“Цагаан хадаг” кино нээлтээ хийлээ

“Цагаан хадаг” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Киноны нээлтэд “Рио 2016” олимпийн наадамд барилдсан жүдо бөхийн тамирчид оролцсон нь сонихон байв.
Тамирчин хүний амьдрал, зовлон жаргалыг харуулсан энэ кино Риогийн олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн. Тэрбээр кино театрын тайзнаас “Барилдах гэж байгаа мэт догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Ж.Сэнгэдоржийн найруулсан энэ кино монголдоо тамирчны амьдралаас сэдэвлэсэн хоёрдахь кино болж буй юм. Өмнөх нь "Хань" хэмээх кино байдаг. Ж.Сэнгэдоржийн найруулсан кинонд утга уянгын хэтрүүлэг ихэд ажиглагддаг. Харин энэ удаагийн кинонд тэрээр буй бүхнийг л дүрсэлжээ.
Д.Сумъяагийн ээж Ц.Дэлгэрмаа “Манай Сумъяа багадаа их эршүүд хүүхэд байлаа. Ер нь аливаад их тууштай, гүргэр охин байсан шүү. Манай охин гуравдугаар ангид байхдаа аав ээждээ бөхийн спортоор хичээллэмээр байна гэж хэлээд анх энэ спортод хөл тавьж байсан” хэмээн ярьж байсан. Үнэхээр эршүүд, гүргэр хүүхэд байсныг энэ кинонд тод томруунаар дүрсэлжээ.
Буйдхан сумын төвийн сургуулийн хонгилд хоёр хүүхэд зодоон хийж байгаагаар уг кино эхэлнэ. Ангийнхаа хөвгүүнийг зодож буй эл охин алсдаа аймгийн төвийн сургуульд шилжин очно. Тэндээсээ хот орно. Жүдогийн нэртэй дасгалжуулагчийн шавь болно. Эндээс л олимпийн аварга болох гараа нь эхлэх аж. Энэ бүхэн Д.Сумъяагийн бага ахуйд нь болж өнгөрсөн түүх.
Дасгалжуулагчийн дүрд СТА жүжигчин Н.Ялалт тогложээ. Түүний хэлсэн “Аймхай хүнийг амжилт үргэлж тойрдог юм. Өөрийгөө ялахаас амжилт эхэлдэг юм” гэх үгс тамирчин хүн ялагдахвий гэхээс дотроо үргэлж эмтэрч явдгийг илтгэв. Ялалтыг олон хүн өмчилдөг, ялагдлыг ганцаараа үүрдэг гэдэг их хатуу боловч үнэн үг юм. Энэ санааг чамбай өгүүлжээ.
Киноны төгсгөлд гол дүрийн охин “Рио 2016” олимпийн наадмаас алтан медаль хүртэж, ард түмнээ баярлуулав. Монголчууд Сүхбаатарын талбай дээр том дэлгэцээр торгон агшинг үзэж, уухай хадаах аж. Барилдааныг С.Шижирбат тайлбарлаж буй нь үнэнд ойртуулах шиг. Чухамдаа Риогийн олимпийг дахиад үзэх шиг хөөрж, үе үе самсаа борхируулж байлаа.
Кино дуусч, үзэгчид танхимаас гарахдаа “Уйлсаар байгаад дуусгалаа”, “Үнэхээр омогшуулж байна шүү” хэмээн өөр хоорондоо ярилцаж байв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ