Алеппо дайны талбар боллоо

Сирийн Алеппо хот дайны уршгаар 700 мянган оршин суугчтай болжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Сирийн Алеппо хотын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож буйг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Россия 24” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Тэрбээр “Сирийн иргэд иргэний дайн болон хэт даврагчдын эцэс төгсгөлгүй халдлагаас болж их хохирол амсч байна. Нэг гүрэн энэ бүхнийг зогсоох хэтэрхий хүндрэлтэй боллоо. ОХУ, Сирийн тусгаар тогтнолыг хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж байгаа ч хараахан үр дүнг үзүүлж чадахгүй байна” гэж хэлжээ.
“2011 онд иргэний дайн дэгдэхээс өмнө Алеппо хотноо 2.5 сая иргэн амьдардаг томоохон хот байсан. Харин өнөөдөр тус хотноо 700 мянган хүн амьдарч, олон улсын тусламжийн бараагаар хэрэгцээгээ хангаж байна. Орос Алеппо хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор байгуулсан. Алеппо хотноо хууль үйлчлэхээ болиод удлаа. Учир нь өчигдөр гэхэд хотын зүүн хэсэгт террористууд 40 хүнийг ямар ч шалтгаангүйгээр цаазалсан. Энэ онд террористуудын гарт 300 гаруй хүн амиа алдсан. ОХУ сар бүр Алеппо хотын иргэдийг тоолж, хүнд нөхцөл байгаа иргэдэд туслах замаар террористуудтай тэмцэж байна. Энэ байдал үргэлжилсээр байвал Алеппо хот бус дайны талбар боллоо” гэж Сергей Шойгу мэдэгдсэн байна.
Алеппо хотод өдөрт 50 хүн амиа алдаж, 200 хүн шархтаж, долоо хоногт 2-5 удаа террорист халдлага болдог. Цахилгаан, цэвэр ус тасраад жил болж байна. Хотын иргэд эмнэлгийн тусламж авах боломжгүй болжээ. Учир нь тус хотын ихэнх эмнэлгийг агаараас бөмбөгдсөнөөс болж олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллага тус хотыг орхин гарахад хүрчээ. Өнгөрсөн зургаадугаар сард Алеппо хотын хамгийн том “Аль Кудс” эмнэлгийг агаараас бөмбөгдсөн юм. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага Оросын байгуулсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорын тусламжтай иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж эхэлжээ.
Ирэх сарын 30-ны өдөр Орос, Сири улсад цэргийн ажиллагаа явуулаад жил болох юм. Орос улс цэргийн ажиллагаа явуулснаар Ойрхи Дорнодын толгойны өвчин болоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг хүнд байдалд оруулсан билээ. Олон улсын тагнуулын мэдээллээр тус бүлэглэл нийт хөрөнгийнхөө 70 орчим хувийг алдаж, дайчны тоо нь 80 хувиар багассан гэв. Байлдааны ажиллагааны үеэр ихэнх туршлагатай дайчид нь амиа алджээ. Мөн тус бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогчид нь амиа алдсанаар Ирак, Сири дэх хүч нь эрс багассан аж. Пентагоноос “Тус бүлэглэл 2013 онд 100 мянган дайчинтай байсан. 2016 оны зургаадугаар сарын байдлаар дайчдынх нь тоо 10-20 мянга болсон” гэж мэдээлжээ.
Исламын улс энэ онд хяналтадаа авсан Сирийн 3, Иракийн 2 хотыг армийнханд алдаж, ухарсан билээ. Эдгээр үйл явдлын дараа тус бүлэглэл илүү хэрцгий болсон талаар олон улс онцолж байна. Тус бүлэглэл өөрсдийнх нь эсрэг нэгдсэн улс орнуудад халдлага үйлдэх замаар өшөөгөө авах нь ихэссэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд исламын дайчид 10 гаруй улсад террорист халдлага үйлдэж, 500 орчим хүний аминд хүрчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өнгөрсөн сарын 5-ны өдөр Алеппо хотноо 72 цагийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулсан юм. Энэ хугацаанд олон улс хотын иргэдэд тусламж үзүүлэх ёстой байсан ч Сирийн сөрөг хүчний эсэргүүцэлтэй нүүр тулсаны улмаас удирдагчдын хэлэлцээр хэрэгжээгүй билээ.
Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын хүсэлтээр удирдагчид хэд хэдэн удаа утсаар холбогдсон ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Путин өнгөрсөн сарын 28-ны өдөр Сирид туслах төвийг байгуулан, тус улсад тусламж үзүүлэх болжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросууд бүхий л бололцоогоо ашиглаж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэмжлэгтэй Сирийг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж байгаа ч бидний эсрэг хэтэрхий олон дайсан байна. Бидний хийсэн бүхнийг үгүйсгэж байна” гэж мэдэгджээ.
Германы Канцлер Ангила Меркел Сирийн хямралыг зогсоох эцсийн найдвар бол Ассадын байр суурийг сонсох” гэсэн байна. Тэрбээр мөн энэ ондоо багтаан АНУ, ОХУ, Франц болон Германы удирдлагууд Сирийн асуудлаар хэлэлцэж, Ассадтай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ