“Солиотой” тоглолт боллоо

Өнгөрсөн өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд реппер Rokit Bay өөрийн бие даасан “Хариуцлага” нэртэй тоглолтоо хийлээ.
Энэ тоглолтыг Be Brand-ээс зохион байгуулж буй учраас ч тэр үү тоглолт үзэхээр 20 мянга орчим залуус цугласан байлаа. Тэдний ихэнхи нь сургуулийн насныхан байсан нь Rokib Bay-ийн фэнүүдийн олон нь өсвөр үеийнхэн байдгыг илчилж байв. Өнгөрсөн хавар нээсэн “Хариуцлага” нэртэй цомгийн баяр дээр нь ч мөн өсвөр насныхан олноороо цугларсан байж билээ. Тухайн үед тэрбээр цомгийнхоо талаар “Эцэг эхчүүдэд хаягласан. Цомгийн эхний дууг сонсоод л энэ утга санааг ойлгох байх. Гэхдээ тэр чигтээ эцэг эхчүүдийн хариуцлагын тухай цомог биш. Цомогт багтсан дуунуудаар олон төрлийн сэдэв хөндсөн байгаа” хэмээж байсан юм.
Мөн тоглолтын зохион байгуулагчаар “Хаан банк” хамтран ажилласан байна. Тус банкны хамт олон азтан шалгаруулж 300.000 төгрөгөөр шагнав.
Реппер Rokib Bay “Микрофоны ард” дуугаар олонд танигдсан гэж хэлж болно. Энэ дуугаа энэ удаад реппэр Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй хамтран дуулсан нь онцлог байв. Мөн “Нэг өдрийн хаан” дуунаас эхлээд сүүлд гаргасан шинэ цомогт нь багтсан “Бороо” зэрэг олон дуугаа залууст толилууллаа.
Ийнхүү энэ зуны сүүлчийн шоу тоглолт Реппэр Rokit Bay-ийн хэлдгээр үнэхээр “Солиоотойэээ” боллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ