид багийнхаа хожлыг авч үлдэхээр хичээж эхэлсэн тул Манчестер Сити яах аргагүй энэ тоглолтод хожигдол хүлээсэн юм. Хэдийгээр талбайд хүн дутуу, зочдын хамгаалалт хүчирхэг байсан ч эзэн багийнхан сайн тоглож тоглолтын хувь заяаг эргүүлэх шахсан. Ингэснээр Премьер лигт сүүлийн дербид ичгүүртэйгээр хожигдсоныхоо хариуг Улаан чөтгөрүүд дасгалжуулагчийн гайхалтай шийдвэр, домог болсон тоглогчийн эргэн ирэлт, довтолгоо хагас хамгаалалт хосолсон тактикийн ачаар авч чадлаа. Өнгөрсөн жилийн цомын аварга Манчестер Сити ийнхүү гуравдугаар шатнаас хасагдаж байна. Цомын аваргын дараагийн шатанд Манчестер Юнайтедын учраа нь Ливерпуль байх аж. Харин Премьер лигийн хувьд Манчестер сити хүснэгтийн тэргүүнд бичигдсээр байгаа. Манчестер Юнайтед нэг хожил буюу 3 онооны зөрүүтэй нэхсээр байгаа энэ үед энэ тоглолт тэдний өрсөлдөөнд хүчтэй нөлөөлөх буй за.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk goyo goyo
2012-01-09