Бүргэдчин охиныг Ди Каприогийн ээж зоогонд урьжээ

АНУ-д болдог “Sundance” кино наадмын үеэр Монголын казах үндэстэн охин Айшолпаны тухай “Eagle Huntress” буюу “Бүргэдтэй анчин охин” баримтат кино нээлтээ хийсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Н.Айшолпан охин аав, ээжийн хамт АНУ-ыг
өнгөрсөн нэгдүгээр сард зорьсон. Түүний амьдралаас
сэдэвлэн бүтээсэн эл кино өдгөө АНУ, Канад зэрэг олон улсад нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болжээ.
АНУ-д болсон киноны нээлтийн үеэр Н.Айшолпан охин болон түүний аав ээжийг Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн ээж үдийн зоогонд урьжээ.
Сонирхуулахад Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх эл бүтээлд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах тус кино дэлхийн олон үзэгчдэд хүрч байна.
Уг киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали зэрэг орны зах зээлд гаргах эрхийг “Sony Pictures Classics” компани худалдаж авчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ