Д.Сумъяа: Багадаа машин угаадаг байлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” уран сайхны кино энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Энэ талаар МУГТ Д.Сумъяатай цөөн хором хөөрөлдлөө.
-Таны амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино нээлтээ хийх гэж байна. Танд ямар санагдаж байна вэ?
-Киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Зохиолч Т.Номуунзул эгчтэй 2015 оны арваннэгдүгээр сард уулзсан. Анх надад “чиний амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино хийхээр болсон. Чамд ямар сэтгэгдэл төрж байна” гэж асуусан. Эхлээд би хэсэг бодсон. Тэр бүр хүний амьдралд тохиолдохгүй зүйл учраас яагаад болохгүй гэж шийдсэн. Ер нь баяртай хүлээж авсан шүү. Удахгүй олимп болох гэж байсан учраас тэмцээндээ илүү их ач холбогдол өгч бэлтгэлдээ маш сайн анхаарч бас нэгэн түүх бүтээхийг хүсэж байсан.
-Энэ кино таны амжилтыг зөгнөсөн гэж олон хүн ярьж байна.
-Кинон дээр олимпийн аварга болоод ирдэг хэсэг бий. Өнөөдөр ингээд бодоход яах аргагүй уялдаа холбоотой байгаа юм. Хэлж мэдэхгүй юм. Цаанаасаа л энэ жил миний хувьд маш их бэлгэшээлтэй жил байна.
-Киногоо үзнэ гэхээс догдолж байна уу?
-Тэгэлгүй яахав. Сайхан кино болсон байх гэж найдаж байна.
-Гол дүрийн охин тантай их төстэй юм билээ. Түүнд өөрийн мэхээ заав уу?
-Киноны зураг авалтын үеэр Даваагийн дүрд тоглосон Т.Жинжмаа гэдэг охинд өөрийнхөө үндсэн мэх болох сууж үүрэхийг заасан. Тэр мэхийг хэрхэн хийх үү, ямар сэтгэл хөдлөл гаргах вэ зэргийг зааж, өөрийнхөө чадахаар тусласан даа.
-Таныг багадаа их эршүүд, гүргэр хүүхэд байсан гэж ээж тань ярьж байсан. Энэ мэтчилэн ааш зан, сэтгэл хөдлөлөө зохиолчид ярьсан уу?
-Мэдээж ярилгүй яахав. Хэд хэдэн удаа уулзаж өөрийнхөө талаар ярьсан. Гэхдээ кинон дээр гарсан бүх зүйл миний амьдрал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Таны хүүхэд насыг хэрхэн дүрсэлсэн бол оо?
-Аав маань дугуй засдаг байсан. Би хүүхэд байхдаа аавдаа тусалдаг байлаа. Зуны амралтаараа аавынхаа засвар дээр очиж машин угаана. Энэ чинь амьдрал шүү дээ. Энэ мэтчилэн зүйлсийг сайхан дүрсэлсэн байх шиг байна. Үзэж байж л мэднэ дээ.
-Жүдогийн спортод аав нь хөтөлж оруулсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Би багадаа Увс аймгийн Баруунтүрүүн суманд өссөн. 2000 оны эхээр Улаанбаатар хотод орж ирэн сургуульд суралцсан. Харин 2006 онд анх жүдогоор хичээллэж эхэлсэн. Аав минь их хөдөлмөрч хүн. Ажил хийвэл дуусгаж байж санаа нь амардаг. Юмыг хойш тавьдаггүй зан чанарыг нь харж өссөн болохоор бэлтгэл сургуулилтаа яг л тэгж хийдэг. Сая олимпоос медаль хүртчихээд маргааш нь аавтайгаа ярьсан. Утсаа авчхаад аав минь дуугардаггүй. “Байна уу аав аа охин нь байна” гэсэн чинь дуугарахгүй байж байснаа мэгшээд “Аав нь ярьж чадахгүй байна аа” гэсэн. Анх удаа аавыгаа уйлж байгааг сонссон.
-Таны амьдралаар кино хийнэ гэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэрийнхэн маань маш сайхан хүлээж авсан. Би хувьдаа жаахан нууцалсан. Яагаад гэвэл намайг маш том наадам хүлээж байсан. Олимпийн өмнө миний талаар яриа гарахгүй байгаасай гэдэг үүднээс зохиолч Т.Номуунзул эгчээс хүссэн. Тийм учраас баг тамирчид сүүлд мэдсэн.
-Олимпоос ирснээс хойш амарч чадав уу?
-Амарч байгаа /инээв.сур/
-Саяхан “Гоёо” ХХК-ийн рекламанд тоглосон. Өнөөдөр харин хэвлэлийнхний өмнө зогсож байна. Камерийн өмнө байх танд ямар санагдаж байна вэ?
-Зүгээр л юм байна /инээв.сур/
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ