Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцлоо.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ Монгол Улсын төр засгаас хүүхэд, залуучуудад чиглэсэн зохистой бодлого явуулж, нийт хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй 0-18 насны хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаардаг. 2015 оны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэний 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлж байна гэв.
Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулж өгөх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгсөнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян танд болон танай Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж хэллээ.
2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Уншиж байна |