Дэвид Бекхэм: Над шиг амьдрах гэж хичээх хэрэггүй

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэм “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та хэдий 40 хүрсэн ч өмнөх шигээ гайхалтай харагдаж байна. Олон залуус тань шиг гайхалтай харагдахыг хүсдэг байх. Ихэвчлэн 20-30 насныхан таны гадаад төрхийг дуурайдаг.
-/инээв/ Мэдэхгүй юм. Өөртэйгээ ижилхэн хүнийг харж байгаагүй учир таны асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Би өөрөө загвар гаргаж, ганцхан хувь хувцас өмсдөггүй. Тиймээс ижилхэн хувцасласан залуусыг хараад тийм ч их сэтгэлээр унадаггүй. Хэн нэгэн намайг дуурайх нь гайхалтай санагдаж байна. Учир нь би тэр хүнд зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа хэрэг. Мөн би тэр хүний хувьд үнэ цэнэтэй гэсэн үг. Зөвхөн эмэгтэйчүүд нэг нэгнээ дуурайдаггүй гэдгийг тэд батлан харуулж байна.
-Ганц хувь байхыг хүсдэггүй гэсэн үг үү?
-Үгүй ээ. Тэд намайг хичнээн дуурайсан ч би нэг л хувь. Тиймээс сэтгэлээр унахгүй байна. Бүх хүн сайхан харагдах хэрэгтэй. Бүх хүн өөрөөсөө сэтгэл ханамж авах ёстой. Толинд дусах таны дүр төрх танд таалагдах ёстой. Тиймээс та сэтгэл ханамж мэдрэхийн тулд бүхий л бололцоогоо ашигла гэж зөвлөмөөр байна. Надаас хэрхэн амьдрахаа бүү асуу. Учир нь би чиний амьдралаар нэг ч өдөр амьдарч үзээгүй. Над шиг амьдрах гэж хичээх хэрэггүй. Учир та манай гэрт юу болдгийг мэдэхгүй. Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Та ганцхан удаа л амьдарна. Тийм учраас амьдралаа үнэ цэнэтэй болго. Аз жаргалыг түгээж амьдар. Бүх зүйлээс аз жаргалын таашаалыг мэдэрч бай.
-Та аз жаргалын ташаалыг юунаас ихэвчлэн мэдэрдэг вэ?
-Би үзэсгэлэнтэй эхнэр болон өхөөрдөм хөөрхөн үрсээсээ өдөр бүр аз жаргалыг мэдэрдэг. Би сүүлийн хэдэн жил аавын үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийг оролдож байна. Маш их ажилтай байсан учир аав гэх үүргийг амжилттай гүйцэтгэж чадахгүй өнөөг хүрлээ. Мэдээж 2010 оноос эхлэн би гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулах болсон. Өмнө нь надад гэртээ байх их хэцүү санагддаг байлаа. Харин одоо надад гэр бүлийнхээ дэргэд байх илүү ихээр таалагдаж байна. Би өмнө нь зөвхөн ялалтын талаар боддог байсан бол одоо хүүхдүүдийнхээ талаар илүү бодох болсон. Би төгс хүн биш. Төгс болох гэж хичээдэггүй. Учир нь хүн алдаа гаргаж байж дахин алдаа гаргахгүй. Алддаггүй хүн гэж үгүй.
-Аз жаргал гэж таны бодлоор?
-Аз жаргалыг хамгийн энгийн зүйлээс мэдэрч болдог нь хамгийн гайхалтай. Өлсөөд хоол идэх үед хүн өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Хүүхдийнхээ инээмсэглэсэн төрхийг хараад л аз жаргалын даавар өөрийн эрхгүй ялгардаг. Тиймээ аз жаргал бол хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхалтай мэдрэмж. Хүн бүхэн өөр өөрөөр энэ бүхнийг тайлбарлах байх. Зарим хүн өрөөгөөрөө дүүрэн алт хураахыг аз жаргал гэж тайлбарлаж магадгүй. Харин миний хувьд аз жаргалыг хамгийн энгийн мөртлөө хамгийн агуу зүйл гэж тайлбарламаар байна.
-Викториа та хоёр дахин хүүхэдтэй болох талаар ярилцаж байгаа гэх юм. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Надад хүү бас охин байна. Би энэ амьдралд бүтээх ёстой нандин ургамлуудыг ургуулсан. Миний хувьд дөрвөн хүүхэд хангалттай. Гэхдээ хувь тавиланг тааварлашгүй.
-Таны том хүү Бруклин 17 нас хүрч, танаас дутахааргүй сайхан залуу боллоо?
-Тийм ээ, хүүгийнхээ эерэг өөрчлөлтийг харах эцэг хүний хувьд гайхалтай байна. Хүүгээ сайн хүн, дүү нартаа түшигтэй ах болно гэдэгт итгэлтэй байна. Бруклин л дүү нараа хамгаалж, өмгөөлөх ёстой. Эхнэр бид хоёр өдөр бүр өнөөдрийх шиг байхгүй. Нэг л өдөр бүх зүйл нуран унах болно. Мөнх зүйл гэж үгүй. Би хүүхдүүддээ багаас нь л мөнх зүйл гэж байхгүй гэдгийг ойлгуулсан.
-Бруклин хэвлэлийн баатар болох нь таалагдаж байна уу?
-Энэ бүхэн хүүг минь хэтэрхий хаалттай болгож байна. Мэдэхгүй юм. Хүү минь эрх чөлөөтэй байх ёстой. Хүссэн охинтойгоо уулзаж, нөхөрлөх хэрэгтэй. Гэтэл хэвлэлийнхэн энэ бүхнийг хааж, боомилж байна.
-Энэ бүхнээс болж Бруклин найз охиноосоо салсан юм уу?
-Сайн мэдэхгүй байна. Магадгүй л юм.
-Таны гэргий өөрийн брэндээ гаргаад тун амжилттай явж байна. Та эхнэр шигээ нууц чадвараа ил болгох цаг ирсэн гэж бодож байна?
-Үнэнийг хэлэхэд, надад нууц авъяас байхгүй. Би хөлбөмбөг л тоглож чадна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ