Н.Минжинсайхан: Мэдэрч чадвал аль ч улиралд сайхан шүлэг бичнэ

Монголын Залуучуудын Холбооноос “Цагаан уул” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулсан. Тус наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхантай уулзаж, ярилцлаа.
-Хайрын шүлгийн наадмын тэргүүн шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Би энэ наадамд дөрөв дахь удаага шүлгээ дуудлаа. Хоёр удаа дээд байранд орж байсан. Харин энэ жил тэргүүн цомыг авсандаа баяртай байна. Наадмыг МҮОНТ-ээр шууд дамжуулсан. Хөдөө орон нутагт суугаа төрөл, садан болон ээж минь хүртэл үзсэн байна. Ээж минь “Хүүгээ үнсье” гээд зурвас бичсэн. Өмнө нь олон наадамд оролцож байсан ч ээжээсээ тийм сайхан үг сонсож байгаагүй болохоор их сайхан санагдсан.
-Энэ наадам хайрын гэдгээр тодотгогддог. Та ямар шүлэг уншив?
-Сүүлийн шатанд оноо тэнцээд “Амур” гэдэг шүлгээ уншсан. Миний дуудсан шүлгүүд гурвуулаа л хайрын сэдэвтэй байсан. Олон сайхан яруу найрагч шүлгээ дуудлаа. Тэдэнтэй өрсөлдөж, тэргүүн байр хүртсэн нь миний хувьд аз байлаа. Шүүлт шударга болсон гэж бодож байгаа.
-“Амур” шүлэг эзэнтэй биз?
-Шүлгийн нууц нь эзэндээ л үлдэг. Би анхны дууны үгээ Солонго гэдэг охинд зориулж бичиж байсан. Түүнээс хойш шүлгээ хэнд зориулснаа би дэлгэж байгаагүй. Цаашид ч дэлгэхгүй. Ер нь уран бүтээлийн нууц нь эзэндээ л үлдэх нь сайхан.
-Та аль нутгийн хүн бэ?
-Архангай аймгийн хүн
-Нутаг, усныхаа тухай шүлэглэж байна уу?
-Намайг бүтээсэн уул, усаа бичихгүй бол юугаа бичих билээ. Гэхдээ л ээжийн тухай, эх нутгийн тухай шүлэг бичнэ гэдэг их хэцүү. Би нутаг усаа мэддэг ч арван хуруу шигээ мэдэхгүй. Мэдмээр юм бас байна. Зөвхөн шүлэг бүтээл өргөхөөс илүү уул, усныхаа домог хууч яриа, байгалийн тогтоцыг нь, гол ус нь хаанаас эх авдаг тухай гэх мэт мэдмээр юм асар их байна. Тэгж байж элэг бүтэн болно. Энэ нутгийг олж төрсөн эзэн шүү дээ гэж өөртөө бахархах сэтгэлтэй болно. Энэ үед шүлэг бичвэл илүү онох болов уу. Ерөнхийдөө нутаг усны тухай ярьвал тусдаа нэг сэдэв болох байх.
-Яруу найрагчид адуу, айраг, намрын тухай илүү бичдэг шиг санагддаг. Таны хувьд?
-Хүн хамгийн сайн мэддэг юмаа л бичих хэрэгтэй. Би залуу байна. Тэр утгаараа хайрын тухай л бичдэг. Ер нь хайрын шүлгийг тухайн яруу найрагч хэрхэн бичиж байгаагаас ухаан, сэтгэлийг нь харж болно гэж томъёолсон үгнүүд яруу найрагчдийн дунд хийсч явдаг.
-Найрагчид намрын улиралд их хөглөгддөг гэдэг?
-Манай найрагчид ихэнхи нь намрын улиралд онгод илүү хөглөгддөг гэж ярьдаг. Миний хувьд мэдэрч чадвал аль ч улиралд сайхан шүлэг бүтнэ. Монголчууд хагассайн, хоёрдахь өдөр замд гарч болохгүй зэргээр ярьдаг. Гэвч долоо хоногийн нэг л өдөр, гараг шүү дээ. Би үүнийг нэг их тоодоггүй юм. Үүний адил улирал ч ялгаагүй. Намар жаахан гэгэлзэх нь бий. Хамаг өнгөө хувиргаад ирэхээр өөрийн эрхгүй зогсоод орчноо хармаар санагддаг л юм.
-Шүлэг бичдэг хүмүүс их романтик гэж хүмүүс ярьдаг. Та романтик уу гээд асуучихвал буруучих юм болов уу?
-Романтик биш дээ л шүлэг бичив гэж. Хийсвэрлэг сэтгэлгээ ихтэй, асар өндөр сэтгэл хөдлөлтэй хүмүүс бол орчлонгоор нэг байгаа. Харин түүнийгээ авъяасаараа илэрхийлж чаддагаараа л яруу найрагч хүн давуу талтай.
-Яруу найрагч гэдэг их өндөр хэргэм шүү?
-Тэгэлгүй яахав. Би шүлэг бичээд сууж байхдаа л яруу найрагчаа гэж дуудуулмаар байдаг.Тэрнээс хаа ч хамаагүй “би яруу найрагч” гэж цоллуулаад явамгүй санагддаг. Яруу найрагч гэдэг нэр байнга энгэр дээр гялалзаж байдаг одон тэмдэгтэй адил зүйл биш юм. Тийм учраас хайрлаж явах ёстой Ямар ч хүн яруу найрагаар ярьдаг энэ оронд яруу найрагч байна гэдэг тун амаргүй даваа гэж Р.Чойном нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс энэ нэрийг дааж явна гэдэг ухааны асуудал байдаг юм байна гэж сүүлийн үед ойлгоод байгаа.
-Та хэдийд өөрийгөө шүлэг бичиж болмоор юм байна гэж ихэд тоосон бэ?
-Арван жилд байхад ангийн хөвгүүд надаар захидлаа их бичүүлдэг байсан. Бичсэн захидлын хариу ихэнхи тохиолдолд “зөвшөөрч байна” гэж ирнэ. Тэгэхээр би урамшина. Бас захидал бичүүлсэн ангийн нөхөд намайг хариуд нь “манай яруу найрагч” гэж өргөмжилнө. Бага байхад энэ нэрээр намайг овоглож онгироосон. Тийм үгийг олон сонсоод ирэхээр өөрийн эрхгүй өөртөө итгэдэг юм билээ. Тухайн үед л өөртөө хамгийн их итгэж байсан шиг санагддаг юм. Тэгээд Д.Пүрэвдорж гуайн үүсгэн байгуулсан “Монголын нууц товчоо” уран зохиолын дээд сургуульд ирж суралцсан. Манай сургуульд 21 аймгаас ирсэн шүлэг бичдэг залуус цуглаж байсан. Бид бие биедээ шүлэг уншиж өгнө. Хор шараа малталцаж, хэр хэмжээгээ мэдэх гэж, хэн хэнийхээ дээр гарах гэж дугуйлан хэсээд л шүлгээ уншаад явдаг байлаа. Ёстой л нутаг нутгийн салхи тэнд слахилдаг байлаа.
-Дугуйлан гэснээс нэгэн үе их сургууль бүрт утга зохиолын дугуйлан хичээллүүлдэг байсан даа?
-Тийм шүү. Оюутан ахуйд Улаанбаатар их сургууль, МУИС, МУБИС зэрэг сургууль дээр утга зохиолын дугуйлан хичээллэдэг байсан. Бид 40-50-уулаа нийлээд дугуйлан хэсээд л явдаг байлаа. Нэг дугуйланд очиж нэг шинэ шүлэг уншина гэдэг байлаа. Энэ нь ухаандаа хэн хэнийхээ дээр гарах л гэсэн оролдлого байсан шиг. Тэгж л бид бие биенээ хурцалж явсан даа.
-Сүүлийн үед модернист, реализм шүлэг бичдэг хүн их болсон. Гэхдээ тэд үндсэн утгаар нь бичиж чадаж байна уу?
-Би утга зохиолын шүүмж судлаач мэргэжилтэй хүн. Гэхдээ хүн шүүмжилж сууснаас өөрөө бүтээж суусан нь дээр юм байна гэж бодсон. Бүтээгч хүнд ямар нэг урсгалаар бичих шаардлага байхгүй. Би модернист шүлэг, эсвэл реалист шүлэг бичье гээд суувал шүлэг төрөх эсэх нь эргэлзээтэй. Алив хүнийг тэтгэдэг тэнгэр байдаг гэдэгт би итгэдэг. Тийм болохоор хүн дэвтэр, үзгээ ойрхон аваад явж байхад онгод гэдэг зүйл хаана ч ордог ирдэг. Онгод гэдэг оноогдсон заяагдсан хүмүүсдээ л мэдрэгдэж байхад болно.
-Танд түүний энтэй найрагч болохсон гэж шунах үе бий юу?
-Байхгүй. Уул усныхаа өгсөн авъяас билэгт эзэн болж явахыг л хүсдэг. Би хүн хүнээс өөр тусдаа нэг бодгаль. Тийм учраас зөвхөн өөрийнхөө мөрийг яаж үлдээх тухай боддог юм.
-Ирэх жилийн “Болор цом” наадамд шүлгэн хүлгээ сойно биз?
-Сойно. Би энэ наадамд 3-4 удаа орсон. Байр эзлэхээс илүүтэй энэ наадам жил бүр уламжлал болгон зохиогдож байгаасай л гэж боддог. Шүлгээ унших нь л хувь уран бүтээлч хүний хувьд жаргалтай байдаг. Яруу найргийг сурталчилж байгаа нэг том хэлбэр бол энэ наадам.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ