Хар муур

Олигархууд ид дайтаж ярих ярихгүй хязгаараа давж буй энэ цагт эдийн засгийн алчуурчид хэн болох, хэний алдаа ба тэнэг амбицаар төсөв цоорхой хүүдий шиг болсныг харж болохоор байна. Явсан хэдийгээ зажилсан бохь болтол нь муулж бие биенээ зүхлээ. Хоёулаа ойрхон тоотой суудалтай төр барьж байхад гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн савалгаа эдийн засаг сүйрүүлсэн гол буруутан байсан. Одоо парламентийн суудал нэг талд олонх гарсан тул уналт хямралын бүх буруу мэдээж АН дээр 100 хувь бууж ирлээ.
Энэ бол манай төрийн хар тойрог. Хууль дагах, хариуцлага хүлээх гэдэг ойлголт тамхины утаа шиг замхарч байдаг нийгэмд өдөр болгон хууль хэлэлцээд суудаг нарны дагуул аймаг мэт 76 гишүүнээр ээлжлэн төр бариулсан суугаа бид. Тэднийхээ тэнэсэн сум мэт шийдвэрээр нэг өндийж, нэг нурж байдаг хэтийн хөгжил нь тооцоолж таашгүй дүр зургаар улс орны амьдрал үргэлжилж байна.
Ардчилал гэсэн титэмтэй мафижсан төр бий болж түүнийгээ ухаалаг болохыг хүлээсэн ард түмэн одоо өөрсдөө ч сохорч аз эзийн зайд элдэв зөн билгээр амьдрах шахуу болчихоод байна. Сүүлийн 10 жилд идэвхтэй явцтайгаар эрх зүйт тогтолцоонд том цууралт гарч, мафийн төрийн чимээгүй шилжилт явагдаж, төрийг чангалсан олигархуудын хүлээс чивчирч байгаа нь өөр хоорондоо өдөөж буй дайнаас нь мэдрэгдэж байна.
Төр, болоод түүний харьяа мэдлийн бүх нэгжид албан тушаалтан ба намын элч гэсэн эрх барих хосолмол шинж бий болчихлоо. Судлаачийн онож хэлснээр албан тушаал таваар мөнгөний харилцаанд орчихоод байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу соёрхож байсан ардчилсан төр 25 жилийн явцаар олигархжсан төр болсныг зөвшөөрөх нь зөв болчихоод байна. АН-ын үед ч, одоогийн МАН-ын олонх ч тэр адилхан хямралын онош тодруулах зургаа эдийн засаг дээр зориуд фокуслаад, намууд үе дамжуулан өөрсдийн гараар хуяглаж байгаа олигарх тогтолцоогоо галаас холдуулаад байгаа. Үнэндээ бол эдийн засгийн хямрал гэсэн хар муур гүйлгээд ард нь сонгуулийн багц болсон төсөв мөнгөний шахаагаа хийх тогтолцоогоо бэхжүүлэн хамгаалсаар байгаа нь илт.
Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудыг харахад төрийн хяналт төсөв мөнгөний сахилга бат, албан тушаалтны хариуцлагын тухай хуулийн төсөл бараг алга. Төр улс байна даа. Мөнгө олоод ирнээ. Тогтолцоо хэвээр байхад мөнгөний ихээр тийм эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарахгүй гэдэг дээр бооцоо тавьсан ч болно. Олигархжсан шатлалаа нэмэгдүүлж, гишгүүр шатыг нь намынхаа гантигаар бүрж байхад улсын өр зээлээ нэмэх нь хулгайд завшуулах мөнгөний тоо өсөхөөс өөрийг үлдээхгүй. Энэ үнэнээс зугатаад байгаа нь аль ч намд жин нь багассаар байгаа олны итгэлийг үгүй хийж байна.
Удаан хямарсан нийгэм намуудад дахин хулхидуулбал ардчиллын нэрээр төрөөс баяждаг олигарх тогтолцоо аяндаа нурах талтай. Энэ өнцгөөр харвал эрх баригчдад одоо сонголт бүр мухар гудамж мэт хэцүү байгаа.
Улстөрчид, бүлэглэлүүдийн гар дүрсэн байж болох томоохон дүнтэй цохисон мөнгөн дүн болоод хэрэгжүүлсэн аргыг нь харахад Тендер одоо содон, сонин биш болсон бололтой. Их бүтээн байгуулалт, том төсөл хэдий их яригдана түүнийг дагасан мөнгөний олон цоргыг төсөвт салаалан суулгадаг болжээ.
Ганц цахилгаан станц барих 10-аад төсөл гаргаад тус бүр дээр судалгаа ТЭЗҮ хийлгээд зөвлөх үйлчилгээ гэдгийн ард хэдэн зуун сая, тэрбумыг саадгүй шилжүүлээд байх жишээтэй. Хувийн өмчит үйлдвэрт гайгүй чанартай ажлын хувцас хамгийн хямдаар олдоод байхад төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойд 100 айл дээрх хамгийн гүйлгээгүй гутал, ажлын багаж гурав дөрөв нугарч шахагдаад байдаг. Төрийн ажлын салаа мөчир бүр дээр олигархуудын гар хөл шимэгч шавьж мэт үүрэлсэн. Ийм байхад дахиад хэчнээн бага хүүтэй бонд босгоод нэмэргүй.
Энэ хямрал бол шинэ үзэгдэл биш. Төсвийн хатуу сахилга батыг хүчээр тогтоодог “Стэнбай” хөтөлбөрийг авч дэлхийн банкны зааварлагч нарын чанга гарт орж байж адил төстэй хямралыг давж гарч байсан удаатай улс. Тэр үед намуудын өгдөг амлалт, бүлэглэлдээ төлдөг сонгуулийн төлөөс ч нимгэн байж. Одоо Стэнбай авчих юм бол улс оронд төсвийн сахилга бат тогтох ч намуудын сонгуулийн амлалт хур зузаан, санхүүжүүлэгч нартаа гаргах төсвийн мөнгө сая сая долларын хүлээлт ба нэхэлтэй. Аль ч нам эрх барьсан ийм л толгойны өвчинтэй болдог. Энэ нь мөнгө төсвийн тал дээр гаргах шийдвэрт нь тархинд нь зоосон гадас болчихоод байгаа.
Удаан хямарсан нийгэм намуудад дахин хулхидуулбал ардчиллын нэрээр төрөөс баяждаг олигарх тогтолцоо аяндаа нурах талтай. Энэ өнцгөөр харвал эрх баригчдад одоо сонголт бүр мухар гудамж мэт хэцүү байгаа. 2012 онд ялсан АН ч мөн адил үүнтэй төстэй. Мөсөн талбай дээр тэшүүр ч үгүй байж гулгаж чадна гээд зуны гуталтай гараад ирсэн улс. Тэгээд л бонд босгож халтирахгүй зам гаргаад далд амлалтаа ч сайн хаасан. Ил цагаан идэж уухаа хэтрүүлсэн ч бас үлдэхээр юм хийсэн. Эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн.
Одоо өмнөө байгаа салаа олон замын аль нэгийг засаг төр сонгоно. Энэ эрхийг тэдэнд ард түмэн хариуцлагатай нь хамт өгсөн. Ямар нэг хохирол дарамт хүлээн мөнгө олоод ирнэ. Ард нь амтай ангайж, хүүдийгээ бэлдсэн сонгуулийн хандивлагчид байгаа, Тэдэнд мөнгийг нь тараах албан тушаалын сүлжээ нь ажиллаж байхад ялгаа байна уу. АН-ын засгийн үед Төрийн банкаар бондын тал мөнгийг тараасан жишээ үүнийг тод харуулж байна.
Одоо бие бие рүүгээ шүлс хаяхаа больж гол зүйлээ л анхаармаар. Эдийн засаг амьсгаа авах л юм бол араас нь бүх шатанд сүлжээ болж байгаа нам дагасан эрх барих хосолмол тогтолцоог унагаах хууль гаргах хэрэгтэй. Энэ хол сонсогдож байж болно. Гэхдээ дуугүй хараад эвлэрч сууж болохгүй. АН-ын ч юм уу МАН-ын хайртай эх орон гэж байхгүй. Монгол улс орших уу, эс орших уу дээрээ тулсан байгааг тойрч ярих хэрэггүй.
Хуулиар засагладаг болохын тулд цагаан морьтой баатар хүлээх үү. Сошиалд хошигноод байгаагаар Путинийг урьж олигархуудаа цөллөгт явуулах уу. Хэн, ямар улс төрийн хүчин энийг эхлүүлж чадна түүнийг ард түмэн дагана. Мөнгөгүй ч дэмжинэ.
Эдийн засаг хямралаа гэсэн хар муур гүйлгээд л байна. Ард нь олигархжсан төрийн л балаг байгаа шүү.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ