Аз жаргал үйлдвэрлэгчид

Баялаг үйлдвэрлэгчид бий болгох тухай ярих бол импортыг шүтсэн манайх шиг улсад чухал биз. Харин амлалтаар аз жаргал үйлдвэрлэнэ гэсэн сурталаасаа намууд салмаар болжээ. Бэлэн сая төгрөгөөр аз жаргал үйлдвэрлэхээр шийдэж, Чалко-д 300 сая ам.долларын өр тавьж, Оюутолгойг саалийн зэл биш өрний уяа болгож байсан гол санаачлагч нам одоо төр барьж байна. Олуулаа ирээд олууланд нь аз жаргал бөөндөх уриатай гарсан АН-ынхан өвөөгийн нэр барьсан Бондын хаялгаас бондойж аваад гадаадад аялж, казино эргүүлэн дээд түвшний аз жаргалын эрэлд гарахаар тааваараа суниагаад сууж байна.
Яагаад ийм байгаад байна. Сонгуулийн үр дүнгээр ард түмний хүсэн хүлээсэн эргэлт өөрчлөлт нийгэмд яагаад гарахгүй байна. Хөгжлийн бодлого нь яагаад дандаа намын эрх ашгийн ард бүртэлзээд алга болоод байна. Юуны учир албан тушаал томилгооны ач холбогдол намын гол асуудал болоод байна. Яагаад ийм сул төр байж, чадваргүй сайдуудыг томилох шахаанд намууд ороод байна. Үүнд хариулт өгөхөөс нааш гүн хямралаас гарах тухай яриад хэрэггүй. Үндсэн хууль дахь төлөөллийн үзэл санаа, ардчиллын баталгааг хангах нэрээр бүрэлдсэн намуудын тунгалагшилийн тухай нарийн ярилцаж, шүүн хэлэлцэхгүйгээр энэ улс дотроосоо өтөж, их урсгалд шидэгдэхээр болчихжээ.
Намууд төрийн нэг инстүүц болохоо нийгмийн бодлого, жижиг зохицуулалтын асуудлууд дээр харуулах төдий боллоо. Харин том бодлого, төсөв мөнгө стратегийн асуудал, реалполитик нь салхи орохооргүй битүүрч үе дамжсан хэлхээ холбоо, нам хамааралгүй найзалдаг хэдхэн эзэдтэй дээдсийн хүрээнд залгамжлагдан уламжлагдах байдал ажиглагдаж байна. Олон нийт сонголтоо аль ч хувилбараар хийсэн ялгаагүй. Намууд гэдэг ямар болсон байна. Үндсэн хуулиар төр барих шууд оролцоотой гэсэн утгаар нь сүжрэн бөөгнөрсөн хэсэг хөрөнгөлөг бүлгийн өмч болчихсон. Сорчлон хүртэж таллан хуваадаг бялуу нь улсын төсөв. Тэндээсээ мөлжөөд юм гарахгүй бол бонд зээл аван ирээдүйн өрөөр энэ цагийн амьдралаа тансаглуулдаг. Ахуй дүр нь улстөрч, эх оронч боловч авч завшиж буйг нь харахаар сүрэг дээрэмчин мэт.
Онол баримтлалын хувьд баруун, зүүний гэж хоорондоо ялгармар аяддаг байсан намууд одоо цайрч, нам доторх бүлэг эрх ашгийнхаа сонирхол, тэднийхээ шууд захиалгаар ил тод хуваагдан ажилладаг боллоо. АН арай дөнгүүр байсан Н.Алтанхуягийн засгаа унагааж байхад, итгэл авч ялсан МАН-ын зарим нэг сайдын томилгоон дээр илт савласан шийдвэрүүд гаргаж, сонгуулийн санхүүжилт хийсэн тулгалтаар сайд оруулж ирж байснаас хэнд үйлчилдэг, ямар эрх ашиг эхэнд тавьдаг бүлэглэлийг төрд гаргаснаа бид харж болно. АН-ын олуулаа үед ч энэ сэдвийг олон удаа хөндөж байсан.
Мэдлэг туршлагатай нь бус мөнгөтэй бүлэглэлтэй нь сайдын тавцанд гарч, төрийн нүсэр ачааг шагналын одон мэтээр эндүүрсэн яриатай яваад байна. Товчдоо бол ард түмэн МАН-ыг маш сайн засаг төр бүрдүүлж чадах нөөцтэй гэж найдсан.
МАН-ын шинэ засаг дөнгөж эмхлэгдээд цалин хасах, татвар нэмэх төсөл бариад хямрал гэсэн гоншигнол зүүгээд ороод ирж байна. Жил бүрийн намар гардаг “төсөв хүндэрлээ” гэдэг энэ шалтаг ёстой болимоор ужиг үзэгдэл. Төрд гарсан аль ч нам ингээд төсөв тодотгол яриад чичрээд ирэхээр л цаана нь санхүү нь суларсан олигархуудын компанийн эрх ашиг цухалзаад эхэлдэг. Орж ирэхгүй орлогоор хөөсрүүлж байгаад хэзээ ч нөхөгдөхгүй ажил гүйцэтгэл тавиулж аваад мөнгийг нь нууц компаниараа дамжуулаад авчихдаг төсвийн энэ мөлжлөгийг АН, МАН хоёр харилцан ирмэлцэж хийсээр ирсэн. Араас нь тодотгол нэрээр ард түмэн нөхөөс хийж, татвараа нэмүүлдэг бол одоо бараг үүрэгжих шахуу болов.
Барууны зарим нэг улс төрийн жүжиг манайхтай адил. Намууд нь талцан бие биенээ шүүмжлэн мэтгэлцэж парламентад төр бариад байгаа мэт харагдана. Үнэн хэрэгттээ ээжлэн төр эзэгнэх механизм үүсгэж, санхүүжүүлэгч бүлгийнхээ эрх ашиг дээр нэгдээд хамтын шийдвэр гаргаад явчихдаг. Гэхдээ наанаа бол ардчиллын багаа зүүсээр олон ургальчаар хоорондоо үзсээр л байдаг. Энэ нь бол манайд төгс хуулбарлагдсан байна. Сонгууль болохоор намууд бүгд л амлалтаараа аз жаргал үйлдвэрлэж, уриагаар уяраасаар байдаг. Олуулаа баяжина, Хамтдаа хөгжинө гэх мэтээр... Гэхдээ тэр баруунд чинь арай ч манайх шиг нэг хүний карьерийг хаахын төлөө хүчин төгөлдөр бүлэг хуулийг үйлчлэлгүй болгож хойшлуулдаггүй.
Сонгууль дууссаны дөнгөж эхний намар хаалга тогтшиж байгаа үнэн ба ардчилсан төрөө ядаж тавин хувьтай авч үлдэх боломж бол Хариуцлагын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлын тухай зэрэг хуулиудыг өргөн барьж нэн даруй хэлэлцэхийг эрх баригчдаас шахах явдал. Мөн туршлагатай эдийн засагчид ба иргэний шударга төлөөлийн оролцоог хангасан эдийн засаг, нийгмийн бодлогын хараат бус зөвлөлийг даруй байгуулж “төсвийн манаач” бий болгох явдал. Үүнийг хийгээгүй цагт энэ төсөв хэзээ ч эрүүлжихгүй. Энэ удаа бүсээ чангалаад ч, ирэх жил тэсээд ч чанарын өөрчлөлт гарахгүй. Төсөв баталдаг түшээд тойрог хэсэгтээ аз жаргалын амлалттай, хэдэн компанид санхүүжилтийн өртэй байхад өөр зам харагдахгүй байна.
Нэмж харамсахад хэн энэ мэт суурь заслын төлөө тууштай явж үр дүн гаргах билээ. Арай дөнгүүр гэдэг улстөрчид бүгд тархиа шавхан уран үг эвлүүлдэг жиргээч болчихсон байгаа. Дөрвөн жил төр барихдаа дотоод тэмцэлдээ идэгдэж, нам ялагдаж, хэдэн төсөв зэрэг нээсэн “нээнтэгт” ороод байгаа АН хэвтрийн дэглэмтэй байна. Ийм үед төр барьж буй МАН дотроо салхитай, дотоод ардчилал нь бүр унтарчихгүй байгаасай гэж найдах л юм даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ