Үндэсний сонгодог дуурийг дэлхийд сонордуулна
Хоёр хоногийн дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болно. Баяр наадмаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглож, олон нийтийн хүртээл болгох юм. Энэ талаар Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Б.Батцэнгэл, гадаа талбай дахь тоглолтын найруулагч АЖ А.Дашпэлжээ, Удирдаач УГЗ Н.Туулайхүү болон гол дүрийн жүжигчид мэдээлэл хийлээ.
Энэхүү дуурийг НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ гадна тайзнаа тоглох гэж байгаа юм. Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын бүтээл эл дуурьт хайр сэтгэлийн ээдрээт үйл явдал болон нэгэн зууны өмнөх Монгол улсын баяр наадмыг ч харуулдаг учраас сонгон тоглож буй тухай АЖ А.Дашпэлжээ хэллээ.
Тэрбээр “Энэ бүтээл дуурь болон тавигдаад 50 гаруй жил, бүтээгдээд 80 жилийг элээсэн манай үндэсний ууган дуурь юм. Дуурьт хайр сэтгэл, зөрчил тэмцэл, эрийн гурван наадам, найрын тухай өгүүлдэг учраас олон жил амьдарч буй хойшид ч олон жил үзэгчдийн хүртээл болох бүтээл юм. Тиймээс бидний энэхүү дуурийг сонгодог бүтээлийг бүх ард түмний баяр болгон Чингисийн талбайд тоглоё гэдэг санааг НЗДТГ дэмжсэн. Өнгөрсөн жил гол дүр бүтээсэн жүжигчдийг бид давтан сонгоогүй. Сонгон шалгаруултаар сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийг сонгон тоглуулж байгаа” хэмээв.
Дуурийн гол дүр болох Юндэнгийн дүрд МУСТА, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар тоглоно.
Өнгөрсөн жил Чингисийн талбайд 5 мянган хүний суудал засаж байсан бол өнөө жил 9 мянган хүний суудал засах ажээ. Хэдийгээр үнэ төлбөргүй, задгай талбайд болж буй ч суудалд сууж үзэх билетийг иргэд урьдчилан захиалж үнэгүй аван биедээ авч явахыг НСУГ-ын дарга Б.Батцэнгэл сануулж байна. Мөн дуурийг үзэхээр ирэхдээ үндэсний хувцасаараа гоё ирэхийг уриалав. Учир нь АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцохоор ирсэн зарим зочин төлөөлөгчид дуурийг үзэхээр билетээ аваад буй ажээ. Иймд үндэсний сонгодог урлагийг дэлхийд сонордуулах учраас соёлтой үйлчлүүлэхийг НСУГ-ын дарга Б.Батцэнгэл хэлж байна.
Дуурь цагтаа эхлэх учраас 22.00 цагаас өмнө Чингисийн талбайд ирж суудлаа эзлэхийг санууллаа. Мөн тусгайлан зассан суудалд сууж дуурийг үзэх бол easyticket.mn сайт болон УДБЭТ-ын билетын кассаар билетийг авч болох юм байна.
“Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 10-нд 22.00 цагт Чингисийн талбайд тоглоно.
Г.Тэгшсүрэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ