Уран нугараачид Гиннест бүртгүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадам зохион байгуулагдаж байна. Энэхүү наадмын хүрээнд өнгөрсөн өдөр Чингисийн талбайд 420 уран нугараач нэг дор нугарлаа.
"Уул усны домог" уран нугараачдын фестивальд 4-59 насны 420 уран нугараач оролцож нэгэн зэрэг нугарав. Энэхүү үйл ажиллагааг Гиннест бүртгүүлэх зорилгоор "Шинэ цирк" төвийн захирал Д.Зоригт, "Х roses" уран нугаралтын студийн захирал Т.Буд нар циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулжээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажилласан байна.
Тэрбээр “Дэлхийд Монгол улсаа сурталчлах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг нийслэлдээ татах, ирсэн зочдод үзүүштэй үзүүлбэртэй байх зэргээрээ Монгол уран нугаралт бол хөөмий, уртын дуу, морин хууртай эн зэрэгцэх баялаг юм. Тиймээс бид Даншиг наадмын үеэр Монголын 420 уран нугараач зэрэг оролцсон “Уул усны домог” тоглолт хийхээр шийдэж, бэлтгэж өнөөдөр амжилттай зохион байгуулж чадлаа” хэмээв.
"Уул усны домог" тоглолтод АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар ирж оролцов. Мөн Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Нугаралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв", Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн уран нугараач, жүжигчид оролцов.
Тоглолтод оролцох уран нугараачдын багийг Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу ахлан бэлтгэсэн байна. Түүний багийнхан тоглолтод оролцох уран нугараачдыг маш нарийн шалгуураар сонгосон ажээ. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн тоглолтод оролцох уран нугараачдын сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгуудад явуулсан байна. Тоглолтод оролцсон 400 гаруй нугараач, 24 багшийн хамт уран нугаралтын мастер, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуу гуайн удирдлаган дор “Улаанбаатар чуулга, "Отгоо" студи, Аса цирк, Хаан банкны байранд бэлтгэл хийсэн аж.
Тоглолт нийт нэг цаг 30 минут үргэлжлэв. Ийнхүү Монголчууд Гиннесийн номонд уран нугаралтаар бүртгэгдэх болзол хангалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ