Павел Милюков: 400 жилийн түүхтэй хийлээр тоглоно

ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр Павел Милюковоос цөөн асуултад хариулт авлаа.
-Эхлээд Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Мэдээж, сэтгэл өндөр байна. Би багаасаа хийл тоглож сурсан. Тэр үеэс л Монгол орон надад их л ойр санагддаг байсан. Яагаад гэвэл утсан хөгжмийн нумыг дэлхий дээр зөвхөн монгол цагаан морины хялгасаар хийдэг учраас үүнтэй холбоотойгоор Монгол орны талаар мэдлэгтэй болж байлаа.
-Дөрвөн настайгаасаа хийл тоглож сурсан гэсэн. Хэрхэн сурсан талаараа сонирхуулах уу?
-Тийм ээ. Би дөрвөн настайдаа анх хийл гэдэг хөгжмийг анхлан тоглож сурсан. Эхний арван жил тэндхийн хамгийн алдартай багшаар хичээл заалгасан. Дараа нь Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторит сурсан. Дараа нь Оросын Алдарт жүжигчин Владимира Иванов багшийн удирдлага дор төгсөөд одоо урилгаар сургуульдаа ассистент буюу туслах багшаар ажиллаж байна. Ажиллахын хажуугаар 2013 оноос Австри улсын Венийн Консерваторит нэрт профессор Бориса Кушнира багшаар хичээл заалгаж, мэргэжил дээшлүүлж байгаа. Бориса Кушнира бол өнөө цаг үеийн бүхий л алдартай хөгжимчдийн багш. Тийм учраас би тэр хүний сурагч гэдгээрээ бахархаж явдаг.
-Хийлч Э.Мөнх-Эрдэнийн урилгаар манай улсад иржээ. Та хоёр хэрхэн танилууд болов?
-Миний сайн найз. Бид хоёр нэг сургуульд сурсан. Тэр намайг эх орондоо ирж тоглохыг санал болгосон.
-Саналыг нь хэрхэн хүлээж авав?
-Би эхлээд Монгол оронд очих эсэхдээ эргэлзэж байсан. Харин ирээд үзэхээр гайхалтай мэдрэмж авсан. Гайхалтай мэдрэмж гэдэг нь танай улсын хөгжмийн оркеструуд. Тэгээд бас байгаль нь. Өчигдөр бид байгальд амарч байгаад ирсэн. Байгаль нь хамгийн гоё санагдлаа.
-Монголд анх удаа "Ex-Szigeti" хэмээх хийл хөгжмийг эгшиглүүлэхээр авч ирсэн гэж сонссон?
-Тийм ээ. Италийн XVII зууны утсан хөгжмийн нэрт Мастер А.Гварнерийн "Ex-Szigeti” хийл хөгжим надад бий. Түүгээр тоглоно. Үндсэндээ 400 жилийн түүхтэй хийлийн аялгуу Монгол улсад эгшиглэх юм.
-Энэхүү хөгжим дэлхийд 3 сая еврогоор үнэлэгдсэн гэдэг. Та худалдаж авав уу?
-Одоогоор минийх болоогүй түр хэрэглэж байгаа юм. Санкт-Петрбургын хөгжмийн сангаас Швецарийн хувийн сангаар дамжуулан энэ хийлийг би өөртөө авсан. Дэлхийн хамгийн ховор хөгжим миний гарт байгаа нь том аз завшаан юм.
-Энэ хийлээр хэр удаан тоглож байна вэ?
-Дөрвөн жил тоглож байна. Үндсэндээ Швецарийн фондоос надад түр хэрэглүүлж байгаа юм. Энэ бол маш ховор хөгжим. Тийм учраас хөгжмийн хөг аялгууг бодитоор Монголчуудад сонсгохоор авчирсандаа баяртай байна.
-Концертод ямар бүтээлүүд тоглох вэ?
-Тоглолт гурван хэсгээ бүрдэнэ. Тоглолт хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй учраас эхэнд удитгал хөгжим буюу баярын симфони тоглоно. Дараа нь “Кармен” дуурийн аялгуунаас сэдэвлэсэн уран сэтгэмж болон хийлийн гоцлол симфони найрал хөгжимд зориулсан алдарт нэгдүгээр концертыг тоглох юм.
-Уран бүтээлүүдийг та өөрөө сонгов уу?
-Тэгсэн. Програамд орсон бүтээлүүдийг дэлхийн бүхий л алдартай хийлч тоглолтын программдаа оруулдаг учраас хүмүүсийн сонирхлыг татна гэж найдаж байна. Монголчуудад гайхалтай концертыг хүргэхээр бид бэлтгэж байгаа.
-Таны хувьд хийлийн шилдэг таван уралдааны гуравт нь тэргүүн байр эзэлсэн юм билээ. Амжилтынхаа талаар товч танилцуулах уу?
-Миний хувьд А.Хачатуриян, П.И.Чайковскийн Д.Ойтрахын нэрэмжит уралдаанаас Гранпри, тэргүүн, дэд байр хүртэж байсан. Мөн 2007 онд Италийн домогт хөгжмийн зохиолч, хийлч Н.Паганини нэрэмжит олон улсын хийлчдийн уралдааны тэргүүн байрыг хүртэж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ