Э.Дөлгөөн: Тайванийн багт хожигдоод маш их “шатсан”

Энэ сарын 18-25-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тус наадамд манай улсын шигшээ баг аваргалсан. Шигшээ багийн тоглогч, спортын мастер Э.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Манай улсын баг анх удаа Азийн аварга боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Бид багаараа хоёр сарын турш Хандгайтын спортын ордонд байрлаж бэлтгэл хийсэн. Бэлтгэл дээрээ багийн тактикийг маш сайн боловсруулсан. Ерөнхийдөө багаараа маш сайн ажилласны үр дүнд энэ амжилтад хүрч чадсан гэж бодож байна.
-Өөрөө үнэ цэнэтэй тоглогч болсон.
-Баяртай байна. Энэ бол манай багийн хамт олны хүч. Өдий зэрэгт хүргэсэн ээж аавдаа баярлалаа.
-Хамгийн өндөр үзүүлэлттэй тоглолт аль нь байв?
-Хонгконгийн багтай тоглоход л өндөр оноо авсан гэж бодож байна.
-Тэгвэл хамгийн хүчтэй баг аль улсынх байв?
-Ихэнхи багууд хүчтэй байсан. Тэр дундаа Азид тэргүүнд явдаг Тайвань, Хятад, Хонгконгийн багтай нэлээн ширүүн тоглолт хийх болов уу гэж өмнө нь төлөвлөж байсан. Ерөнхийдөө Тайванийн баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Аваргын төлөө тоглолтод чанга байлаа. Бид багаараа ажиллаж чадсан болохоор л Тайванийг хожсон доо.
-Өндөр өрсөлдөгчидтэй тоглох ямар байв?
-Саяны тэмцээн дээр Азиудын нэг дутагдалтай талыг бид олж харлаа. Бидний олж анзаарснаар холбогч нар нь их намхан байдаг юм билээ. Тэдний хамгаалалт нь нэгийн эсрэг нэг байдаг. Тиймээс холбогч нарыг нь дор шахаж тоглосон доо.
-Хэсгийн тоглолтод Тайванийн багт хожигдсон. Энэ тоглолтын талаар ярьвал?
-Бид Тайванийн багтай өмнө нь 2014 онд тоглож нэгхэн оноогоор хожигдож, зооноос мултарч байсан юм. Харин энэ удаад эх орондоо болж байгаа тэмцээн гэдгийг ухамсарлаж бид маш их хариуцлагатай хандсан. Заавал хожих ёстой гэж өөрсдийгөө зоригжуулж ч байлаа. Гэвч хэсгийн тоглолтод хожигдоод маш их шатсан шүү.
-Энэ тоглолтын дараа дасгалжуулагчид юуг зөвлөж байв?
-Манай дасгалжуулагч нар нэг нь шийдвэр гаргах биш бүгд өөр хоорондоо ярилцан бидний алдааг хэлж байсан. Нэгдүгээрт хамгаалалт чухал. Хоёрдугаарт онооны төлөө хэт улайран тэмцэж болохгүй гэдгийг хэлж байсан.
-Харин сүүлийн мөчид хожиж аварга болсон. Тактик байв уу?
-Хамгаалалтын тал дээр багаараа маш сайн ажилласан. Биднийг ялалт байгуулахад сэтгэлзүйч чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Манай шигшээ багийн сэтгэлзүйчээр МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Б. Золзаяа ажилласан. Тэр хүн бидэнд биеийн болон хүчний тактикийн бүх бэлтгэл өв тэгш хангагдсан байсан ч сэтгэл зүйн бэлтгэл дутагдалтай байсныг хангаж өгсөн юм.
Тамирчдад сэтгэлзүйч хэрэгтэй гээд яриад байгаа.Тэр юуг зөвлөв?
-Сэтгэлзүйч маш чухал юм билээ. Бид хэсгийн тоглолтод хожигдоод гараад ирэхэд “Зөвхөн хожихоо бодох биш өөрөө өөрсдийгөө хэрхэн тоглохоо дор бүрнээ бодох хэрэгтэй. Хүчтэй, дайчин тоглохыг хичээ” гэдэг зүйлийг зөвлөж байсан. Тэмцээнээс өмнө нэг өдөр хичээл орсон юм. Тэр хичээл их үр дүнтэй байсан гэж бодож байна.
-Энэ тэмцээнд манай оюутны шигшээ баг өмнө нь хэрхэн оролцож байв?
-2013 оноос анх оюутны шигшээд орж эхэлсэн. Монголын амжилт гэх юм бол хоёр удаа гуравдугаар байранд орж байсан. Энэ тэмцээнд анх оролцоход байсан найман тоглогч дөрвөн жил хамт байна. Багаараа байж чадсан нь өнөөдөр аварга болоход нөлөөлсөн болов уу.
-2014 онд Тайваньд хожигдож тавдугаар байрт орсон. Энэ тоглолтын талаар ярьвал?
-Тэр тэмцээний дараа бид маш их харамсаж байсан. Хэрэв бид зооноосоо гарсан бол хоёрдугаар байрт орчих байсан юм. Ер нь хоёр жилийн турш тэр тоглолтыг л бодож байсан.
-Цаашдын зорилгынхоо талаар хуваалцвал?
-Бэлтгэл сургуулилтаа сайн хийж илүү их амжилт гаргах л зорилго байна. Бид Азийн аварга боллоо. Ингэснээр Ази тивд эх орныхоо нэрийг нэлээн дээгүүр гаргаж ирсэн байх гэж бодож байна. Цааш цаашдын олон улсын тэмцээнд бид чансаагаа алдахгүйг хичээнэ.
-Сүүлд нь өөрийгөө товчхон танилцуулбал?
-Би Отгонтэнгэр дээд сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжилээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2008 оноос сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Одоо “Монголбанк”-д эдийн засагч хийдэг.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ