Рене Зеллвегер: Эргэлзэж, харамсч үзээгүй эмэгтэй хүн үгүй

“Брижит Жонсоны өдрийн тэмдэглэл: Хүүхэд” киноны гуравдугаар анги өчигдөр Лондон хотноо нээлтээ хийлээ. Уг киноны гол дүр жүжигчин Рене Зеллвегерийн “ELLE" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Дэлгэцээр гарсан цагаасаа олон мянган үзэгчтэй болсон “Брижит Жонсоны өдрийн тэмдэглэл” киноны шинэ анги өнөөдөр нээлтээ хийлээ. Уг бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Рене Зеллвегертэй ярилцах боломж бидэнд олдлоо. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна?
-Баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Олон сарын хичээл зүтгэл минь өнөөдөр нээлтээ хийхийг харах жүжигчин хүний жаргал. Гадаа маш хүйтэн байна. Гэхдээ миний сэтгэлд маш хурц нар мандаж байна. Би сэтгэл хангалуун байгаагаа хэлэх нь зүйтэй. Хамтран ажилласан бүх уран бүтээлчдээ талархаж байна. Та бүхний дэмжлэгээр энэ бүтээл нээлтээ хийлээ. Хэдий би гол дүрийг бүтээсэн ч та бүхэн байхгүй бол өнөөдөр энэ кино хаана явж байгааг тааварлашгүй. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.
-Та улаан хивсээр алхахдаа найз залуу Доли Брамхэлийг дагуулан ирлээ. Хамтдаа улаан хивсээр алхаж байгаа нь анхных санагдаж байна?
-Тиймээ энэ үнэн. Бид анх удаагаа л улаан хивсээр гар гараа барьцгаан алхаж байна. Их сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо.
-Энэхүү үйл явдлын дараа та хоёрыг гэрлэнэ хэмээн шуугих байх. Хэзээ та хоёрын харилцаа шат ахих бол?
-Сайн мэдэхгүй юм. Бид их удаан хугацаанд хамтдаа байлаа. Бүх цаг үед нэг нэгнийхээ дэргэд байсан.
-Та хэзээ эхнэр болон ээж болох вэ?
-Энэ асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа ч үнэнийг хэлэхэд энэ амьдрал гэх уран бүтээлд эрчүүд гол дүр, шийдвэр гаргадаг байгаасай хэмээн хүсдэг. Та хажуудаа суугаа хайртай бүсгүйнхээ нүүр рүү хараад юу хүсч байгааг нь мэддэг байх хэрэгтэй.
-Өнөөдөр нээлтээ хийж буй бүтээлд та жирэмсэн болдог. Энэ талаар сонирхуулаач?
-Их хөгжилтэй байсан. Нэг л өдөр ээж болох байх. Гэхдээ хэзээ ээж болохоо мэдэхгүй байна. Энэ бүхэн үргэлж оньсого шиг байдаг. Энэ кино инээдмийн кино боловч үнэн хэрэгтэй жинхэнэ амьдралын талаар өгүүлж байгаа юм. Бүх л эмэгтэйн амьдралд хоёр салаа зам гарч ирдэг. Нэг нь зөв, нөгөө нь буруу. Мэдэхгүй юм. Зөв хаалгаа онгойлгосон эмэгтэй жинхэнэ аз жаргалтай учирдаг. Харин зөв хаалгаа онгойлохын тулд чи асар урт хугацааны аялалд явах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг зорьсон гэхэд болно. Эргэлзэж, харамсч үзээгүй эмэгтэй хүн үгүй. Бүгд л алддаг. Гэхдээ алдаагаа засч болно. Тиймээс зоригтой, тууштай байх хэрэгтэй.
-2011 онд эхний анги, 2004 онд хоёрдугаар анги гарсан. 12 жилийн дараа энэхүү уран бүтээлдээ тоглох ямар байна. Мэдээж хэрэг жүжигчдийн бүрэлдэхүүн бага зэргийн өөрчлөгдсөн?
-Өнгөрснөө дурсах сайхан. Хоёр жилийн өмнөөс энэхүү киноны шинэ анги гарна гэх яриа гарсан. Би энэ киноны нэг хэсэг учир уг яриа миний анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Энэ нь цуу бус жинхэнэ яриа гэдгийг найруулагчаасаа сонсоод ихэд баярласан. Яг л бяцхан охин шиг баярласан. Брижитийн дүрээр би өөрийгөө олсон. Брижит бол хийсвэр дүр бус зүгээр л миний дотоод хүн.
-Ихэнх уран бүтээлч өмнөхөөсөө өөрчлөгджээ.
-Тиймээ, хөгширсөн. /инээв/ Энэ киноны шүтэн бишрэгчид байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ, би итгэж байна.
-Хю Грантын оронд Патрик Демпсей тоглосон. Шинэ хамтрагчтай ажиллах ямар байв?
-Их таалагдсан. Бид нэг нэгнээ их сайн ойлгодог. Үнэнийг хэлэхэд, надад гол дүр өөрчлөгдсөн гэх мэдрэмж төрөхгүй байсан. Хю Грантаас дутахааргүй чадварлаг залуутай хамтран ажилласандаа баяртай байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ