Дэлхий 65.3 сая дүрвэгчтэй

Олон улсын дүрвэгсдийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ талаар “www.vox.com” мэдээлэв.
Энэ өдөр НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгсдийн асуудлаар дэлхийн удирдагчдын байр суурийг сонсохоос гадна уг хямралыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Австрийн Ерөнхий сайдтай уулзжээ. Бан Ги Мүн “Дэлхий дүрвэгсдийг аюулгүй газар байршуулах хангалттай боломж бий. Харамсалтай нь уг шийдвэрийг олон улс хараахан дэмжихгүй байгаа нь уг хямралыг улам даамжруулж байна. Олон улс тэнцүү тоогоор дүрвэгсдийг хүлээн авахаас гадна дайн дэгдээд буй улсууд энхтайван тогтоох журмаар хамтран ажиллавал энэ бүх хямрал өндөрлөх болно” гэж мэдэгдсэн байна.
2015-2016 оны хооронд 65.3 сая хүн ямар нэгэн шалтгааны улмаас эх орноосоо дайжиж, дүрвэгч болжээ. Эдгээр дүрвэгсдийн 20.1 сая нь албан ёсны бичиг баримттай, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагын ивээл дор амьдарч буй бол 10.4 сая нь бичиг баримтын зөрчилтэй, өнөөг хүртэл улс улс дамжин тэнүүлчин амьдралаар амьдарч байна.
Өдөрт 42.2 мянган хүн эх орноо орхин дүрвэх болжээ. Эдгээр иргэдийн 86.8 хувь нь хөгжиж буй улсын иргэд бөгөөд амьдралаа дээшлүүлэх болон өндөр боловсрол эзэмшихийн тулд Европын орнуудад цагаачлан ирэх болсон байна. Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран Кени улсад байршдаг. “Дадар” гэх хуаранд 40 гаруй улсын 326 сая дүрвэгч амьдарч буй юм. Кенийн Засгийн газар уг дүрвэгсдийн хуарангийн үйл ажиллагааг үргэжлүүлэхийн тулд НҮБ-тай хамтран ажилладаг. Уг хуаран 1997 онд нээгдэж, 19 жилийн хугацаанд 300 сая орчим хүний хорогдох байр болжээ.
Европын холбоотой байгуулсан гэрээнийхээ дагуу Турк улс өнөөдрийг хүртэл дүрвэгсдийг хүлээн авч байна. Тус улс 2.5 сая дүрвэгч хүлээн авчээ. Хүлээн авсан дүрвэгсдийн 70 орчим хувийг Сирийн иргэд бүрдүүлж байна. Сирийн иргэний дайны улмаас 4.7 сая хүн дүрэвсэн бол Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн хүчирхийлэл болон тэлэлтийн улмаас 4.9 сая иргэн төрсөн нутгаа орхин гарчээ. 2015-2016 оны хооронд Ливиэс 1.9 сая хүн дүрвэжээ. Харин Колумб улсад үргэлжилж буй Засгийн газар болон сөрөг хүчний зөрчил мөргөлдөөний улмаас жилийн хугацаанд 750 мянган хүн эх орноосоо дайжсан байна.
Дүрвэгч гэх статустай 65.3 сая иргэний 20 орчим сая нь 1-18 насны хүүхдүүд гэнэ. Дэлхийн II дайнаас хойш ийм олон хүүхэд эх орноосоо дайжаагүй гэнэ. ХХ зууны төгсгөлд 1.2 сая хүн эх орноосоо дүрвэжээ. Тэдний дотор Европын 350 мянга орчим иргэн дэлхийн II дайны үеэр эх орноосоо дүрвэсэн байна. 1950-аад оны сүүлээр дүрвэгсдийн асуудал Европоос Африк тивд шилжин иржээ. 2014-2016 оны хооронд Африк тивийн 21.4 сая хүн дүрвэжээ. Харин өнөө үед дүрвэгсдийн гол хямрал Ойрхи Дорнодыг чиглэсэн гэхэд болно. 2001 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 20-ны өдрийг олон улсын дүрвэгсдийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдөр сөргөлдөөний бүсүүдэд гал зогсч, олон улсын байгууллагын ажилчид дүрвэгсдэд тусламж нийлүүлдэг аж.
Уг уламжлалын дагуу НҮБ-ын сайн санааны элч нар Иракийн армийнхан чөлөөлөөд буй Эль-Фаллужи хотын иргэдэд тусламж үзүүлсэн байна. Иракийн чөлөөлөх арми АНУ-ын дэмжлэгтэйгээр Эль-Фаллужи хотыг өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр бүрэн чөлөөлсөн билээ. 14 хоног үргэлжилсэн тулааны үеэр 500 орчим хүн амиа алджээ. Амиа алдагсдын 40 орчим хувь нь Иракийн армийн дайчид болон энгийн иргэд гэнэ. Тус хотноо 850 мянган хүн амьдарч байна. Хэдий Засгийн газар хотыг чөлөөлсөн ч өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар хүнсний тусламж ирээгүйгээс болж иргэд хүнс тэжээлийн дутагдалд оржээ.
Эль-Фаллужи хотын иргэн, цагтаа хамгийн их хэрэглэгчтэй хүнсний мухлагийн эзэн байсан Мухаммед Абужи гэгч “AFP” агентлагт “Бид өмнө нь хаад шиг амьдарч байсан. Одоо гуйлгачид боллоо. Бид зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Би эхнэр, хүүгээ тэжээхийн тулд тусламжийн төвийн гадна дугаарлан зогсохоос өөр сонголтгүй болсон” гэж ярьжээ. Тэрбээр том хүүгээ хэт даврагчдын дайралтын үеэр алдсан байна. “Хүү минь биднийг заавал амьд үлдэж, аз жаргалтай амьдраарай хэмээн гуйсан” хэмээн Мухаммед ярьжээ.
Дүрвэгсдийн хувьд диваажин байсан Герман улс тэднээс зайгаа бариад хагас жил боллоо. Тус улс 2016 онд 1.5 сая дүрвэгчид орогнол олгохоо мэдэгдсэн ч энэ хугацаанд 1700 орчим хүнийг хүлээн аваад байна. Германы Канцлер Ангила Меркел дүрвэгсдийн асуудлаас болж суудлаа алдахад хүрсэн билээ. Тэрбээр энэхүү үйл явдлын дараагаас уг асуудлаар байр сууриа хүргээгүй юм. Германчууд дүрвэгсдийг ийнхүү үзэн ядах болсон нь зул сарын өмнө Кёльн хотноо гарсан хэрэгтэй холбоотой юм.
Энэ ондоо багтаан олон улс дүрвэгсдийн хямралыг цэгцлэхгүй бол 2017 онд дэлхий 80 сая дүрвэгчтэй болохыг НҮБ сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ