Ц.Зориглон: Эм нохойнд “спэй” хийвэл буудаж алах шаардлагагүй болно

“Азтай савар” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглонтой ярилцлаа.
-“Азтай савар” Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хүмүүст их хүрсэн байдаг. Танайх хэзээ анх байгуулагдсан бэ?
-2012 онд “Азтай савар” төрийн бус байгууллагыг Төрийн соёрхолт зураач С.Cаранцацралт, Америкт нохой сургагчаар төгссөн н.Баатар болон энэ чиглэлээр ажилладаг хоёр америк хүнтэй хамтран байгуулж байсан юм билээ. Гадны улс орнуудад байдаг байгууллагуудын үйл ажиллагааг судалж, тэднээс туршлага авч, гэмтэж бэртсэн нохойг эдгээж, золбин нохойг эзэнтэй болгох зорилготой ажилладаг. Энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 10 гаруй залуус ажиллаж эхэлсэн бол 2013 оноос бидэнд Төрийн бус байгууллагыг хариуцуулснаас хойш фэйсбүүк групп нээж, тэндээ тогтмол үйл ажиллагаа явуулж, мэдээ мэдээлэл оруулсаар одоо 30 гаруй мянган гишүүнтэй болчихсон байна.
Бид хамгийн анх 2013 оны өвөл 50 шахам гөлгийг аварсан юм. Гэвч энэ хангалтгүй ажил байсан. Цаана нь хэдэн арван мянган гөлөг, нохой хөлдөж үхэж байгааг харж байсан. Тиймээс нохойг аюулаас аврахаас илүүтэй энэ байдлыг зогсоох ажил чухал юм гэдгийг олж харсан.
-Золбин нохой жилээс жилд олширч байна гэдэг. Үүнийг зогсоох ямар арга зам байна?
-Гол эх үүсвэр нь хашааны айлуудад байдаг. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд “Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг юм билээ. Энэ бол ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс засал. Энэ мэс заслыг гэр хорооллын айлуудын эм нохой бүрт хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтойг тооцоолж судалсан.
Бид өөрсдөө мөнгийг нь босгоод энэ ажлыг эхлүүлж, 150 гаруй нохойнд “Спей” хийж өгсөн. Энэ нь бага тоо мэт сонсогдовч нэг эм нохой жилд хоёр удаа гөлөглөж, нэг төрөхдөө 6-12 гөлөг гаргадаг гээд тооцоход хоёр жилийн дотор 100, дөрвөн жилийн дотор зургаан мянган гөлөх төрөх магадлалтай байсан. Энэ нь эр эм гөлөгний тоо тэнцүү гарсан гэж тооцоолоход шүү дээ. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой таван жилийн дотор 50-60 мянга болж үржих боломжтойг гаргасан байдаг.
Тэгэхээр бид 150 нохойнд “спэй” хийснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин нохдыг устгалаа. Ямартаа ч бид энэ ажлыг эхлүүлснээс хойш “Спей” гэдэг үгийг хүмүүс мэддэг болсон шүү.
-Танай ажлыг хүмүүс хэрхэн хүлээн авч байна. Төр засаг, нийслэл, дүүргийн холбогдох хүмүүст хандаж байв уу?
-Манай нийслэлийн удирдлагууд өдөр бүр, жилээс жилд нохойг хэдэн зуугаар нь устгаад байгаа ч үр дүн гардаггүй. Учир нь ямар ч хараа хяналтгүй ноход үржсээр, өссөөр л байна. Тиймээс буудахаас илүүтэй үржил зогсоох хагалгааг л хийдэг болооч гэсэн хүсэлтийг тавьж нийслэлийн удирдлагууд дээр орсон ч ойлгож, хүлээн авч, ажил хэрэг болгосонгүй.
Уг нь нэг нохойнд үржил хаах мэс заслыг 80-130 мянган төгрөгөөр хийдэг. Төр засгаас энэ мөнгийг шийдээд арга хэмжээ авчихвал 12 мянган төгрөгөөр нэг нохой буудаж байснаас илүү үр дүнтэй юм. Үүнээс гадна золбин нохойг буудахаас гадна 7500 төгрөгөөр худалдаж авдаг болчихлоо. Ингэхээр нохой цөөрөх бус харин ч мөнгө олох хэрэгсэл болгоод хүмүүс хашаандаа тэжээж үржүүлээд байгаа юм. рхичид, пс тоголдог хүүхэд,бага орлоготой айлуудын хүүхдүүд нохой хөтөлж аваачиж зарах гэж байгаад өөрсдөө нохойнд уруулах явдал их гардаг болсон. Энэ нь хамгийн буруу шийдвэр болсонд харамсч байна.
-Бусад улс орны туршлагаас харахад золбин нохойгоо ямар арга замаар цөөрүүлсэн байх юм?
-Олон оронд “Спей” хийсний дүнд золбин нохойноосоо салж чаджээ. Тухайлбал, Турк улс золбин нохойгоо барьж аваад “Спей” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот нохойгүй болсон. Одоо бол тэнд нохой өндөр үнэтэй. Нохойны үнэ өндөр байна гэдэг олон давуу талтай. Хүн их мөнгө төлж нохой худалдаж авбал хайрлаж, хариуцлагатай хандана. Манайд бол гурван жилийн өмнө 500 мянга байсан нохойг 50 мянгад зарна, хоёрыг жаран мянгад гээд эд бараа хувцас зарж байгаа мэт үнэгүйдүүлж хандаж байна.
Одоо хэдий болтол амьд амьтнаар бизнес хийх билээ. Хүнлэг энэрэнгүй нийгэм гэж ярьдаг хэрнээ амьд амьтныг хайрлахгүй болж байгаа нь эмгэнэлтэй. Өдөр бүр хэдэн зуун нохой бууддаг. Гэтэл гэгээн цагаан өдөр, хүүхдүүдийн дэргэд нохой буудна гэдэг тэдэнд ямар үлгэр дууриалал өгөх билээ. Гаднаас ирсэн хүмүүс нохой буудаж байгаатай таараад цочролд орж байсан.
Тиймээс жилд 100 мянган нохойг 120 саяар буудаж байхаар, энэ мөнгөөрөө 12 мянган нохойд үржил зогсоох хагалгаа хийгээд, вакцин тариад тавьчихья л даа. Энэ маягаараа таван жил болоход Улаанбаатар хот золбин нохойноосоо сална гэдгийг хэлэх байна.
-“Спэй” хийх мал эмнэлэг манайд хэр олон байдаг вэ. Тэдэнд нийслэлтэй хамтран ажиллах, үнээ багасгах боломж бий болов уу?
-Бид хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн мал эмнэлгүүдтэй холбоотой ажилладаг. Тэд хагалгааны хөлсөө хэрхэн буулгавал боломжтой байна гэдгийг ярилцаж байна. Гадны улсууд энэ аргыг хэрэглээд үр дүнг нь үзчихээд байхад манайх хамгийн муу хувилбар болох улам ихэсгэх аргаар ажиллаж байгаа нь асуудлыг гол юм.
Энэтхэг улс ч олон сая золбин нохойгоо ийм аргаар багасгаж барьж байна. Тиймээс манай улс ч нийслэл хотын удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, зохицуулалт хийх хэрэгтэй байна.
-Манайд нохой, муур тэжээх хууль журам гэж байдаг уу?
-Бид 2014 оны эхээр нийслэлд нохой, муур тэжээх журмыг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, хувийн мал эмнэлгүүд, манай төрийн бус байгууллага хамтраад шинэ журам боловсруулсан юм. Гэвч нохой муурны талаар ямар ч ойлголтгүй хүмүүс ажлын хэсэгт байснаас утгыг нь алдуулаад, батлуулж чадаагүй.
Уг нь тэр журам батлагдсан бол нохой тэжээх хүний хариуцлага, эрх, үүрэг бүгдийг нарийн тусгасан байсан. Ингэснээр амьд амьтан тэжээх хүн илүү хариуцлагатай болох байсан юм.
-Эзэнгүй нохой муур олшрох хэрээр бусад эзэнтэй амьтдад төдийгүй хүнд халдах өвчин нэмэгддэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
-Нохойн баас шээс, хоолны үлдэгдлээс эхлээд орооны үеэр орчин тойрноо ихээр бохирдуулдаг. Харин эм нохойнд “Спэй” хийснээр орооны үе гэж байхгүй болоод эр нохой шаваад байдаггүй. Мөн хашаагаа орхиж гарахгүй манаачийн үүргээ үнэнчээр хийдэг. Олон гөлөг төрж гадуур үхэж орчин бохирдуулахгүй. Олон сая төгрөгөөр буудах эдийн засгийн эрсдэлгүй болно. Хамгийн гол нь бид амьд амьтан буудан хороохгүй хүмүүнлэг амьдарч, үр хүүхдээ энэрэнгүй хүмүүс болгож өсгөнө шүү дээ.
-Өөрөө “Азтай савар” төрийн бус байгууллагын ажилд хэзээнээс оролцох болсон бэ?
-Би багасаа л нохойнд хайртай хүүхэд байсан. Ялангуяа 1980, 1990-ээд оны эхэн үеийн хүүхдүүд нохой их тэжээдэг хайрладаг, арчилдаг байсан шүү дээ. Тухайн үед золбин нохой ч бага байж. Одоо манай үйл ажиллагаанд 30 гаруй насны залуус идэвхтэй оролцдог.
Одоо хүмүүсийн хариуцлага ухамсар муудаж, зохицуулах дүрэм журам байдаггүйгээс хүмүүсийн эзний үүргээ биелүүлдэггүй болжээ. Зөвхөн хашааны нохой гэлтгүй гэрийн, зодооны үүлдэртэй нохойг ч тэжээж арчилж чадахгүй болохоор гаргаад хаячихдаг. Саяхан манай “азтай савар”-т нэг жаахан гөлөг авчрахад хүүхдүүд зодож хөлийг нь хугалаад хашааны будгаар бүх биеийг нь будчихсан байсан. Одооны зарим айлын хүүхдүүд амьтан хайрлаж мэдэхгүй ийм харгис хэрцгий болж өсөн торниж байна.
Бид гудамжнаас олж тэжээгээд эзэнтэй болгосон нохой 1000 хол давна. Бид тэдгээр нохойн эмэгтэйд нь “Спей” хийж явуулдаг.
-Та нар тэр олон гөлгийг аварч тэжээж тэнхрүүлэн эзэнтэй болгох, “Спей” хийлгэх мөнгөө яаж гаргадаг юм бэ?
-Хандивын мөнгөөрөө л энэ бүх ажлыг хийдэг дээ. 150 нохойнд “Спэй” хийлгэсэн төлбөрөө зарим эмнэлэгт төлөөгүй, бараг таван сая төгрөгөө өгөөгүй л байна. Энэ бүхнийг шийдэх гэж бид өөрсдийн зардлаар зөвхөн “Спей” хийдэг эмнэлэг нээсэн боловч зөвшөөрөл нь гарахгүй найман сар болж байна. Тэр байраа нохойн өдөр өнжүүлэх хэлбэрээр ашигласаар одоо түрээсээ ч төлж чадахгүй болоод ирлээ. Уг нь энэ эмнэлгийн зөвшөөрлийг гаргаад өгчихсөн бил найман сарын хугацаанд хэчнээн нохойн үржлийг зогсоох боломж байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин / Н.БАТСУУРЬ/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ