У.Баярсайхан: Хорвоо гэдэг нүд шиг алаг юм шүү дээ

Сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн номоо “өлгийдөн” авлаа. Түүний 10 шүлгэнд зураач Г.Цэнгүнжав уран зураг зурж “Ур” нэртэй үзэсгэлэнгээ ч гаргав. Иймд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болсон тэдний хамтарсан өдөрлөгийн үеэр У.Баярсайхантай ярилцлаа.
-Шинэ бүтээл төрөх нь шинэ хүн өлгийдөж буйтай адил гэдэг. Энэ удаагийнх таны хоёр дахь түүвэр байх аа?
-Тийм. Харин цогц бүтээлийн хувьд ярьвал дөрөв дахь нь юм. Анхны номоо “Бөгтөр сарны гэгээ” нэртэйгээр 2009 онд гаргасан. Түүнд оюутан ахуй цагтаа бичиж байсан цагаахан шүлгүүдээ багтаасан. Би яруу найрагч гэж хэлүүлэхдээ зовиндог. Гэвч хүмүүс миний шүлгийг уншиж, шүлгээр бүтсэн дууг сонссон болохоороо ч тэр үү “Яруу найрагч” хэмээн хүндэлдэг. Нэгэнт ингэж хэлэгдэж байгаа болохоор яруу найрагч хүн шүлгийг хэрхэн бичих ёстойг чадан ядан тунгааж, энэ номондоо орууллаа. Мөн нэлээн сууж бичсэн. Миний шүлгийг хүн бүр л өөрийн өөрийн өнгө аясаар хүлээж авах нь мэдээж. Хамгийн гол нь миний бичлэг, хэв маяг ийм юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Уншигчид маань ч зөвөөр хүлээж авна байх. Ивээн тэтгэгчээр аймгийн алдарт уяач, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр ах, “Хүчит чулуут” ХХК-ий захирал Б.Батзаяа найз маань ажилласан.
-Зураач, яруу найрагч хоёр хамтарч бүтээлээс бүтээл төрүүлсэн нь сонирхолтой санагдаж байна л даа.
-Фэйсбүүк заримдаа их нэмэртэй юм. Миний нийтэлсэн шүлгүүдийг Г.Цэнгүнжав ах уншаад уран зургандаа санаа авч зурсан юм билээ. Бид нэгнийгээ өмнө нь огт харж байгаагүй ч тэр фейсбүүкээр миний утасны дугаарыг асууж холбогдоод ярилцахдаа “Чиний шүлгүүд надад их таалагддаг юм аа. Би хэдэн зургийнхаа санааг ч олж зурлаа. Завтай байгаа бол манай урлан дээр ирж сонирхоно уу” хэмээн урьсан юм. Ингээд би хийж байсан ажилаа түр орхиж, очиход хэдэн сайхан зураг үзүүлсэн. Би хөдөө өссөн хүн л дээ. Иймд надад хамгийн түрүүнд түүний адуу, байгалийн зураг их гоё санагдсан. Тэгэхээр нь надад уран зурагтай нь хамтарсан үзэшлэг зохион байгуулах санаа төрж, “Та миний шүлгээс дахиад хэдийг сонгоод арван зураг зурчих. Тэгээд та уран зургийн үзэсгэлэнгээ гарга. Харин би номынхоо нээлтийг хийе” гэсэн юм. Ингээд л бидний ажил өнгөрсөн зургадугаар сарын дундаас эхэлсэн. “Уран зураг бол харан яруу найраг бол яруу найраг нь сонсох уран зураг юм” гэсэн үг байдаг даа. Үүнийг ч бид хоёр илтгэх гэсэн юм.
-Тэгвэл та уран зурагт зориулж шүлэг бичиж байсан уу?
-Сайхан зургийг хараад сэтгэлийн тансаг мэдрэмж хүртэж байснаас бичиж байсангүй. Харин аялгуунд тохируулж шүлэг бичээд дуу болгож байсан тохиолдол олон. Үүний нэг нь өнгөрсөн жилийн “Морин хуур” наадамд өрсөлдүүлсэн БЦДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батбаатарын дуулсан “Аав л нутаг хоёр минь” дуу юм. Хөгжмийг нь Д.Дорлиг ах бичиж, намайг ажлынхаа өрөөнд дуудаад “Ах нь ийм аялгуу бичлээ. Чи нэг шүлэг бичээд өгөөч” гэсэн юм. Тухайн үед би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших Шилийнбогд руу явах гэж байсан юм. Ингээд утас дээрээ хуулж аваад замдаа сонсч очоод тэр сайхан уулны хормойд түр буудаллахдаа бичсэн. Хийморьлог эрчүүд зулай дээр нь гарч хүслээ хэлдэг уулын нөмөрт бичсэн болохоор сайхан бүтээл болсон байх.
-Нээлтээ номын дэлгүүрт биш М.Ханддоржийн өргөөнд хийж байгаа тань ч шинэлэг санагдаж байна.
-Ер нь номын нээлт “Аз хур”, “Интерном” зэрэг номын дэлгүүрт болох нь олон. Залуу хүний хувьд энэ хэв маягийг өөрчлөх гэж энэ газрыг сонгосон. Тэгээд ч миний шүлэг аж байдлын холбогдолтой бол, Г.Цэнгүнжав зураачийн бүтээл ч байгаль, адуу мал зонхилсон. Тиймээс би Монгол хэв маягийг харуулахын тулд энэ сайхан өргөөнд хийсэн.
-Номын нэрний тухайд юу хэлэх вэ?
-Оюутан байхдаа л хэлдэг байсан үгнүүдийн маань нэг. Найзууд маань надтай утсаар ярихаараа “Хаана бодолдоо дурлаад явж байна” гээд шоолдог. Тиймээс энэ үг миний ойрын хүмүүст танил санагдсан болов уу гэсэг үүднээс сонгосон. Тэгээд ч Монголчууд бид өөрийн бодол өөртөө зөв гэж ярьдаг. Миний тэр бодол намайг үргэлж дурлуулмаар тийм сайхан байгаасай гэсэндээ энэ нэрийг анх хэлж байсан юм.
-Та ихэвчлэн хөдөө нутаг бичсэн юм шиг санагдлаа.
-Хөдөө өссөн болохоороо энэ сэдэв надад илүү ойр байдаг байх. Тэгээд ч хөдөөнөөсөө хот руу зүглэж байгаа хүн олон болж буй өнөө үед хөдөө рүүгээ тэмүүлсэн шүлэг бичих нь миний хийж чадах зүйлийн нэг. Гэхдээ та миний шүлгүүдийг уншаад үзээрэй. Зөвхөн хөдөө бус нийгмийн шаналан, жаргал, хайрын тухай ч өгүүлсэн байгаа. Хорвоо гэдэг нүд шиг алаг юм шүү дээ. Аль аль тал нь бий.
-Тэгвэл хотоос хөдөөгөө дурсаж бичих ямар санагддаг вэ?
-Илүү их бодогдоно шүү. Хөдөөнөө очоод хоёр хонож ирчихээд тэнд байсан зүйлсээ нэхэж бичих нь илүү тод дүрслэгддэг. Миний нутаг сайхаан. Мэнчийсэн хүрэн уулс аав шиг минь угтаж угтдаг. Миний ярих хамгийн дуртай сэдэв бол аав, адуу, нутаг гурав.
-Бусад бүтээлийн хувьд ярьвал.
-Оюутан байхаасаа л нийтийн дууны яруу найраг оролддог байлаа. Нэгдүгээр курстээ О.Эрдэнэбат ахын аялгуу Э.Буянмөнх андын маань дуулсан “Сэтгэлийн хээ” дууг бүтээж байлаа. Тэр цагаас хойш дөрвөн жил оюутны ширээнд саатаж байхдаа 10 гаруй дуутай болсон. Тухайн үед олон сайхан дуугаа хит болгож байсан гавьяат жүжигчин С.Батсүх, Х.Болормаа, дуучин Л.Чулуунбаатар, Р.Дэлгэрмаа нарын зэрэг дуучнаар дуугаа дуулуулж байхдаа сэтгэлдээ багтахааргүй хөөрөлтэй гүйж явлаа. Тэр үед олон дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч бүтээлээ нэгтгэж, цомог гаргадаг байлаа. Тиймээс би тэдний аясаар Х.Болормаа эгчийн дуулсан, Б.Бат-Эрдэнэ буюу түүний гэр бүлийн хүн Аранза ахын аялгуураар бүтсэн “Хүү нь тандаа” дуугаар нэрлэсэн цомгоо 2009 онд хэвлүүлсэн. Ингээд нэгэнт цомог гаргасан юм чинь тоглолтоо хийх шаардлагатай гэсэн үүднээс 2010 оны намар Монгол бөхийн өргөөнд “Их л холын амраг” тоглолтоо яруу найрагч Н.Баянмөнх багшаараа зохион байгуулуулж, хийсэн.
-Үзэгч хэр цуглахаас эхлээд олон шаналант бодол төрж байв уу?
-Тэр мэдээж. Тухайн үед би СУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг байсан юм. Тэр сургуулийн оюутнууд цалгисан хүсэлтэй, эрч хүч ихтэй. Тийм сайхан залуучуудтай хоолоо хувааж идэж байсан болохоор надад маш их энерги ирсэн байх. Миний тоглолтонд ч их тусласан. Нэгэн хөгжилтэй зүйл ярихад тоглолт болохоос 20 минутын өмнө би Монгол бөхийн өргөө рүү орсон юм. Хэвлэлийн тооцоо, түрээс энэ тэр гэж явсаар тэгж их цагаа тулгачихсан юм л даа. Ингээд дотогш орох гэтэл хамгаалагчид нь надаас тасалбараа шалгуул гээд оруулдаггүй. Эхлээд би юу гэж хэлэхээ мэдэхгүй гайхаж байгаад “Тоглолтоо хийж байгаа хүн нь би байна аа” гээд учирлан орж билээ. Өмнө нь би тэр хамгаалалтын албаны даргатай нь л уулзаж байсан болохоос ажилтнуудтай нь уулзаагүй тул арга үгүй л дээ. Тэгээд ч тэд “Хэн ч танихгүй энэ бацаан тоглолтоо яаж хийдэг юм” гэж бодсон биз. Дараа нь энэ тухай хүмүүст хэлэхэд бөөн инээд болж билээ. Гадаа шагын билет зарагдаж байхад нь би өөрөө очоод асуухад тэд надад зарах гээд байсныг нь яана.
-Ярилцлагын номынхоо талаар ярина уу?
-Би одоо МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувагийн mnb.mn сайтад сэтгүүлчээр ажилладаг. Харин өмнө нь “Өдрийн шуудан”, “Үндэсний мэдээ” сонины спорт, соёл урлагийн албаны сэтгүүлчээр ажилладаг байлаа. Тэр үедээ уулзаж байсан алдартнуудын ярилцлагаа нэгтгэж, дээрх номыг гаргасан юм. Энэ ном өртөг нэлээн өндөр туссан учир “Тавантолгой транс” ХХК-ийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж ахаар ивээн тэтгүүлсэн.
-Урын сандаа хичнээн дууны шүлэгтэй болсон бэ?
-Би 20 гаруй дуу бий. Миний дуунуудыг хүн бүр чихэр шиг “хүлхдэггүй” ч фм, телевизээр явахад нь “Энэ чиний дуу байсан юм уу” гэдэг. Тэгэхээр цөөн тооны хүнд тоогдсон юм болов уу.
-Таны сүүлийн үеийн уран бүтээл гэвэл?
-Д.Дорлиг ахын аялгуу Д.Намсрайноровын дуулсан “Хүсэл”. Мөн Э.Төрмандахын дуулсан “Болзоо” дуу бий. Энэ хоёр дууны клипны ажил одоо ид өрнөж байгаа гэсэн. Тэгэхээр сонсогч та бүхэн дэлгэцээр хүлээж аваарай. Түүнчлэн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ах поп дуу хамтарч хийх санал тавьсан. Захиалгын ч хэдэн дууны санал ирсэн байгаа.
-Захиалга гэснээс та шүлгээ хэдэн төгрөгөөр бичдэг вэ?
-Оюутан байхдаа “Миний шүлгийг дуу болгоод өгөөч” гээд хотын бараг бүх студийг хэсээд явж байлаа. Тэгж явсны хүчинд олон сайхан уран бүтээлтэй танилцсан. Одоо тэдэнтэй уран бүтээлийн найзууд болсон. Тэднээс хааяа “Тийм сэдэвтэй дууны шүлэг бичээд өгөөч” гэдэг бол тэднээр дамжигдаж хаа холын Увс, Завхан аймгийн үл таних хүнээс “Таны утасны дугаарыг тэр дуучнаас авлаа. Та миний аав, нутагт, моринд зориулж дууны шүлэг бичээд өгөөч” гэдэг. Намайг сонгож байгаа тэдний саналыг би маш таатай хүлээж авдаг. Тиймдээ би тэднээс заавал тэдэн төгрөг авна гэдэггүй. Тэд сэтгэлээрээ л хэдэн төгрөг өгдөг. Гэхдээ хөгжмийн зохиолчид аялгуугаа үнэлээд байгааг хараад шүлгийг нь бичиж байгаад бид ч бүтээлээ үнэлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Дууны шүлэг хувас шиг тогтсон ханшгүй л дээ. Тухайн захиалагчийнх нь үнээс хамаарч тохиролцдог.
-Яг хэд гэж?
-Та яг мэдмээр байгаа юм уу. Би залуу уран бүтээлч шүү дээ. Нэг их их үнэтэй биш. 300-500 мянган төгрөг л авдаг. Гэхдээ тэр бүр хүн энэ мөнгийг өгч чаддаггүй. “Баярлалаа” гээд явдаг нь ч бий. Мөн шүлгээ зарж, өөр хүний нэр дээр гаргасан дуу ганц нэг бий. Сайхан бүтээл төрж байвал үнэ ханш яахав дээ.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?
-Манай эхнэрийг Б.Дэлгэрмөрөн гэдэг. Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш. Дээд сургуульд хамт сурч байсан юм. Бидэнд хөөрхөн охин заяасан. Түүндээ би Нарсар гэдэг нэр хайрласан. Өдөр, шөнө хамгийн тод харагддаг зүйл бол нар, сар. Иймд би охиноо тийм гэгээтэй сайхан амьдраасай гэсэн үүднээс энэ нэрийг сонгосон.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад та хэний шүлгийг унших дуртай вэ?
-Дунд сургуульд байхаасаа л шүлэг бичиж эхэлсэн. “Хүрэл тулга” яруу найргийн наадам сурагчдын хувьд “Болор цом” л гэсэн үг байлаа. Миний хамгийн их уншдаг найрагч бол Б.Лхагвасүрэн гуай. Сэтгүүлч мэргэжилийг эзэмшиж, ажилд ороод хамгийн анх түүнтэй уулзсан. Ер нь сэтгүүлч гэдэг нэрийг өмнөө барьвал хэнтэй ч уулзаж болно. Бидний ажил тийм сайхан билээ.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ