УДБЭТ-ын 30 жил солиогүй хөшгийг шинэчиллээ

Өнгөрсөн долдугаар сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар гардуулахаар болсон. Улмаар шинэчлэн гүйцэтгэх төслийн гэрээнд тус театрын дарга Ч.Мөнхзул, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурсан билээ. Харин өнөөдөр тус театрт тайзны зөөлөн хөшгийг гардуулан өглөө.
Ийнхүү УДБЭТ-ынхан 30 жил солиогүй хөшгөө орчин үеийн стандарт бүхий тайзны зөөлөн хөшигөөр солив. Тус хөшиг нь гурван өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийснээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм. Нийт 14.500 ам.доллар буюу 30 сая төгрөгийн өртөгтэй аж.
УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул “Театрын зөөлөн хөшиг бол тоглолт бүрт хэрэглэдэг, үзэгдэл, үйлдлийг зааглаж, чимэглэж байдаг чухал хэрэгсэл. Манай театрын зөөлөн хөшиг сүүлийн 30 жил солигдоогүй, дунд нь дуу тусгаарлагчгүй учраас хөшиг буусан үед тайзны ард болж байгаа үйлдэл үзэгчдэд сонсогддог, бүх тоглолтод хэрэглэдэг учраас их элэгдсэн. Харин одоо ТИКА-гийн буцалтгүй тусламжаар хүрэн, хар, цагаан өнгийн, дуу тусгаарлагчтай хөшигтэй болж байна. Олон жилийн туршид театрын тайзнаа тоглох бүхий л тоглолтод хэрэглэх зөөлөн хөшгийг хийж гүйцэтгэж буй ТИКА-ийн байгууллага хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ