Холбоосыг чангалахын учир

img

АСЕМ-аа магтаж, Монголоороо бахархсан өдрүүд цагаан сар шиг хуучирч байна. Одоо бид энэ айлчлалын наана цаана илэрсэн хол, ойрын түншүүдийн сонирхлыг задалж нягталж харах ёстой байх. АСЕМ-д онцгой ялгарсан урд хөршийн уриалгахан айлчлалын талаар бодлоо энд товч хуваалцья даа.

 

 

“...Энэ айлчлалд би маш их найдлага тавьж байна...” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монголд ирэхийнхээ өмнөх захиандаа онцлон хэлсэн байв. АСЕМ-ийн дээд чуулга уулзалтад оролцохоор хаалга татсан зочин бүр онцлогтой, мөн өвөрлөсөн зорилготой байсан. Тэр бүхний дундаас бид урд хөршийнхөө зочны доогуур улаан зураасаар зурах  хэрэгтэй болж байна.

 

Шинэ зууны хувьд харилцаа өөр түвшинд гарсан гэдгийг баталсан нь Хятадын төрийн тэргүүн Си Зиньпин манай улсад айлчилж, Их хурлын чуулганд үг хэлсэн явдал. Хятадын төрийн тэргүүн Монголчуудын зүгээс урд хөршдөө зүүж ирсэн аливаа хардлага, таагүй бодолд ил шулуун хариулт өгсөн. Эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй байх олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд тусгаар улсыг хүндэтгэн бүх талын харилцаагаа өргөжүүлнэ гэсэн эрмэлзэлтэй байгаагаа 2014 оны наймдугаар сард чуулганы индрээс Си Зиньпин илэрхийлж байлаа. Энэ нь урьд нь хүндэтгэлгүй байсандаа бус бидний тархин дахь “Хятадууд худлаа шүү” гэсэн кодлогдсон эргэлзээг тайлахаар онцлон хэлсэн мэдэгдэл гэж ойлгогдсон. Үүнийг Ерөнхий сайд Ли Көцян гэдэг нөхөр айлчлахынхаа өмнөх ил захидалдаа мөн дахин тодотгосныг хашилтад авч хармаар санагдлаа.

 

Ли Көцяны захидлын зарим хэсгийг товч сийрүүлж харцгаая. “...Харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үүд хаалгыг нээх түлхүүр юм... Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримтлан, эргэн тойрны улс орнуудтайгаа харилцахдаа элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж... Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. ...Алсын хараа холын бодлоор их талыг сэтгэн бодолцох явдал нь хоёр орны харилцан итгэлцлийн үндэс суурь юм... Хөршийн утга учир нь хамтран ажиллаж, хамтдаа хожиход байдаг...” зэргээр итгэлцэл хэрэгтэй гэсэн гол мессеж энэ захидалд уртаар хөвөрчээ.

 

АСЕМ-ийн өмнөхөн Ташкентийн 3 талт хэлэлцээрээр Торгоны зам, эдийн засгийн коридор байгуулах санаан дээр хөрш гурвал гар барилаа. Үүний дараахан АСЕМ-ийг тосоод бидэнд илгээсэн дээрх эелдэг захидлын цаана Улаанбаатарын үг санал Бээжин Москвагийн шийдвэрт тусгалаа олж байгаа шүү гэдгийг Монголыг сонирхдог барууныханд цухалзуулсан давхар мессеж байгааг хэлэхээс тойрох хэрэггүй юм.

 

АСЕМ-ийн чуулганаар энэ нь тод илрэв. Монголыг сонирхох талуудын эхэн манлайд Хятад эдийн засгийн хөрөнгө оруулалтын хамгийн олон цэгт хамтын ажиллагааны дарцаг хатгав. Энэ бол хаяа нийлсэн хөршийн давуу талаа харуулсан алхам. Оросын талаас Хятадтай зэрэгцэх түвшний тодорхой санал энэ удаа ярьсангүй. Бээжингээс Монголд оруулах хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөлөөгөө нэмэгдүүлж байхад Москва ханиагаад байхааргүй тохирсоны шинж гэж харж болохоор. Мөн Ерөнхий сайд Ли Көцян ил захидалд “...Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд Монгол улсын зохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол улсыг элсүүлэх явдалд нээлттэй байр суурь баримталж байна...” гэж мэдэгджээ. Энэ нь урд хөршөөс бидэнд хаяглах болсон урьдын аятайхан захидлуудад дурьдагдаж байгаагүй онцлох ишлэл юм.

 

Ний нуугүй хэлэхэд, бид ойрын хөрш Хятадын талын аливаа найрсаг хандлага болоод өргөн харилцаанд анхаарал болгоомжлолын улаан зураасыг татсаар ирсэн нь нууц биш. Харин шинэ зуунд Москва, Бээжингийн талаас Улаанбаатарт өгсөн гол мессэж бол бид Монголыг дундаа хийгээд хөтлөөд хөгжүүлэх боллоо гэсэн санаа. Энэ нь алсуураа манай дэд бүтэц, том салбарт холын Америк, барууны орнуудын “шоу” давамгайлаад байхыг зөвшөөрөхгүй л гэсэн үг.

 

“...хоёр орны найрамдлын холбоосыг улам чангалан, улам батжуулахын төлөө айлчилж байна шүү...” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян АСЕМ-д ирэхийнхээ өмнө ил захидлаар бидэнд мэдэгдсэн. Холбоосоо чангалсан шиг чангаллаа. 1958, 1960 онуудад авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн  төлбөрөөс хөршөө чөлөөлж, зам гүүр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, орон сууцны хороолол босгох, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” зэрэг том дүнтэй зээл, хөрөнгө оруулалтын хамгийн олон бичиг баримтыг АСЕМ-ийн аваргуудын “очер”-ийн өмнө орж үзэглэв.  

 

Хөршийн утга учир нь хамтран ажиллаж, хамтдаа хожиход байдаг. Хамтдаа хожих явдал бол өнө удаан хамтран ажиллахын тулгын чулуу юм” гэсэн Ерөнхий сайд Ли Көцяны ил захидлынх нь үгийг төгсгөлд дахин ишлэе. 

 

Дэлхийн бөөрөнд байх манай газрын зураг бидний гадаад харилцааны гол гурвалжин хаана байгааг хэлээд өгдөг. Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршөө түшиж орших нь геополитикийн өгөгдөл гэдгийг бид эндээс хардаг ч урд хөрш дээрээ эргэлзэж дуугардаг байсан он цаг бий. Энэ бүхэн өнгөрсөн зууны хүйтэн дайны хөшигтэй дурсамж болсныг хөршүүд АСЕМ-аар дахин санууллаа гэдгийг энэхүү нуршуу бичлэгээрээ хэлэхийг хүслээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АСЕМ-ийн хөрөнгө оруулалтыг МАН-ийнхан харин ч нэг сайхан цохих байлгүй дээ. Эд нар идэж уухаас ажил хийж мэдэх биш.
2016-07-21
Зочин:
hyatad yahab taltalda daisan vvsghiig hvsehgui zuulun hvchnii bdlogo ni hregjij yabdgaar ni yabuulj heden tugrug saaj l bh hregtei shd mglchuud bid.
2016-07-20
Женкогийн нохдуудад:
За Женко тэргүүтэй эх орончид оо! Юуны өмнө хятадад үйлдвэрлэсэн бандаашаа тайлаад танкныхаа үлгэрийг бүлт шаагаарай даа!
2016-07-20
Женкогийн нохдуудад:
За Женко тэргүүтэй эх орончид оо! Юуны өмнө хятадад үйлдвэрлэсэн бандаашаа тайлаад танкныхаа үлгэрийг бүлт шаагаарай даа!
2016-07-20
Шинжээч:
Элбэгдоржийн шүучин байна.
2016-07-20
Зочин:
3 дагч хөрш хэрэггүй гэж хэлээд байна уу Бид тэгвэл аажимдаа Хятадаас эдийн засгийн хараан болох уу Хятадаас хараат мөртлөө хөгжсөн улс байна уу Филиппин гэх мэт хятадын эдийн засгийн нөлөөнд их автсан ядуу улсууд л байгаа болов уу
2016-07-20