Б.Батмаа: Гэгээн бүхнийг түгээхийн төлөө жүжигчин болсон

“Шүүдэр дундуур” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ. Тус киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Батмаатай уулзаж, ярилцлаа.
-Эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Баярсайханы Батмаа гэдэг. Би СУИС-ийн жүжигчний дөрөвдүгээр дамжаанд сурдаг. “Шүүдэр дундуур” уран сайхны кино миний тоглосон хоёр дахь бүтээл байлаа. Өмнө нь “Black Zebra” продакшны “Өнгөрснөөс ирсэн чөтгөр” гэдэг киноны гол дүрд тоглосон. Тэр кино маань оны дараа нээлтээ хийнэ.
-Яагаад урлагийн хүн болохыг хүссэн юм бэ.
-Анх би СУИС-д Д.Золбаяр багштай кино найруулагчийн ангид ороод тэр мэргэжлээр хоёр жил сурсан. Өөрийгөө кино найруулагч болох хүн биш юм байна гэдгийг мэдээд жүжигчний мэргэжлийн ангийг сонгосон. Муу, сайн аль ч дүрээр дамжуулан хүмүүст ухаарал хүргэхийг зорьдог учраас жүжигчний мэргэжил надад сайхан санагддаг. Нийгэмд гэгээн бүхнийг түгээж, соён гэгээрүүлэх учиртай мэргэжил учраас би сонгосон. Ер нь би тайзан дээр эсвэл камерийн өмнө байх дуртай.
-Мэргэжлийн багш нь хэн бэ?
-Манай мэргэжлийн багш СТА, докторант М.Ариунжолоо гэдэг багш бий. Харин тайзны ярианы хичээлийг Л.МУГЖ Чаминчулуун, Р.Нацагдоо багш ордог.
-Чамиа багш чанга биз?
-Багш маань бидэнтэй ойр ажилладаг. Хичээлдээ ирэхгүй бол залгана, загнана. Ээж, аавтай нь холбоо тогтооно. Оюутан хүнд тийм багш ховор шүү. Биднийг төлөө зүрх, сэтгэлээ зориулсан багш даа. Ер нь бүхий л багш нар минь хүндэлж, хайрлаж, биширмээр хүмүүс шүү.
-“Шүүдэр дундуур” кинонд тоглох завшаан хэрхэн олдов?
-Киноны уран бүтээлчид манай сургууль дээр проб авсан. Сүүлд нь хоёр охин үлдсэн байсан. Маргааш нь “чи тэнцлээ” гээд хариу ирэхэд маш их баярласан.
-Ямар дүр бүтээсэн бэ? Шинэ киноны талаар ярилцъя?
-Цэнгүүн гэдэг бүтэн өнчин охины дүрд тоглосон. Амьдралын ханиа буруу сонгоод алдсан. Гэвч амьдралд хэзээ ч гутардаггүй охины дүр. Байнга селфи хийж, идэж уусан, өмсөх зүүсэн юмныхаа зургийг үргэлж дардаг. Хоол хийсэн ч хүндлэл мэдэхгүй хамгийн түрүүнд дайраад л. Хэтэрхий хотожсон тийм томоогүй дүрд тоглосон. Ер нь энэ киногоор дамжуулан хэлэх санаа маш өргөн. Хүн чанар, энэрэнгүй сэтгэлийг харуулсан хуучны олон сайхан кино байдаг даа. Дахин дахин үзээд л баймаар. Яг л тийм кино болсон гэж бодож байгаа. Зураг авалтын үед олон жил үерхсэн настай хүмүүсийн нөхөрлөл. Монгол хүний уужим ухаан. Ёс заншил тэр болгоныг бахдан биширмээр санагдаж байсныг энд хэлмээр байна.
-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл олон гарсан байх?
-Миний дүр маш их уйлах ёстой. Тийм учраас зураг авалтын үеээр хоёр гурван цагийн өмнөөс бэлдэж хорвоогийн хамаг зовлонг өөртөө нааж бодож байсан үе бий /инээв.сур/. Бухал өвсөн дээр суугаад нэг ч удаа харж байгаагүй аав, ээжийнхээ тухай бодоод уйлаад суудаг хэсэг бий. Тэр зургийг авахад их хэцүү байсан. Энэ бүгдийг үнэн гаргахын тулд Цэнгүүн гэдэг охины дүрд амьдрах хэрэгтэй болсон. Хэрвээ би бүтэн өнчин байсан бол яах вэ гэж хүртэл бодож байлаа.
-Тоглосон дүр бодит амьдралаас тань хэр хол байв?
-Нэг их ойрхон байгаагүй. Гэхдээ би аавгүй өссөн. Мөн найз залуугаасаа салаад удаагүй байхад киноны натурт гарсан болохоор дүрээ ойлгоход дөхөм байсан.
-Батмаа хаана төрж, өссөн бэ? Хөдөө ахуйтай кинонд тоглох ямар байв?
-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Гурван настай байхдаа хотод орж ирсэн. Ерөнхийдөө хөдөөгийн амьдралаас хол хөндий өссөн. Хоёр жилдээ нэг удаа нутагтаа очдог ч их л холдсон санагдсан шүү. Гэхдээ л сайхан байсан. Дорнодын төв дээр зураг авалт явагдсан учраас зургаа дуусаад орой нь хилийн хар нүдэн бүсгүйчүүдтэй бүжиг зохионо. Их гоё байсан. Жилд нэг удаа очиж үзээгүй газраа очиж үзэх хэрэгтэй гэдэгдээ. Тэр утгаараа хилийн застав, Дорнодын Ульхан хайрханы энгэр, Зүрхэн арал гээд л маш гоё түүхэн газруудыг үзсэндээ баяртай байна.
-Ц.Төмөрхуяг, Г.Золбоот гээд олон сайхан жүжигчинтэй хамтран тогложээ. Тэднээс юуг суралцав?
--Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, Д.Бямбацогт гээд хайрлаж хүндэлж явдаг жүжигчидтэйгээ хамтарч тоглосон. Тэд надад жүжигчин хүн өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Бид зураг авахын өмнө уншлага хийдэг. Тэр үед ярилцаж, зөвлөдөг байлаа.Оюутан цагаасаа алтан үеийн жүжигчидтэй хамт кинонд тоглож тэднээс юм суралцсандаа өөрийгөө маш их азтайд тооцож байна.
-Үлгэр дуурайлал авдаг жүжигчин гэвэл?
-Багш нараасаа л үлгэр дуурайлал авдаг даа. Ер нь урлагийн хүмүүс харахад л эрч, хүч, энерги гэрэлтүүлсэн хүмүүс байдаг шиг санагддаг. Би “Тань руу нүүж явна” кинонд их дуртай. Тэр кинонд гарч байгаа үнэ жүжиглэлт, хэлэх гэсэн санаа гайхалтай. Бас “Гарын таван хуруу” кино байна. Энэ мэтчилэн хуучны олон сайхан киног үзэж дүр бүтээсэн жүжигчдээс суралцахыг хичээдэг.
-Бүтээхийг хүсдэг мөрөөдлийн дүр бий биз?
-Бүхий л дүр гоё. Гол нь өөрөө дамжуулан хүнд хүргэж чадах эсэх нь л чухал. Би Хятадын Холливудын кинонд тоглохыг хүсдэг. Одоо би хятад хэл сурж байгаа. Мэргэжилээ дээшлүүлээд БНХАУ-д очиж суралцана. Тэр үед надад мөрөөдлөө биелүүлэх боломж олдох болов уу гэж бодож байгаа. Боломж хаа нэгтэйгээс гарч ирнэ. Тэр бүгдэд бид өөрсдөө зорьж, тэмүүлж, хөдөлмөрлөх нь чухал гэж боддог.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Приусны босс” уран сайхны киноны Уянга гэдэг охины дүрд тоглож байна. Ярилцлагаа дуусаад зураг авалтад оролцохоор Налайх дүүрэг рүү явна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ