Cho Hanul: Гэнэн цайлган гүнжийн дүр бүтээнэ

img

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жондун театрын уран бүтээлчид өөрийн улсын үндэсний бүжгэн жүжиг болох “Youll”  жүжгийг тоглохоор манай улсад иржээ. Тус жүжгийн гол дүрийн жүжигчид болох Lee Sung Hee, Cho Hanul, Lee Hiuk, Park Geun Jun нартай цөөн хором ярилцлаа.

 

 

-Монголд анх удаа ирж байгаа гэж сонссон. Сэтгэгдэл ямар байна даа?

 

Lee Sung Hee: Тиймээ бид Монгол Улсад анх удаа ирлээ. Дөнгөж онгоцноос буугаад Корпорайт зочид буудалд ирээд байна. Би хувьдаа их хол байдаг болов уу гэсэн чинь Сөүлээс Бусан орохын дайтай л ойрхон санагдлаа. Тэгээд бас онгоцоор нисэж яваад цонхоор доошоо харахад сүрдмээр өргөн тал нутаг л харагдаад байсан. Тэгсэн онгоцноос буугаад харсан чинь олон байшинтай хөгжингүй орон угтахад их гайхсан шүү. Би Монголд ирчихлээ гэж нэг л итгэж өгөхгүй байсан /инээв.сур/.

 

-Ер нь монголын талаар ямар төсөөлөлтэй ирсэн бэ?

 

Lee Sung Hee: -Биднийг дунд сургуульд байхад түүхийн хичээл дээр Монгол Улсын тухай зааж байсан. Солонгос Монгол хоёр улс бол нэг үндэстэн юм гэдэг түүхийг үзэж, судалж байсан юм. Онгоцноос буугаад Корпорайт зочид буудал хүрэх замд манай тоглолтын зарлал бүхий том том самбар байршуулсан байна билээ. Түүнийг хараад бид маш сайн хичээхгүй бол Монголын үзэгчид биднийг үзэхээр аль хэдийн бэлтгэсэн байна гэж бодсон.

 

-“Жондун” театрын талаар танилцуулж болох уу?

 

Lee Hiuk: -Манай театр анх өөрийн орны үндэсний урлагийг дотоодын болон гадаадын үзэгчдэд танилцуулах зорилгоор 1900-аад онд байгуулагдсан түүхтэй. Тухайн үед зөвхөн жүжиг тоглодог байсан боловч явцдаа устаж үгүй болсон. Харин сүүлд манай улсын уран бүтээлчид сэргээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэхдээ мөн л урьд нь баримталж байсан зарчмын дагуу ажиллаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр үндэсний урлагаа сууриа болгоод орчин үеийн залууст сонирхолтой байлгах үүднээс динамик хөдөлгөөн, залуусын дурлаад байгаа элементүүдийг нийлүүлэн тавьж байгаа юм. Үндэсний болон орчин үеийн элементийг хослуулсан учраас маш шинэлэг зүйлийг гаргаж ирж байгаа гэж бодож байгаа.

 

 

-Солонгосын үндэсний урлагийн хөгжил аль түвшинд яваа гэж үнэлэх вэ?

 

Lee Hiuk: -Солонгосын ард түмэн үндэсний урлагаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид ч мөн үндэсний урлагаа үндэсний чигээр нь хадгалж үлдэхийн төлөө хичээж байгаа. Үндэсний урлагийг улс болон Засгийн газраас ихээхэн дэмждэг байсан. Харин сүүлийн үед тус дэмжлэг нь бага багаар суларч байгаа. Тиймээс бид өөрсдөө хичээхгүй бол болохгүй. Залуучууд маань үндэсний урлагаа сонирхон судлах хэрэгцээ шаардлага бий. Энэ уриалгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор бид  ажилласаар л байна. Солонгосын үндэсний бүжиг нь дотроо зохиолчтой болон зохиолчгүй гэж хоёр янз бий.

 

-Харахад залуу хүмүүс байна. Солонгосын залуус К-pop урсгалыг ихээхэн сонирхдог шиг санагддаг. Харин та нарын хувьд үндэсний урлагаа сонгон судлах шалтгаан юу байв?

 

Park Geun Jin: -Бид үндэсний хэв шинжээ хадгалж үлдэх ёстой. Энэ магадгүй үндэстэн бүхний л хүсэл зорилго болов уу. Тэгэхийн тулд залуус бид хичээх ёстой. Балет ч бай орчин үеийн бүжиг ч бай бүгд л үндэсний бүжгээс үүдэлтэй. Тийм учраас үндэсний бүжиг, жүжгээ бид эхлээд сурчих юм бол өөр бусдыг нь чадна гэж бодож энэ мэргэжлийг сонгосон доо. Мөн үндэнсий бүжгийг орчин үетэй хослуулж, өнөөгийн нийгмийн залууст сонирхолтой байлгахыг хичээж байна.

 

-“Youll” бүжгэн жүжгийг хэзээ найруулан тавьсан бэ?

 

Lee Sung Hee: -Бид нэг улирал, гурван сарын турш ажиллаж байгаад жилдээ нэг бүтээл найруулан тавьж, тайзны бүтээл болгодог. Үлдсэн гурван улиралд тухайн бүтээлээ гадаадад болон дотооддоо аялан тоглодог байгаа. “Youll” бүжгэн жүжгийн хувьд энэ жилийн нэгдүгээр сард найруулан тавьсан. Тэгээд дөрвөн сараас тоглогдохоор төлөвлөж хийсэн бүтээл юм. Бид өөрийн орондоо тоглосон. Харин гадаадын улс орноос хамгийн түрүүнд Монголд тоглох гэж байна.

 

-Монгол улсыг анхлан сонгосон нь учиртай болов уу?

 

Park Geun Jin: -Монгол Солонгосын хоорондох харилцаа сүүлийн үед маш сайн өргөжиж байгаа. Бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаатай байдаг юм билээ. Ерөнхийдөө 25 жилийн турш хамтарч ажиллаж байгаа хоёр улс. Манай театр Монголын урлагийн театруудтай хамтарч ажиллаж байгаагүй. Өмнө нь ч тийм туршлага байхгүй. Харин энэ удаад Монголд ирсэн дээрээ театрын байгууллагын уран бүтээлчидтэй танилцая, урлагийг нь судалж, хамтарч ажиллах боломж юу байна гэдгийг харах санаатай ирлээ. Бид эндээс БНХАУ-д тоглохоор төлөвлөж байгаа.

 

 

-“Youll” дуурийн гол санаа, утга агуулгын тухай сонирхуулах уу?

 

Cho Hanul: - “Цагаан луу” хаан болон түүний охин Чоа, “Харанхуй эзэн”-ий тал хүн, тал илбэчин бурхан Мисчиеф, Гаон нарын дүрүүд гарна. Миний хувьд гэнэн цайлган, үзэсгэлэнт гүнж Чоагийн дүрд тоглох юм. Чоа охин хаан аавын хамт Миринаай тэнгэрийн диваажиндаа энх тунх амьдарч буйгаар жүжиг эхлэнэ. Харин чөтгөрийн хааны алуурчин аавыг нь хөнөөснөөр бүх зүйл эхлэх юм. Үйл явдал цааш хэрхэн өрнөх, төгсөхийг үзэгчдэд үлдээмээр байна. Хэлчихвэл сонирхолгүй шүү дээ. Бүжгэн жүжгийн үг үйлдлийг бид үндэсний дуугаар илэрхийлнэ.  Гурван улсын үед хэрэглэж байсан ардын дууны аялгуун дээр одоо бидний жүжигт хэрэглэгдэж байгаа үгнүүдийг оруулан дуулах юм.

 

-Монголд ганцхан удаа л тоглох уу?

 

-Cho Hanul: -Тэгнэ ээ. Бид энэ сарын 24-нд буюу ирэх ням гарагт Корпорайт зочид буудлын концертын танхимд тоглоно. Монголын үзэгчдийг ирж үзэхийг урьж байна.

 

-Ярилцсанд баярлалаа. Та бүгдэд  амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ortoom gj medehuu ter bol chi cham shig yumnuudiig heldeg yumaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2016-07-24
bao:
DELHIIN SOYLIIG URLAGIIG TUUHIIG MONGOL ARDUUD ODOO OILGOH UZEH TENHEEGUI BOLJEE . YAHAV USAND CHANASAN TSAGAAN BUDAAG KIMCHI GUAITAI NI HOLIOD ZOOGLOOD BJ DEE KK UMBUUUU UUUUU KKK
2016-07-24
zochin:
ortoom gj medehuu ter bol chi cham shig yumnuudiig heldeg yumaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Зочин:
tanar 1900 onii ehen ueiin solongos ulsiin photo tuuhen zuragnuudiig haraarai tegeed dugnelt hiigeerei gej zuvlue mongolchuudda tiim ulsuudtai neg garaltai baina gej yavch baihgui
2016-07-23
Neg undesten gechihjee huurhiis:
Uursdiiguu uud n tatchih yumaa
2016-07-23