Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар сонгуулийн саналын хуудас зарим тойрогт зөрчилтэй гарсан асуудлаар хэлэлцүүлэг хийхээр байв. Уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр:
-Аливаа этгээдийн гэм буруутайг шүүх тогтоодгоос бус УИХ-ын байгууллага тогтоодоггүй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Маргааш УИХ-ын анхдугаар чуулган хуралдах гэж байгаа энэ үед уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс энэ асуудлыг судалъя. Хууль хяналтын байгууллагын ажил руу маргааш бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Хуульзүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн МАН-ын бүлэг завсарлага авч байна гэлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Сонгуулийн хуулиар гарсан маргаан шийдвэрлэгдээгүй. Шүүх дээр байна. СЕХ маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байхад Ерөнхийлөгчид дүнг айлтгасан нь буруу. Энэ асуудлаар завсарлага авах хугацааны боломж байхгүй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Бид сонгуулийн шөнө хүлээн зөвшөөрч тахимаа өгсөн. Харин тахим авахдаа хууль зөрчиж болохгүй. Дөрвөн төрлийн хуулийн зөрчил гарсан. Хамгийн том хуулийн зөрчил бол төрийн албыг худалдаж авах гэсэн 60 тэрбум төгрөгийн асуудал. Хуулийн байгууллага таг чиг байна, энэ асуудал. 18 мянган хүн өөрийн биеэр очихгүйгээр өөр тойрогт саналаа өгсөн байна. Архангай, Увс, Хөвсгөл, Увс аймгийн сонгогчдын саналыг Улаанбаатар хотын сонгогчид очиж өөрчилсөн байна. Энэ бүх зөрчлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэсний дараагаар гишүүд тангаргаа өгөх нь зүйтэй гэлээ.
Н.Энх