Хоёр сайхан аавтай, хосгүй сайн ээжтэй, дөрвөн ханхар ахтай хүн шүү дээ, би

АН-аас УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт нэр дэвшигч, Дархан-Уул аймгийн АН-ын дарга, “Бурхан халдун” группийн Ерөнхий захирал Намсрайн Мөнхдаштай уулзаж ярилцлаа. Дарханы унаган хөвгүүн, Дархандаа, Дарханыхаа төлөө ажиллаж амьдарч, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл чилээж, үйлс бүтээл өрнүүлж яваа түүний бодол сэтгэлийн ертөнцөөр аялагтун.
Миний амьдралын замнал
Аав, ээж хоёр маань бидэнд хатуу ширүүн үг хэлж, гар хүрч байгаагүй ээ
-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Мэнд мэдээд танилцдаг нь Монголын ёс. Тиймээс өөрийнхөө тухай танилцуулна уу?
-Би Дарханы уугуул хүү. 1971 оны долоодугаар сарын 14-нд төрсөн. Таван хүүхэдтэй, долоон ам бүлтэй айлын отгон хөвгүүн. Аав маань Хэнтий аймгийн Дадал сумын буриад. Ээж Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, халх хүн. 1979 онд Дархан хотын 9-р 10 жилийн нэгдүгээр ангид орж, 1989 онд төгссөн. Нийгмийн шилжилтийн үе таарсан болохоор шууд л ганзагын наймаа руу шуударсан. Нэг ёсондоо арван жилийн сургуулийн ширээнээс бизнест хөл тавьсан гэсэн үг. 1993 онд Улаанбаатар хот руу шилжсэн. 1994 онд “Тэргүүн трэйд” гэдэг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн компанийг Толгойтод нээж байлаа.
-Та хүнсний чиглэлийн мэргэжилтэй юү?
-Тийм ээ. Хүнсний үйлдвэрлэл эрхэлж байсан болохоор тэр чиглэлээрээ сурах хэрэгтэй болсон. 2000 онд Хүнсний технологийн коллежид орж, бакалаврын диплом авлаа. Дараа нь үргэлжлүүлэн магистрт сурч, хүнсний исгэлтийн технологич мэргэжил эзэмшсэн. Бизнес эрхэлж яваа хүнд боловсрол, мэдлэг зайлшгүй чухал. Үйлдвэрлэлээ гадарлахгүйгээр, дэлхийн болон Монголынхоо бизнесийн шинэ хандлага, мэдээ мэдээлэлгүйгээр урагш явна гэж байхгүй. Тиймээс 2008 онд Удирдлагын академид суралцан, удирдлагын ухааны магистр болсон. Боловсролын хувьд бол ийм.
-Аав, ээж тань Дарханд айл гэр болсон уу?
-Улаанбаатарт, ээжийг оюутан байх үед танилцсан байдаг юм. Аав маань цэргийн хүн байсан. Аавыг маань Базарханд гэдэг байлаа. Би хоёр аавтай л даа. Төрсөн аав маань намайг нэг ой дөнгөж өнгөрч байхад бурхан болсон. Хоёр дахь аав Намсрай маань бидний хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн хүн. Би энэ ааваараа овоглож явдаг. Хоёр аав маань хоёулаа цэргийн хүн, хоёулаа буриад. Хоёр дахь аав маань Дархандаа нэртэй барилгачин хүн байсан. Угсармал барилгыг Дарханд барьж эхэлсэн анхны мэргэжилтнүүдийн нэг байх шүү. Хээтэй хорооллын барилгын дийлэнхэд аавын минь хүч хөдөлмөр шингэсэн. Тэр хавиар явахад сэтгэл нэг л өег, дулаахан байдаг юм. Хоёр аавын маань өвөг дээдэс хэлмэгдлийн гашуун зовлонг амсаж туулсан хүмүүс байсан юм билээ. Тэднийхээ болон эцэг дээдсийнх нь түүхийг сайн мэдэхгүй, өөрсдийнх нь хэсэг бусаг яриа, ах дүү хамаатан садан, нутгийнхных нь дурсамжаар л мэддэг.
-Хэлмэгдсэн Хэнтийн буриадуудын дийлэнх нь хойноос нүүж ирсэн хүмүүс байх шиг байдаг. Танай хоёр аав Монголд хожим суурьшсан хүмүүс үү?
-Үгүй ээ. Миний хоёр аав бол уугуул монгол. Базарханд аавынх боломжийн хөрөнгө чинээтэй, моринд хорхойтой, морины наймаа хийдэг, морь уядаг хүн байсан гэж ээж ярьдаг. Бас ихээхэн аж ахуйч, сүрхий бизнес сэтгэлгээтэй хүн байсан байх. Улаанбаатарт байхдаа намар Богд уулнаас самар түүж ирээд Урт цагаан хавиар борлуулчихдаг байсан гэдэг. Намсрай аав бол тун шударга, буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, жаахан тэрслүү талдаа, тэгсэн хэрнээ бас их аж ахуйч, арвич хямгач хүн байсан. Хоёр аав маань тийм ажилсаг хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэдэг, эрс шулуухан хүмүүс байсан нь бидний сайн сайхан явахад нөлөөлсөн байх гэж би боддог. Намсрай аав цалгар назгай байж чаддаггүй, бараг л бусдын дургүйг хүргэсэн хөдөлмөрч, хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг байсных юм болов уу, нэг их алба тушаал дэвшиж, даргаа даамал болж байгаагүй юм билээ. Барилгын маш сайн мэргэжилтэн, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан хэрнээ насаараа л инженерээ хийсэн. Боловсролын хувьд баргийн хүнтэй зүйрлэхээргүй. Оросоор л гэхэд маш сайн ярина. Ном их уншина. Ер нь ах дүүсээрээ тийм хүмүүс байсан. Аав маань хоёр дүүтэй, гурвуулаа хүн. Хоёр дүү нь ч бас өндөр боловсролтой хүмүүс байлаа.
-Тавын таван хүүхэд, тэгээд банди нарын өмсөх зүүх, идэх уухыг хангана гэдэг амаргүй л байсан байх даа?
-Тэгэлгүй яахав ээ. Ээж, аав хоёр хоёулаа улсын ажил хийдэг, тэр үедээ боломжийн цалин авдаг байсан ч манайх тийм ч элбэг дэлбэг байгаагүй нь ойлгомжтой. Биднийг уранхай ноорхой хувцастай явуулаагүй, өлсгөөгүй. Гэхдээ өглөө, өдөрт талх, элсэн чихрээ л эргүүлнэ. Оройдоо гурилтай шөл. Цуйван энэ тэр бол нарийн хоолондоо тооцогдоно. Толгой, цувдайгаар хоол хийх үе зөндөө. Хонины хоёр толгойгоор хуурга хийдэг, маш сайхан амттай болдог байсныг би сайн санадаг. Одоо ч гэсэн би гэдэс, толгойнд их дуртай, болж л өгвөл идчих гээд байдаг юм. Ганц манайх ч биш, олон хүүхэдтэй айлуудын амьдрал тэр үед нэг ийм л жишигтэй байсан даа.
-Бага насны гэр бүлийн амьдралаас тань санаанд үлдсэн, мартагддаггүй зүйл юу вэ?
-Хэмнэх, арвилах, хямгадах явдал манай гэр бүлд байнгын зарчим байсан. Орон сууцанд амьдардаг хэрнээ өвөл, зунгүй гал түлж, хоол цайгаа хийнэ. Дарханы маань хуучин байрнууд бүгдээрээ зуухтай байсан юм. Оройдоо хуучин хорооллын айлуудын орон сууцны дээврийн яндангаар гэрийн хорооллын айлуудынх шиг утаа суунаглаж байдагсан. Түлшээ олж ирэх үүрэг үндсэндээ биднийх. Барилга олноор баригдаж байсан болохоор тайрдас, зодог зомгол төвөггүй олдоно. Аав маань барилгын хүн учраас түлээ болчих юм хаанаа байгааг зааж өгнө. Манай крантнаас ус дусаж, бие засах газрын суултуурын ус шоржигнож байсныг би санадаггүй. Аав маань гарын дүйтэй хүн учраас дор нь засчихна. Ус, цахилгаан хэмнэх тухай байнга ярина. Крантнаас дусах ус хоногтоо тэдэн тонн болдог юм, гадаадад цэвэр усыг үнэлж зарж байхад бид гоожуулаад сууж байж болохгүй гэж сургадаг байсан даа. Ах, дүү тав дотроо миний дээд талын ах Цэвээндаш бид хоёрт гэрийн гол ажил ногдоно. Би 7-8 настайгаасаа л гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх, ах нарын хувцас, ор дэрний цагаан хэрэглэл угаах ажлыг хийж эхэлсэн. Цэвээн бид хоёр хувааж аваад л гялалзуулчихдаг байлаа. Тэр үед албан газрын ажилтнуудад намар хүнсний ногоо хуваарилж өгдөг байв. Аав, ээж хоёрын ажлаас хэдэн шуудай ногоо ирнэ. Төмс голдуу. Эхлээд сортолно. Төмсний хальсыг маш нимгэн авах шаардлага тавина даа, аав. Одоо би хүүхдүүдтэйгээ хоол унд хийхдээ бас тэгж шаарддаг. Эд нар юмны үнэ цэнийг бидний үеийнх шиг сайн мэдэхгүй байх шиг санагдаад байдаг.
-Айлын отгон хүү арай жаахан тусгай, аав ээж, ах дүү нарын хайранд, эрх талдаа байх шиг байдаг. Та тийм байв уу?
-За, үгүй дээ. Адилхан л байсан. Харин ч гар хөлийн үзүүрт нь зарагддаг, үүрэг даалгавар биелүүлдэг, бүгд нэг нэг даагавар өгчихөөд явна. Тэр бүгдийг нь орой ирэхэд нь амжуулсан байх ёстой. Хажуугаар нь гадаа гарч тоглохоо амжуулна гээд багаас бүгдийг амжуулж сурах гэж гүйж явсан маань одоо амьдралд их хэрэг болж байна даа. Дөрвөн ах маань намайг хүн болоход, ялангуяа бизнест энэ хэрийн амжилт олоход хамгийн гол нөлөө үзүүлсэн хүмүүс. Би тэднийгээ их хүндэлдэг, үгнээс нь гарна гэж байхгүй. Гэхдээ зодуулж, дарамтлуулж байснаа огт санадаггүй. Хааяа нэг фактлахаар сандал өргүүлнэ, юм угаалгана. Ерөөсөө ганц би ч биш, манай аав, ээж хоёр бидэнд, ах нарт хатуу ширүүн үг хэлж, загнаж, гар хүрч байгаагүй. Дургүйг нь хүргэчихвэл дуугаа хураачихна. Тэр нь загнуулж, зодуулснаас хэцүү. Аав, ээж хоёрыг дуугаргахын тулд өмнө хойно нь бөндөгнөж, аргадаж царайчлах аргаа олж ядна шүү дээ. Хоёр сайхан аавтай, хосгүй сайхан ээжтэй хүн шүү дээ, би.
-Ах нараа танилцуулаач. Нэг л олон Даш байдаг байх аа?
-Тийм ээ. Хамгийн том ахыг Мягмардаш гэдэг. Дараагийнх нь Даш ах. Тэгээд Пүрэвдаш, Цэвээндаш гээд, би отгон нь. Ажил төрлийн хувьд миний бизнес бол гэр бүлийн бизнес шүү дээ. Ах нар маань хамтардаг. Тэднээс Мягмардаш ах маань байнга хамт явсаар өдий хүрлээ. Даш ах адуу малтай, Налайхад байдаг. Пүрэвдаш ах маань ээжтэй илүү ойрхон, харж хандах асуудлыг хариуцдаг. Ээж Улаанбаатарт, 50 дугаар дэлгүүрийн хавьд амьдардаг. Хагас, бүтэн сайнд манайд ирнэ. Нас өндөр болсон гэхгүй, биднээс илүү амьдралын идэвхтэй хүн бий. Олон улсын “Тяньши” корпорацийн сүлжээний бизнес эрхэлдэг, бясалгалд явдаг, найз нөхөд олонтой. Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын ахмад гишүүн. Намын ажилд оролцоно. Машинаа өөрөө барина. Ээжээрээ бид их бахархдаг. Цэвээндаш ахыг хүмүүс мэднэ дээ. Уулын спортын мастер, дэлхийн дээвэр Эверестэд гарсан цөөн монголын нэг, хоёр удаа гарсан цорын ганц монгол. Улаанбаатарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж, “Сүлд” спорт хороонд харьяалагдаж явдаг.
-Таван хүүтэй айл гэдэг адуу мал хашчихсан юм шиг л байдаг байсан байх даа. Хэр сахилгагүйтдэг байв?
-Дараалсан таван банди, бас ч тийм нусаа чирсэн амьтад биш, хөдөлгөөнтэй л хүүхдүүд байлаа. Айхтар хэрэг төвөг хийгээд байхгүй. Цагаан сахилгагүй талдаа. Ангид үймүүлсэн, айлын ганц нэг хүүхэд шоглосон, хичээл тасалсан, үсээ урт ургуулсан, гэрийн даалгавар хийгээгүй гэх мэтийн зөрчил л зонхилно. Багш нараасаа их айна, хүндэлнэ. VIII, X анги төгсгөсөн хоёр багш маань хоёулаа бурхан болсон. IV-VIII анги хүртэл Палам багш манай ангийг удирдсан. Зөөлөн талдаа, түүхийн багш хүн байлаа. IX-X ангид Сүмбэрэл гэж гүн ухааны багш манай ангийг даасан. Эрэгтэй багш нар нэг бодлын амар байдаг. Нэг их үглээд байхгүй, түс тас. Ер нь манай сургуулийн багш нар эрдэмтэй номтой, хүүхдэд юм сургахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг, алдаа оноог минь тэгшилсэн сайхан багш нар байсан учраас бид амьдралд хөл алдаагүй гэж боддог шүү.
-Бужигнасан банди нарт санаа тавих, араас нь хөөцөлдөх ажил ээжид тань амаргүй байсан байх даа.
-Биднийг хоолтой, хувцастай явуулах л амаргүй байсан байж магадгүй. Бусдаар бид ээжийгээ нэг их зовоогоогүй байх аа. Ээж маань Дарханы Анагаахын дунд сургуульд насаараа эрүүл ахуйн багшаар ажилласан. Ээж илүү цагаар их ажилладаг байсан. Тэгж байж гайгүй цалин авна. Гэртээ байсан ч байнга бичиг цаасанд дарагдсан хүн л байсан даа. Гадуур бужигнаж, оройтох асуудал байдаг байсан. Нэг явдал санаанаас гардаггүй юм. Дарханы сургуулиуд Орхоны сангийн аж ахуйн хавьд Хөдөлмөр зуслантай байсан. Тийшээ нэг удаа найз нартайгаа явлаа. Орой буцах гэтэл вагоноос хоцорчихож. Унаа олддоггүй, арай гэж шөнийн 03-04 цагийн үед иртэл ээж унтаагүй, гэрлээ асаачихсан, санаа нь зовчихсон сууж байсан. Их гэмшсэн дээ. Тэрнээс хойш ээжийгээ нойргүй хонуулчихгүй юмсан гэж боддог, одоо ч ийм асуудал гаргахгүйг хичээдэг.
Бизнес эрхэлсэн жилүүд
“Бурхан халдун” бол миний төдийгүй, бид бүгдийн бахархал
-Ганзагын наймаа хийж явлаа гэж ярьсан. Яг юу хийж байв даа?
-Наяад оны сүүлээс гурван том ах маань ойр зуурын наймаа хийж эхэлсэн. Дарханы орос, польшуудаас юм авч зарна. Анхны наймаа маань ах нарынхаа юмыг зарж өгөхөөс эхэлсэн. Дараа нь Хятадаас бараа аваад Орос хүргэж зардаг болсон.
-Зөвхөн өөртөө итгэсэн, бүх эрсдэлээ өөрөө үүрдэг амаргүй ажил байсан байх. Хэцүү биз. Яг яаж явах вэ?
-Хэцүү, хэцүү. Ер нь амар ажил гэж хаа байхав дээ. Яаж явахын тухайд бол янз бүр л байсан. Ганц жишээ хэлье. Пүрэвдаш ах болон Дарханы 2 найзтайгаа нийлээд дөрвүүлээ хойшоо гарлаа. Монголоосоо Хятадын бараа авч Орост аваачиж зараад, Оросоос шотланд виски авч, Польшид зарж байгаа юм. Тэнд виски үнэтэй. Польшид олсон мөнгөөрөө хувцас аваад Чехэд аваачиж зарлаа. Тэр үед Орост моодонд орж байсан “Капра” гэж юүдэн малгайрхуу юмыг Чехээс Орост авчирч зарах гэх мэтээр сар гаруй явж, наймаа ч ашигтай болсон. 70 гаруй мянган доллартай Монголдоо ирж байлаа шүү дээ.
-Тэгэхээр наймаа хийж олсон мөнгөөрөө л компаниа босгож байжээ дээ?
-Тийм ээ. Банкнаас зээл аваагүй. Толгойтод байсан спиртийн жижиг үйлдвэрийг худалдаж авснаар бизнес маань эхэлсэн дээ.
-Ах нартайгаа л нийлэв үү?
-Тэгж хэлж болно. Гол нь манай арван жилийн ангийнхан байсан. Ангийнхаа 12 хүүхдийг аваачсан. IV ангиасаа найзалсан, намайг дагадаг хэд маань. Бүгдийг нь хотод оруулж ирж, үйлдвэрийнхээ хажууд байр авч өгсөн. Хамт ажиллаж, амьдарч, бизнесээ босгосон хэдэн сайхан найзаас маань 6-7 нь одоо ч надтай хамт байдаг. Зарим нь өөрсдийн хувийн бизнестэй болсон. Манай тэр хэд, ах нар, эхнэр маань л хамгийн ойрын түшиг тулгуур болж байлаа.
-Нээрэн, гэр бүл, үр хүүхдийн чинь талаар асуугаагүй юм байна шүү. Хаана танилцсан, хаанахын бүсгүй вэ?
Бид хоёр арван жилийн нэг ангийнх аа. П.Алимаа гэж Дарханы бүсгүй бий. Бидхоёр 1979 онд анх нэг ангид орсон юм. Хүний хувь төөрөг гэж сонин. Намайг нэгдүгээр ангид ордог жил манайх хуучин хорооллын 19 дүгээр байр луу нүүлээ. Уг нь 22-р байранд амьдардаг байлаа л даа. Тэр жил IX сургууль шинээр байгуулагдаж, нэгдүгээр ангид орох манай тэр хавийн хүүхдүүдийг тийш нь явуулах юм боллоо. Байр байраар нь хувааж жагсаах үед би 19-төө биш, хуучин 22-р байрныхантайгаа жагсчихаж байгаа юм. Алимаа 24 дүгээр байрных учраас бид нэг ангид орсон. Хэрвээ 19-р байрны хүүхдүүдтэй жагссанбол би өөр ангид орох байсан. Тэгсэн бол ханьтайгаа учраа ч уу, үгүй ч үү гэж боддог. Манай Алимаа сурлага сайтай, бүлгийн дарга. Бид хоёр нэг ширээнийх. Тэгээд VII ангиа төгсөөд үерхэж эхэлсэн, Аравдугаар ангиа төгсөөд манай хүн Багшийн сургуулийн оюутан болж, би дагаж хот ороод Дархан-Улаанбаатарын хооронд наймаа хийдэг байлаа. 1991 онд Алимаа сургуулиа төгсөөд, бид хоёр Дархандаа хуримласан. Манай хүн нэг жил Дарханд багшлаад, 1992 оны сүүлчээр гэр бүлээрээ хот руу орсон. Манайх 5 хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Том охин гадаадад сургуульд, бусад нь дунд сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна даа.
-Хажууд чинь суудаг, онц сурдаг, тэгээд найз охин учраас Алимаа хичээл сурлагад чинь нөлөөлсөн биз?
-Тэгсээн, тэгсэн. Туслуулах, дэмжүүлэх, даалгавраа хуулах энэ тэрийн юм бол байна шүү дээ. Нуугаад яахав, би ерөнхийдөө “эх орны алтан гурав” чирчихдэг, хичээлдээ нэг их анхаараад байдаггүй хүүхэд байсан. Харин нэг удаа VIII ангидаа “цоорсон” юм. Тэр нь ийм учиртай. Пүрэвдаш ах маань гадаадын ТМС-д (Техник мэргэжлийн сургууль буюу одоогийн МСҮТ) явлаа. Зун жигтэйхэн гоё амьтан ирж байгаа юм. Тиймээс ахтайгаа адилхан гадаадын ТМС-д явах мөрөөдөлтэй болов. Найм төгссөн хүүхэд явдаг тул VIII ангид орсон жилээ хичээлдээ сүрхий анхаарч, “Сайн” сурч эхэллээ. Багш нар, ангийнхан гайхаж, Алимаа урам өгөөд л... Хавар нь сурлагаар сургуульдаа 7-д жагссан боловч гадаадын хуваарь надад хүрсэнгүй дуусаж, есдүгээр ангид орохоос өөр аргагүй болж билээ.
-“Тэргүүн трэйд” компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бэ?
-Эхлээд “Тэргүүн” гэж байсан юм аа. “Number one” болно гэдэг утгаар л ийм нэр өгч байсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байв. Чехийн шилдэг технологийг оруулж ирж, архи, шар айраг үйлдвэрлэдэг байсан. 2007 оны сүүлчээр энэ бизнесээ орхисон. Ашигтай ч, амаргүй салбар. Одоо бол уул уурхай, банк бус санхүү, худалдаа үйлчилгээ, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн түрээс гэх мэт чиглэлээр ажиллаж байна.
“Бурхан халдун” гэдэг компани хэзээ гараад ирсэн юм бэ?
-2000 онд байгуулсан. Аавуудынхаа нутаг ус, эзэн Чингисийн минь төрөлх нутаг гэдэг бэлгэдлийг бодож ийм нэр өгсөн. Одоо бол нэлээн олон охин компанитай, группийн хэмжээнд оччихоод байна. Намайг “Дарханы Мандаа” гэдэг байсан бол “Бурхан халдун”- Мөнхдаш гэдэг болж. Бараг л овог шиг минь болсон энэ нэрэндээ, компанидаа би хайртай. Гуч шахам жилийн минь хөлс хөдөлмөр, унаж босож туулсан бизнесийн минь үр дүн. Зөвхөн манай гэр бүл биш, олон хүн, олон айлын амь амьжиргааны баталгаа нь “Бурхан халдун” шүү дээ. Энэ утгаараа миний төдийгүй, бид бүгдийн бахархал аа.
-Та “Монгол Улсын Манлай уяач” хүн. Таны болон ах нарын чинь нэрээр олон сайхан хурдан хүлэг улс, бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлж байсан. Морин уралдаан гэдэг бизнес үү, эсвэл цэвэр хообий юу?
-Бусад хүмүүст ямар байдгийг би мэдэхгүй. Миний хувьд хообий маань юм даа. Удам угсаа маань ч хурдан морьтой холбоотой байсныг би дээр хэлсэн. Ер нь тэгээд морь сонирхдоггүй монгол хүн гэж байдаг юм уу. 1998 оноос эхлээд хурдан морь сонирхож эхэлсэн. Тэрнээс өмнө анд сүрхий сонирхолтой байлаа. Ангаа нэгмөсөн орхиж, буунуудаа хүнд бэлэглээд, хурдан морь луу орсон. Хурдан морины сонирхол, морины соёл гээч юм монгол хүний цусанд байдаг юм шиг байгаа юм. Уралдаад ороод ирэхэд нь л огшоод ирдэг. 2010 онд улсад морьд маань их хурдан байсан. Шүдлэн түрүүлсэн. Хязаалан аман хүзүүнд хурдалж, соёолон таваар давхисан санагдаж байна. Манай ах нар бүгд хурдан морьтой. Манай 5 хүүхэд хүртэл өөр өөрийн нэр дээр морьтой. Эхнэр, хүүхэд бүгдээрээ хөдөө явж, морь малын уяаны ажил сонирхдог. Би Дарханы “Бурхантын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүн нь. Морьдыг маань ерөнхийд нь Даш ах хариуцна. Налайх, Төв аймгийн Бүрэн суманд адуу маань байгаа.
Ирээдүйг зорих зүг
Надад хөгжлийг өртөөлөн авчрах хос морь байна
-Бизнесийн хүн улс төрд ороод ирсний шалтгаан юу вэ?
-Улс төр, бизнес хоёр хол юм биш л дээ. Бизнес өргөжих тусам төрийн оролцоо их болдог. Хүссэн ч, эс хүссэн ч улс төрийг анхаарах хэрэгтэй болно. 2005 оноос эхэлж улс төрийг илүү ултай суурьтай сонирхож эхэлсэн. Өмнө нь Ардчилсан намд элссэн, 1996 оны сонгуульд М.Чимэдцэрэнг, дараа нь М.Сономпилийг дэмжиж явлаа. 2007 онд Дарханы Ардчилсан намын дарга болсон. “Гаалийн Мөнхбат”-ын дараагийн дарга нь би. 2008 оноос түр завсарлаж байгаад 2015 оноос дахиж Намын даргын ажлаа хийж байна даа.
-Дархан хэр хөгжиж байна гэж та боддог вэ? Сүүлийн жилүүдэд зарим аймаг, нийслэл нүдэн дээр л өөрчлөгдлөө. Харин манай Дархан хэвээрээ л байгаад байх шиг...
-2012 онд Дарханчууд маш том алдсан. АН УИХ-даа олонхи болсон ч орон нутагт МАН ялсны харгайг дарханчууд сайн ойлгосон. Ялангуяа улс төрд ойр байдаг надад их тод харагддаг. Жишээ нь 7000-8000 хүн амтай Архангайн Цэцэрлэгт “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн хэрнээ арав дахин илүү хүн амтай Дарханд байдаггүй. Засгийн түвшинд ч, орон нутагтаа ч АН засагласан аймгууд хөгжлийн шал өөр орчинд очлоо. Увсыг, Сүхбаатарыг, Өмнөговийг, Хэнтийг хар. 2016 оныг бид алдаж болохгүйн учир энэ. Орон нутагт засаглаж байгаа МАН-ынхан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хойрго ханддаг тал ажиглагдсан. Тэгэхээр, дахиад хэлье, бид 2016 оныг алдаж болохгүй.
Таны насны Дарханы уугуул хүүхдүүд ажил, амьдралын аль алинд эрийн цээнд хүрчээ. Төрөлх нутгаа гэсэн чин сэтгэл, Дарханаа хөгжүүлчих юмсан гэсэн бодит ажил хэрэг та нараас л гарна гэж би боддог. Сонгогдохын тулд нэр дэвшээд өнгөрдөг, сайндаа дөрвөн жил сайн хүн болж харагддаг хүмүүс Дарханы ирээдүйд чиглэсэн даацтай тууштай ажил хийхгүй нь харагдлаа шүү дээ?
-Тийм ээ. Би тантай санал нэг байна. Миний үеийн Дарханы хүүхдүүд 40 дөнгөж гарч байна. Ажил амьдралаа төвхнүүлчихсэн хэсэг нь Дархандаа юу хийх вэ гэж боддог болж. Миний хувьд төрж өссөн нутаг, гол бизнес, үйлдвэрлэл маань Дархантай холбоотой байдгийн хувьд яавал хөгжих вэ гэдэг асуудлыг их боддог. Миний улс төрд хөл тавьж, нэр дэвшээд байгаагийн зорилго нь засаг төрийн түвшинд хотоо хөгжүүлэх санал санаачилгыг хүргэж, бодлого хөтөлбөр, ажил хэрэг болгоё гэдэгт л байгаа юм.
1990 оноос хойш Дарханы маань үйлдвэрүүд миний нүдэн дээр хаалгаа барьж эхэлсэн. Би үүнд дарханчуудынхаа адил сэтгэл маш их эмзэглэдэг. Монголын хоёр дахь том хот байлаа. Одоо тэр хэвээрээ байж чадаж байгаа юу?
Эрдэнэт манай урд орчихоод байгаа юм биш үү. Монголын хоёр дахь том хот гэдэг нэр, статусаа хадгалж үлдэхийн тулд үйлдвэрлэлээ сэргээх хэрэгтэй. Сэргээгээд зогсохгүй, огт өөр түвшинд хөгжүүлэх цаг болсон. Энэ бол эдийн засгийн чөлөөт бүс болох тухай асуудал. Миний хувьд Төв нам, Намын даргатай ойр байдгийн хувьд энэ асуудлыг их ярьдаг. Намынхаа 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт чөлөөт бүс болгох тухай оруулж өгсөн. Саяхан Элбэгдорж Ерөнхийлөгч манайд ирэхдээ “Дарханыг эдийн засгийн чөлөөт бүс болгоё” гэж ярилаа. Энэ бүхэн миний зорилго ямар ч байсан амилж байгаагийн шинж Дэлхийн улс орнууд эдийн засаг бизнесийн томоохон хотыг бодлогоор хөгжүүлдэг. Казахстан гэхэд Алма-Ата нь эдийн засаг бизнесийн хот болоод Астана руу нийслэлээ шилжүүлэх жишээний. Хятадад Бээжин төв нийслэл нь, эдийн засаг бизнесийн төв нь Шанхай. Америк ч бас ялгаагүй Вашингтон, Нью-Йорк гээд байгаа биз дээ.
-Тэгэхээр Монголын аж үйлдвэрийн нийслэл нь Дархан болох нь ээ дээ. Эзгүй хээр, эсвэл хил дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэж олон жил ярьсны дэргэд бэлэн дэд бүтэцтэй Дарханд байгуулах нь илүү үнэмшилтэй сонсогдож байна шүү.
-Тийм ээ. Дарханд бүх боломж нь байна. Боловсон хүчин бэлдэх сургууль нь, мэргэжилтэй ажиллах хүч нь, хөрш хоёр гүрэн лүү гарах замын зангилаа нь, байгаль цаг уурын таатай нөхцөл нь, дэд бүтэц нь гээд бүгд байгаа. Татварын таатай орчныг л бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Японы “Тоёота” Хятадаас Орос, Европ руу гарах гэж байхын оронд манайхаас гарвал амар. Орос, Европынхон манайд үйлдвэрлэлээ явуулаад Ази руу гарвал дөхөм биз дээ. Монголчууддаа ч сайхан боломж нээж өгнө. Жишээ нь миний нэг найз нүүрснээс дизель түлш гаргах үйлдвэрийн туршилт амжилттай хийчихээд байж байна. Энэ үйлдвэрийг Дарханд барья л даа. Харин манай Дархан татварын таатай орчинтой байг. Өөр газар байгуулбал оруулсан хөрөнгө оруулалтаа 10 жилд нөхөж байхад Дарханд байгуулбал 5 жилийн дотор нөхөхөөр байхаар ийшээ л хошуурна шүү дээ. Тэгвэл энэ мэт олон үйлдвэр Дарханд төвлөрнө. Аж үйлдвэр, технологийн паркийн зорилго маань Чөлөөт бүсээр дэмжигдчихвэл Дарханд жинхэнэ хөгжил ирнэ гэж би боддог.
-Дарханд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжих боломж хэр байна?
-1961 онд Дарханыг байгуулахдаа барилгын материалын үйлдвэрүүдийн түүхий эдэд суурилж, үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн дэд бүтэц, бүх юмаа маш сайн бүрдүүлсэн байдаг. Манайд элс хайрга, тоосго, шохой, цемент гээд барилгын материалын үйлдвэрийн бүх түүхий эд байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр эхэлсэн. Цаашид бодитоор хэрэгжүүлнэ. Тэгэхээр орлоготой, ажлын байртай өрх бүрийг орон сууцжуулах бүх боломж бий. Ипотекийн зээл 8 хувиас 5 хувь болчихлоо. Энэ бол том боломж. Гэхдээ банкны шалгуур гэж том даваа байдаг. Эхний ээлжинд 30 хувийн урьдчилгааны асуудал үүсдэг. 10 хувиа иргэд өөрсдөө төлөг. Түрээслэх зарчмаар 3 жилийн дотор 30 хувийг нь бүрдүүлчихээд бид түүнийг нь банкинд шилжүүлье. Түрээсээ баталгаатай төлж байсан иргэнээс банк баталгаа шаардахгүй. Эцэст нь айл бүр орон сууцтай болно. Үүгээрээ бид Дарханыг аж үйлдвэрийн, бизнес эдийн засгийн хамгийн таатай орчинтой хот болох дэвсгэр суурийг бэлдэж өгье гэж байгаа юм. Монгол залууст ажлын байр хэрэгтэй байна. Хөдөө орон нутгаас ажил эрж Улаанбаатар луу, эсвэл гадаад руу явдаг. Тэд Дарханыг зорьж ирдэг болно. Энд ажлын байр нь, амьдрах сууц нь байх болно. Арван жилийн дараа гэхэд хамгийн олон ажлын байртай, өнөөгийн Улаанбаатар шиг 1.000.000 гаруй хүн амтай хот болно гэсэн төсөөлөл, мөрөөдөл надад байдаг. Миний хоёр гол зорилго, хөгжлийг өртөөлөн авчрах хос морь маань энэ хоёр байна даа. Дархан хотдоо бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, тэдний амьдралд дэмжлэг болох зорилго тавьж ажиллаж байгаа нь миний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Ер нь хувь хүн, компаниуд нийгмийн хариуцлага гэдгийг ухамсарлаж бусдын сайн сайхны төлөө, тэдэнд ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох нь үүрэг байх ёстой.
-Дарханд аж үйлдвэр мэдээж хамгийн чухал. Гэхдээ газар тариалангийн бас томоохон бүс нутаг шүү дээ?
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр бидний зорьж буй бодлого, хөтөлбөр бас бэлэн болчихсон. Тийм ээ, манайд үржил шимтэй нутаг нь байна, мэргэжилтэй боловсон хүчин нь байна, эрдэм шинжилгээний хүрээлэн, сургууль нь ч байна. Монголчууд хүнсний 40 гаруй нэр төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнийг гаднаас худалдаж авч хэрэглэж байна. Энэ импортыг халж, Дарханчууд тэрийг нь хийдэг болъё л доо. Дээр нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Дархан луу ирэхэд Хустайн давааг давангуут Хонгор хүртэл хэсэг хөндий байдаг даа. Тэнд 100-200 га хүлэмжийн аж ахуй байгуулъя. Цэвэр хөрсөнд ургасан, натурал ногоо идэх гэж хятадууд хүртэл манайд ирдэг болно. Европын орнуудад иймэрхүү төрлийн аялал жуулчлал их хөгжсөн. Дарс уух гэж усан үзмийн нутаг Францын “Bordeaux”, “Chateau”-г зорьж байна. Герман пиво уух гэж тийшээ очиж байна. Итали пицца, шпагетти амтлахын тулд Италид аялж байна. Тэгвэл Дарханы хамгийн амттай, тэжээлтэй, аюулгүй, эрүүл ахуйг дэмжсэн хүнсний ногоог идэх гэж гаднынхан ирдэг болно. Хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах Израйлийн тэргүүлэх технологийн компаниудыг оруулаад ирчихсэн, хамтран төсөл хэрэгжүүлэхээр эхний гэрээ хэлэлцээрүүдээ хийгээд эхэлчихсэн байгаа.
-Дарханы гэсэн брэнд хүнс бий болох нь ээ дээ?
-Сайн чанарын, эрдэс шимтэй хүнмий ногооны үйлдвэрлэл дээрээ суурилаад Дарханы гэсэн брэндийг дэлхийн зах зээлд гаргана. Эхнийх нь луувангийн шүүс. Монголчууд гаднаас авчирсан элдэв төрлийн савлагаатай луувангийн шүүс ууж байгаа. Яг луувангийн шүүс мөн ч юм уу, биш ч юм уу, сироп, хольц, баяжуулагчтай ч юм бил үү, хэн мэдлээ. Манай Дархан, Сэлэнгийн хөрсөнд ургасан лууван ямар гоё амттайг бид мэднэ. Тэгэхээр жинхэнэ цэвэр луувангийн шүүсийг бид үйлдвэрлэх боломжтой. Хоёр дахь нь сармис. Сармис хүний биед ямар чухлыг, эрүүл мэндэд хэчнээн хэрэгтэйг дэлхий даяар сурталчилж байна. Хятадууд, солонгосчууд, япончууд, ер нь Дорно дахиныхан сармисыг нэлээд хэрэглэдэг. Тэгсэн хэрнээ тэд Монголд ургуулсан ааг амт сайтай сармисыг илүү сонирхож байна. Ийм хоёр бүтээгдэхүүнийг Дарханчууд дэлхийн зах зээл дээр гаргана.
-Танай мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын талаар дэлгэрэнгүй туссан байсан. Яг ямар маягаар хөгжүүлнэ гэж төлөвлөж байгаа вэ?
-Олон зүйл ярьж болно. Товч зураглая л даа. “Их Монгол Улс” буюу XIII зууны Эзэнт гүрнийг тэр үеийн дүр төрхөөр нь байгуулъя гэж зорьж байна. Бурхан халдуныг, Тэнхлэг горхийг, тэр үеийн гэр сууцыг, хувцас хунар, аж ахуйг, цэрэг дайчдын амьдрал, овог аймгийн байгууллыг нь Чингис хааныхаа алтан хөшөөтэй хамт цогцолбор болгон байгуулна. Жуулчид монголчуудын мандан бадарч, дэлхийг байлдан дагуулж явсан тэр үед нь очиг. XIII зууны гэр урц, хаадын өргөө, таван одтой буудал зэрэгцээд байж болно шүү дээ. Монгол ирсэн гаднын хүн бүхэн манай Дарханд, бидний байгуулсан “Их Монгол Улс”-ыг үзэх гэж очдог байгаасай. Олон улсын нисэх буудалтай, гаднынхан шууд ирж буудаг, жилдээ 2-3 сая жуулчин авдаг, 2-3 тэрбум долларыг аялал жуулчлалаас олдог болно. Зөвхөн уул уурхайд тулгуурласан эдийн засаг эрсдэлтэйг саяын 2-3 жил харууллаа шүү дээ. Тиймээс эдийн засгаа солонгоруулъя гэж яриад байгаа биз дээ. Дарханаа жинхэнэ солонгон эдийн засагтай хот болгохын төлөө бид ийм зорилго тавьж, мөрөөдөж, эрмэлзэж явна даа.
-Таны мөрөөдөл, зорилго биелэх болтугай. Сонгуульд тань амжилт хүсье.
Эх сурвалж: itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ