А.Чадраабал: Модны үндсээр түүх өгүүлэхийг зорьсон

img

 

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, зураач А.Чадраабал өөрийн бие даасан 16 дахь үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэнд бэхэн зураг болон нэн орчин үеийн урлагийн арга барилаар туурвисан бүтээлүүдийг дэлгэжээ. Ингээд зураач А.Чадраабалтай ярилцсанаа хүргэе.

 

-Морин цагт үзэсгэлэнгээ нээлээ. Залуу хүн гэхэд сүсэг бишрэлтэй юм.

 

-Тэглээ. 11.40 цаг буюу морин цагт өөрийн бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Ер нь би аливаад хүндэтгэлтэй хандахыг хүсдэг.  Үзэж сонирхохоор ирсэн та бүгдэд баярлалаа.

 

-Аав нь ирсэн харагдана.

 

-Тиймээ. Миний аавыг МУЭ-ийн шагналт зураач Адъяабазар гэдэг. Үзэсгэлэн бүрийг ирж үзнэ. Аав минь надад урлагийн үнэ цэнэ, сайхныг мэдрүүлж өгсөн. Чамаас миний залуу нас харагдаж байна гэдэг юм.

 

-16 дахь удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

 

-Би энэ үзэсгэлэнгээр сүүлийн хоёр жилийн турш судалсан судалгаа бүгдийгээ харуулахыг зорьсон. Энэ  хугацаанд түүхийн сэдэвтэй ном уншлаа. Судалгаа хийлээ. Тэгээд аливаа үндэс, угсаатан овог аймаг, хүн үүсэн бүрэлдэх хүртэл үндэс угсаатай холбоотой байдаг юм байна гэдгийг гүнзгий судалсан. Үндэс гэдэг ухагдахууныг мэдэхийн тулд модны үндэс, уур, ярнуудыг нэгтгэн нарийвчлан судаллаа. Судалгаанд ашигласан модны үндэс зэргээр бүтээл урлаж энд дэлгэсэн юм. Аливаа юм зорилготой байдаг. Миний хэлэх гэсэн санаа зорилго гэвэл ерөөсөө л монголын түүхтэй холбоотой.  Уран бүтээлээрээ  хүн төрөлхтөн, ертөнцийн үүсэл гаралыг өнөөгийн монголчуудын түүх соёлтой холбохыг хичээлээ.

 

 

-Модны үндэс ашигласан бүтээлүүдээ эцгийн эрхэт ёс болон эхийн эрхэт ёс хэмээн нэрлэжээ?

 

-Байгалийн бүтээгдэхүүн болох мод, модны уур, үндэс зэргийг ашигласан. Энэ бүгдийг орчин үеийн урлагийн техник, зохиомжоор дүрслэн үзүүлсэн байгаа. Эхлээд эхийн эрхэт ёс гэж нэрийдсэн учрыг тайлбарлая. Энэ бүтээлийг сайн харвал эмэгтэй хүний аарцагны яс байгаа юм. Түүхэнд ертөнц үүсээд дөрвөн тэрбум жил болж байна гэдэг. Харин мичнээс хүн рүү шилжээд 5 сая жил өнгөрсөн гэдэг. Энэ бол маш их цаг хугацаа. Монголд олдож байгаа хамгийн эртний дурсгал бол 800 жилийн өмнөх буюу хүй нэгдлийн үе, чулуун зэвсгийн доод үеэс олдоод байгаа юм. Тэгэхээр би энэ бүтээлийг эхийн эрхэт ёс гэж нэрлэсэн. Дараагийнх нь эцгийн эрхэт ёс. Төмрийн үед төрт ёс бий болж Хүннү гүрэн байгуулагдаж Модун Шанью, Түмэн Шанью гэх эцэг хүү хоёрын хаан титмийн төлөөх тэмцэл эхэлсэн гэдэг. Үүнийг нь эцгийн эрхэт ёстой холбож өгсөн байгаа юм.  Мөн торгоны зам гэдэг монголын түүхтэй маш их холбоотой. Энэ түүх өнөөгийн эрин зуунд эргэн сэргэж нэлээд хүчтэй яригдаж эхэлж байгаа. Үүнийг бас холбогдохыг зорьсон.

 

-Бэхэн зургууд ч бас байна?

 

-Бэхэн зураг гэдэг бол Ази тэр дундаа дундад улсын үндэсний урлаг. Япон, Солонгосууд ч өргөнөөр хэрэглэж байгаа. Монголчууд бол бэхэн зургийг маш эртнээс XIII зууны үеэс хэрэглэж байсан. Тэгэхдээ Солонгосоос бэх, муутуу цаас авч байсан. Өнөөдөр Ромын Ватиканы Павд илгээсэн музейд нь хадгалагдаж байгаа Гүег хааны илгээсэн захидал бий. Тэр захидлыг муутуу цаасан дээр бэхээр бичиж явуулсан байдаг. Тэгэхээр бэхэн зураг гэдэг бол монголчуудын түүх соёл, бичиг үсэгтэй холбоотой юм.

 

 

-Зургуудаа “Сэтгэгдэл” гэж нэрлэсэн нь учиртай болов уу?

 

-Энэ бэхэн зургийн онцлог юу вэ гэхээр бэхийг нь цэвэр байгалийн усаар найруулж зурсанд л байгаа юм. Урланд байгаа крантны ус биш. Булаг, шанд, голын ус хэрэглэсэн. Мөн Монголын хөрс шороон дээр ургасан цэцэг, ургамлаас ханд гаргаж бэхтэйгээ хольсон. Үүгээрээ бас онцлогтой.

 

-Дараа дараагийн уран бүтээлийн сонин дуулгах уу?

 

-Би 2001 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш уран бүтээлийн 16 үзэсгэлэн нээлээ. Тэгэхээр энэ миний өөрийгөө нээх гэсэн 16 дахь оролдлого болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр уран бүтээлч  хүн  амьсгал хураан хураатлаа өөрийгөө эрж хайж байдаг, өөрийгөө нээх гэж оролддог. Дараагийн уран бүтээл гэвэл саяхан манай зураачид Солонгосын уран бүтээлчидтэй хамтран МУЭ-ийн танхимд үзэсгэлэн нээсэн. Харин ирэх жил Солонгос улсад үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ