“Хун чуулсан СИЛЬФИДА”

img

 

 “Анука хөлөө яагаад нугалаад байна. Хулан сайн доошоо тонгойгоорой” гэх дуунаар бяцхан охид бөгтөсхийн  тонгойж, толгойгоо хөлтэйгээ нийлүүлэх гэж хичээх нь эгдүүтэй. Энэ дасгал тэдэнд жаахан хүнд санагдав бололтой. Харин үүний дараа өлмий дээрээ хагас гишгээд алхахдаа өнөө охидууд өөрсдийгөө үнсгэлжин эс бөгөөд үлгэрийн дагина мэт төсөөлж буй нь харцнаас нь илхэн. Цэцгэн настай эдгээр охидуудыг хунтай зүйрлэвэл  “Сильфида” сургуулийг хун чуулсан нуур хэмээн нэрийдмээр.

 

Балетын мэргэжлийн сургуулийн бага ангийн хичээл эхэлж байгаа нь энэ. Өлмий, өсгий, өвдөг, мөр, дал.., нуруу, гэдэс.., гар, хуруу... Хүүхдүүд эд эрхтэн бүрээ мэдэрч, хөдөлгөөн нэг бүрээ удирдаж сурахаар уянгын аялгуунд уусан бүжнэ.

 

Монголдоо шилдэг нь гэж дөвийлгөж болох балетын мэргэжлийн “Сильфида” сургуулийг үндэслэгч М.Төмөрцоож багш шинэ элсэлтийнхэнтэйгээ хичээллэж эхлээд хэдхэн хоногийг ардаа үдээд байгаа нь энэ. Хүүхдүүд одоохондоо “баримлын шаврын” хэмжээнд байгаа мэт сэтгэгдэл хөндлөнгөөс харсан хүнд төрнө. Гэвч багш энэ шавраар урлагийн бүтээл хийж, “Хунт нуур”-ын хар, цагаан хун амилуулна даа. Ингээд бодохоор балетын урлаг өөрөө гоо сайхны туйл юмдаг уу.

 

Эднийх есдүгээр сард шинэ элсэлтээ авч долдугаар сарын 10-ныг хүртэл хичээллэж, жилдээ нэг удаа сурсан мэдсэн зүйлээ эцэг эхдээ танилцуулж, тайлан тоглолт хийдэг байна. Хамгийн багадаа гурван настай хүүхдийг элсүүлдэг бөгөөд 3-5 нас, 6-9 нас, 10-15 нас, 16-18 нас, 18-аас дээш насанд хүрэгч гэсэн ангиллаар хичээлээ заадаг байна. “Сильфида” сургууль нь балет, төгөлдөр хуурын хосолсон сургалттай юм байна. Төгөлдөр хуураар дамжуулан төлөвшил олгодог ажээ.

 

 

 “Хүүхэд бүр матеаматик ч байх албагүй” гэдэг үг бий. Үүний адил балетын сургуульд сурсан хүүхэд бүр балетчин, эсвэл бүжигчин болох учиргүй. Тиймээс ч суралцахаар ирсэн хүүхэд бүр мэргэжлийн балетчин болох албагүй гэдгийг М.Төмөрцоож багш хэлж байна. Түүнтэй засварлагааных нь цөөн хэдэн минутад амжиж зарим асуултад хариулт авлаа.

 

-Танай сургууль мэргэжлийн бүжигчин бэлтгэж байгаа гэдэг утгаараа тодорхой хэмжээнд байгалийн өгөгдөлтэй, авьяастай хүүхдүүдийг сонгож авдаг уу?

 

-Гоё байх гоо зүй мөн. Гэхдээ анхан шатны харилцаа, биеэ авч явах байдлаас гоо зүй эхэлдэг. Тийм учраас би хүүхдүүдэд балетчин бол гэхээс илүүтэй зөв хүн, хувь хүн байх төлөвшилийг эхлээд заадаг. Орж ирж байгаа хүүхэд бүр балетчин болохоор ирдэггүй. Янз бүрийн шалтгаанаар манай сургуульд элсдэг. Тухайлбал, цэх сууж чадахгүй хүүхдүүд их ирнэ. Цэх сууж чадахгүй болохоороо хүний өөдөөс духаараа хардаг. Тэрнээсээ болоод хүнтэй харилцаж чаддаггүй. Тийм хүүхдүүд хоёр, гурван сар балетаар хичээллээд нурууных нь бөгтөр тэгшрээд ирдэг. Тэгэхээр хүн рүү эгцэлж харж, инээмсэглэж чаддаг болдог. Энэ чинь л балетаар хичээллэсний анхан шатны гоо зүй юм. Үүний дараа алхаа гишгээ засна. Энэ нь өөрөө гоо зүй болж байгаа юм. Хүүхэд заавал бүжигчин болохдоо голно биш. Хамгийн гол нь төлөвших нь чухал.

 

-Тэгвэл хэт таргалалттай хүүхэд ч танайд элсэж болох уу?

 

-Болно. Учиргүй балет заахдаа биш. Дасгалаар биеийн галбирыг засах, хүмүүжил олгоход л түлхүү анхаардаг. Хүүхдийн биеийн онцлогт тохируулсан сунгалтын дасгал хийлгэнэ. Манай хүүхэд булчинаараа тарган, майжиг гишгэж яваад байна зэрэг шалтгаанаар эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж байна. Гурван настай хүүхдийн яс нь дөнгөж бэхжиж эхэлж байдаг. Тэгэхээр яс нь бэхжиж амжаагүй байхад тиймэрхүү зүйлсийг нь балетын дасгалаар дамжуулан засах боломжтой юм. Биеийн галбир гурван сар хичээллэхэд засагдаад ирдэг. Орчин үед хүүхдүүдэд биеийн тамирын хичээл маш дутагдалтай болжээ. Мөн хотжилттой холбоотойгоор хүүхдийн ясны бүтцэд өөрчлөлт орж эхэлсэн. Улмаар тэгш суудаг, зөв алхдаг хүүхэд ховор болсон байна. Улмаар хүүхдүүд хөдөлгөөний хомсдолд орж байна.

 

--Та орчин үеийн хүүхдүүд бүгд хөдөлгөөний хомсдолд орж байна гэж хэллээ. Балетаар хичээллэхээр ирж байгаа хүүхдүүдэд ч энэ байдал ажиглагдаж байна уу?

 

-Тэгэлгүй яахав. Энэ бүгдийг би цагаар багшилж байхдаа анзаарсан. Тэгээд л хүүхдүүдийг балетчин болгохоо болъё.  Балетын урлагаар дамжуулан хүүхдүүдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулъя гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Бидний үед түгжрэл, утас, интернет байсангүй. Биеийн тамирын хичээл ч маш сайн орж өвөл хүртэл бид уран гимнастикийн бүх дасгалыг хийдэг байлаа. Одоо бол орохгүй байна. Орохгүй болохоор хичээлдээ илүү анхаарал тавьж, байнга хичээлээ хийсээр байгаад сээрээрээ бөгтөр болоод байна. Хөлөө жийгээд суухаар нуруу нь бөгтийдэг. Нуруугаа тэгшлэнгүүт өвдөг нь тахийна. Энэ чинь цэвэр хөдөлгөөний дутагдалт орсны шинж. Тэгэхээр одоо цагт хүүхэд хөдөлгөөний дутагдалт орохгүй байх ямар ч орчин байхгүй болоод эрүүл мэндээрээ хохироод байна. Гурав, таван настай хүүхэд хэт таргалалттай. Дээр нь сахарын өвчтэй гээд ороод ирж байна. Энэ бол эмгэнэл. Бидний үед тийм өвчин битгий хэл хүүхэд өвдөнө гэдэг асуудал бага байлаа шүү дээ.

 

-Мэргэжлийн балетчин бэлтгэнэ гэж явцуурахгүйгээр олон шалтгаантай хүүхдийг сургаж байгаа нь их сайхан санагдлаа.

 

-Манай сургууль “Сонгодог урлагаар эрүүл мэндийг гэсэн уриатай” гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр нэгдүгээрт эрүүл мэнд. Хоёрдугаарт балетын урлагийн үнэ цэнэ, гоо зүйг мэдрүүлэх нь чухал юм. Мөн хүүхэд хэнтэй, хаана юу ярих. Үгээ хэрхэн сонгож ярих вэ гэдэг мөн гоо зүй. Аавыгаа чи гэж ярьдаг хүүхдүүд байдаг. Намайг багшаа гэж дуудахгүй. Үг хэлээр уйлдаг хүүхдүүд орж ирдэг. Урлаг өөрөө хагас цэрэгжилттэй учраас нөгөө хүүхэд маань хоёр, гурван хичээлийн дараа цаанаасаа хүндлэлд суралцана. Бусад хүүхдүүд хэрхэн ажиллаж байгаагаас өөрийн буруугаа аяндаа олж хараад ойлгоод ирдэг. Тэгэхээр энэ бүгдийг балетын урлагаар дамжуулан зааж байна. Хамгийн гол нь биеэ даах чадварыг суулгаж өгөх явдал юм. Хувцасаа ч сольж чадахгүй хүүхдүүд бий. Тэдэнд адгалаад хувцасаа өөрөө өмсөж сурах зэрэг биеэ даах чадварт сургадаг.

 

 

Балетын урлагийн үнэ цэнэ, гоо зүйг үр хүүхдээ мэдрүүлье гэсэн эцэг эхчүүд тантай шууд холбогдож болох уу ?

 

-Болно л доо. 99767997 дугаарт залгаж болно. Бид чинь “хун” ихтэй болсон /инээв/.  Оройн цагаар хичээлтэй болохоор утсаа авахгүй байх тохиолдол бий. Ажлын өдрөөр бол 11-15 цагийн хооронд утсаар яриад зөвлөгө мэдээлэл авч болно. Амралтын өдрүүдэд болохоор бүх цагуудад хичээлтэй байдаг.   

 

-Та хэдэн жил хүүхдүүдтэй ажиллаж байна вэ?

 

-Би бүжгийн урлагт хар багаасаа л хөл тавьсан. 2004 онд СУИС-д ороод сонгодог балетаар хичээллэж эхэлсэн. Төгсөөд ҮДБЭЧ-д бүжигчнээр ажилладаг байсан. 2009 онд төгссөнөөсөө хойш бага насны хүүхдүүдтэй ажиллаж байна. 2013 онд сургуулиа байгуулж багшаар ажиллаж байна даа.

 

М.Төмөрцоож багш өгүүлбэр бүртээ орчин цагийн хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж буйг өгүүлэх нь энэ асуудалд үнэхээр санаа зовниж явдгийг нь илтгэнэ.

 

 

Эднийд байнга явдаг 50-80 хүүхэд бий гэнэ. Тэдний нэг М..Хулан охин одоо зургаан настай. Түүний аав, ээж нь охиндоо гоо зүйн төлөвшил олгохоор энэ сургуульд элсүүлсэн гэнэ. Харин охин “Би хоёр жил балетаар суралцаж байна. Энэ жил би нэгдүгээр ангид орсон. Хичээлийнхээ хажуугаар балетдаа явж байгаа. Бүжиглэх гоё. Дасгалуудаас мост унах л их хэцүү санагддаг. Би том болоод бүжигчин болно. Багшдаа хайртай шүү. Намайг балетын сургуульдаа авсанд баярлалаа” хэмээн хэвлүүхэн яриа өрнүүлэх нь хөөрхөн.

 

Ийнхүү хун чуулсан “Сильфида” сургуульд хэсэгхэн саатаж, бяцхан хунгуудтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Ирээдүйн Жизелүүдэд амжилт хүсье. 

 

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ