Ж.Сэнгэдорж: Гурван тамирчнаас Д.Сумъяаг сонгосон

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны кино энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Тус киноны ерөнхий найруулагч Ж. Сэнгэдоржтой ярилцлаа.
-Та их зөн билэгтэй хүн юм аа.
-Би биш харин кино зохиолыг бичсэн Т.Номуунзул маань их зөн билэгтэй хүн юм. Д.Сумъяа маань Рио Де Жанейро хотноо алтан соёмбот тугаа мандуулна гэдгийг жилийн өмнөөс мэдэрч, олж харсан юм шиг энэ төслийг эхлүүлсэн.
-Кинонд “Рио 2016” олимпийн дэвжээг хүртэл дүрсэлжээ?
-Тэгсэн. Рио Де Жанейро хотын олимпийн дэвжээ, Астанагийн дэлхийн аваргын дэвжээ зэргийг дүрслэх хэцүү байсан. Гэвч кино бол хамтын бүтээл учраас манай чадварлаг уран бүтээлчид үүнийг яг дүрсэлж чадсан шүү.
-Та тэр бүр кино найруулаад байдаггүй. Энэ киног ямар учраас сонгов?
-Ирээдүйтэй, үнэхээр цаашдаа “үнэртэхээр” кино байвал би ажилладаг. Надад “Цагаан хадаг” киног найруулах санал тавихад би ерөөсөө бодолгүй энэ киног найруулна гэж шийдсэн. Харин яаж ажлаа амжуулах вэ гэдгийг төлөвлөж эхэлсэн. Энэ бол уран бүтээлч болгонд олдоод байдаг завшаан ч бас биш юм.
-Энэ удаад Сэнгээ найруулагч ямар санааг шигтгэхийг зорив?
-Би ер нь хүний дотоод сэтгэлийг гуниг, ганцаардал талаас нь их үзүүлдэг байжээ. Саяхан “Цагаан хадаг” киноны үзлэг хийлээ. Үзээд сууж байхдаа хүн бахдаж, бахархаж, нулимс унагах чинь хичнээн сайхан юм бэ гэж бодож суулаа. Тэгэхээр энэ кинонд олимп, дэлхийн аваргаас медаль авсан аваргууд гээд тэр бүх хүмүүсийн дотоод сэтгэлийг зөв илэрхийлэхсэн. Монголын ард түмэнд зөв энерги өгчихсөн. Бид ямар их эв нэгдлийг олимпийн аваргаас олж чадлаа. Тэр болгоныг алдалгүй гаргахсан гэсэн бодлыг тээж л энэ киног хийсэн дээ.
-Яагаад заавал Д.Сумъяагийн амьдралаар кино хийхээр болов?
-Үүнийг зохиолч маань шийдсэн. Жүдо бөхийн холбоонд санал тавихад Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг, Д.Сумъяа нарын нэрийг өгсөн. Энэ гурваас Д.Сумъяагийн амьдрал илүү сонирхолтой санагдсан учраас сонгосон юм билээ.
-Бодит амьдралаас сэдэвлэж кино бүтээх хэцүү биз?
-Бодит хүний амьдралаас сэдэвлэж, дээрээс нь их бүдүүлгээр хэлэх юм бол хажууд байгаа хүний амьдралаар кино хийнэ гэдэг хэцүү. Миний хувьд Гансүхын амьдралаар “Бодлын хулгайч” киног найруулж байсан. Тухайн үед амьд сэрүүн байгаа хүний амьдралаар кино хийх хэцүү л байсан. Харин тамирчны бодит амьдралаар кино хийнэ. Тэр хүн зураг авалтан дээр ирж зөвлөгөө өгч ажиллана гэдэг асар хүнд хариуцлага санагдсан шүү. Хүний бодол санааг буруу харуулчих вий. Сэтгэлд нь юм хийчихвий. Энэ бүгд хэцүү.
-Киноны үйл явдал тэр чигтээ Д.Сумъяагийн амьдралыг харуулах уу?
-Тэгж ойлгож болохгүй. Энэ бол баримтат кино биш. Уран сайхны бүтээл. Тийм учраас ч кинондоо уран сайхны өнгө аяс түлхүү оруулж, энэ талруу нь хандуулахыг асар их хичээсэн. Бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино юм шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Бид Увс аймагруу Д.Сумъяагийн төрсөн суманд нь очоод түүний амьдралыг нэг бүрчлэн тоочсон бол энэ баримтат кино. Тийм биш. Бүгдийг орлуулсан. Анхны жүдогийн аварга маань Булган аймгийнх. Тийм учраас үүнтэй холбогдуулан учир бэлэгдэж Булган аймаг дээр очиж зураг авсан.
-Та өөрөө спортод хэр хорхойтой вэ?
-Би чинь өөрөө спортод их тааруу. Сагс ч тоглож чаддаггүй хүн. Тийм учраас тамирчин хүний амьдралаас сэдэвлэсэн энэ кино надаас болоод манай группээс нэлээд их хүчин чармайлт шаардсан гэж би бодож байна. Би хувьдаа тамирчин хүн ямар их хөдөлмөр, хүчин чармайлтын цаанаас өндийж, олон мянган тамирчнаас цойлж гарч ирдэг вэ гэдгийг энэ кино дээр ажлаад л айхтар мэдэрлээ.
-Дүр сонголтын тухайд? Гол дүрийн охин Д.Сумъяатай төстэй юм билээ.
-Энгийн нэг жүжигчин охин тоглуулж боломгүй санагдсан. Тамирчин хүнийг шууд тоглуулах ч бас барамгүй санагдсан. Гол дүрийн охин Жинжмааг нэлээд олон хүнээс шалгаж гаргаж ирсэн. Хөдөлгөөний эвслийг нь харж байж сонгосон. Бэлтгэл хийж байхдаа жүдогийн холбооныхныг аваачиж харуулна. Жүдочин шиг харагдаж байна уу гээд л асууна /инээв.сур/. Ерөнхийдөө гол дүрээ нэлээд хайсан шүү.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ