”Маамуу нааш ир” дууг орон даяар дуулна

img

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдоод 60 жил өнгөрчээ. Ойн хүрээнд Хүүхэд гэр бүл хөгжлийн газар Монголын хүүхдийн ордонтой хамтран зарим арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

 

Ойн хүрээнд энэ сарын 25-нд 12.00 цагт “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болох юм байна.  Мөн өдрийн 13.00 цагт Монголын хүүхдийн ордонд хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах аж.

 

Мөн энэ сарын 25-нд 14.00 цагт Нийслэл болон хөдөө орон нутгийн бүх цэцэрлэг, сургууль дээр “Маамуу нааш ир” дууг нэгэн зэрэг дуулах болсныг зохион байгуулагчид онцоллоо.

 

Хүүхдийн дууны нэрт дуучин, МУГЖ В.Долгор энэ дууг анх удаа дуулж олон нийтийн хүртээл болгосон бөгөөд хамгийн олон удаа дуулсан гэдэг. Тэрбээр энэ талаар “Монгол хүүхэд болгоны хамгийн анхны дуулж сурсан энэ гайхамшигт дуу зохиогдоод 60 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хичнээн зуун хүүхдүүд дуулсан нь таашгүй. Монгол хүн болгоны сэтгэл зүрхэнд хоногшин, мөнхөрөн үлдсэн гайхамшигтай бүтээл юм. Одоо ч хойч үе маань сурсаар, дуулсаар л байна” хэмээн дурсан ярив.

 

 Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Saihan baina. Duulnaa.
2016-10-17