49 хувийн хувьцааны асуудал “Эрдэнэт” үйлдвэрийнхэнд хамаагүй

“Эрдэнэт үйлдвэрийн ажиллагаа хэвийн явж байна. Эхний 9 сарын байдлаар өмнөө тавьсан зорилтоо төлөвлөгөөний дагуу биелүүлсэн. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа доголдоогүй, хэвийн сайн явж байгаа.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт төлдөг татвараа бууруулсан” гэж мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэр эхний 8 сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум, орон нутгийн төсөв 70 тэрбум төгрөг нийтдээ 134 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Яагаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид “Эрдэнэт үйлдвэр 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна” гэсэн мэдээлэл хүрснийг гайхаж байна. Татварын ерөнхий газраас мэдээлэл дутуу хүргүүлсэн бололтой. Бид 2012 онд 120 сая ам.доллар, 2014 онд 70 сая ам.долларыг улсын төсөвт төлсөн.
Сангийн яамны хүсэлтээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2015 оны гүйцэтгэлээр 2016 онд суутгахаар 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлж байсан. Үүнээс 40 тэрбум нь энэ оных. Ингээд 2016 ондоо улсын төсөвт 20 тэрбум төгрөгийг төлсөн. Эрдэнэт үйлдвэр 38 жилийн хугацаанд 5.8 их наяд төгрөгийг улсын болоод орон нутгийн төсөвт өгсөн байдаг. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн бодитой хувь нэмэр” хэмээн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-“Эрдэнэт” үйлвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл энэ хэвлэлийн хуралд оролцож байгаа юу?
-49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцоогүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын төлөөлөл оролцож байна. Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ байгуулагдаж, өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын хувьд томилогдсон ажилчид.
Бид томилгооныхоо дагуу үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах, цалинг цаг хугацаанд нь өгөх, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ өөрсдөө шийдвэрээ гаргадаг.
-Энэ оны улсын төсөвт төвлөрүүлэх татвар буурсан бэ?
Эхний 8 сарын байдлаар урсгал төсөвт 64 тэрбум төгрөгөө оруулсан. Орон нутгийн төсөвт 74 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнд газрын, гаалийн, усны зэрэг 8 төрлийн татвар төлдөг. Эрдэнэт үйлдвэрийн 2015 онд төсөвт төлж байсан төлбөрөөс 2016 онд буурсныг олон нийт гайхаж байна. Энэ нь зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. 5000 ам.доллараас доош байвал 5 хувиа төлдөг. Тийм учраас 2015 оны гүйцэтгэлээр зэсийн үнэ 5500 ам.доллар байсан. Өнөөдөр зэсийн үнэ 4700 ам.доллар байна. Хуулийнхаа дагуу л явж байна. Улсын төсөвтэй холбоотой ямар нэг мөнгө төгрөгний саатал “Эрдэнэт” үйлдвэр гаргаагүй. Энэ оны эхний 7 сарыг хүртэл улсын төсвөөсөө авлагатай явж байсан.
-49 хувийг худалдаж авсны дараагаар үйл ажиллагаа тасалдсан гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
-“Эрдэнэт” үйлдвэрт компанийн засаглалын үйл ажиллагаа тасалдаагүй. Газар, нэгжүүдийг хуваах, солих процесс хийгдэж байгаа. Түүнээс бус 2500 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө авч ажилд оруулсан гэх асуудал байхгүй. Нийгмийн халамжийн хувьд мөн доголдоогүй. Худалдан авалтын ажиллагаа нээлттэй явагдаж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр үйлдвэрийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй. Үүний өмнө би хариуцлага хүлээгээд ажлаа хийж байна. Харин 49 хувийн хувьцааны асуудал “Эрдэнэт” үйлдвэрийнхэнд хамаагүй асуудал.
-Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт очсон уу?
-Ажлын хэсэг энд ажиллаж байгаа. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэр дээр очиж шалгах шаардлага байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд хамааралгүй асуудал.
“Эрдэнэт”-ийг улс төрөөс ангид байлгаач
“Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга н.Цэрэнбадам:
-Эрдэнэт үйлдвэр үндэсний компани болсон. Энэ ажлын хүрээнд бид хууль тогтоомж журмаасаа эхлээд олон улсын болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлт хийж байна. 1978 онд үйлдвэр байгуулагдсанаас хойшхи хууль журмыг өөрчилж байна. Энэ нь компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт 6092 ажилтан ажиллаж байсан. 2016 оны 7 сараас хойш өөрсдийн хүсэлтээр 13 орос ажилтан ажлаас халагдсан. Монгол Улсын хууль тогтоомжид бүх үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Да.Ганболд гэдэг хүн томилогдон ажиллаж байгаа. н.Шинэбаатар гэдэг Монгол Улсын иргэн. Ажлаа хүлээлгэж өгөөд өөр ажилд томилогдох нь хувь хүний эрх байх.
“Монголын зэс” компанийн 49 хувийн өмчлөлтэй. Өнөөдрийн байдлаар энэ компани хамтран ажиллах талаар ярилцаагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын юм уу улстөрийн асуудлаар бид хариулмааргүй байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг улс төрөөс ангид байлгаач гэж хүсч байна. Ажилчид үйл ажиллагаагаа хэвийн явуулмаар байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ