Рок, попынхон Б.Сарантуяад зориулан дуулна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан “UBS” телевизийн захирал Л.Балхжав, “On Off” продакшны найруулагч МУУГЗ С.Ононбат, МУГЖ Б.Сарантуяа нар мэдээлэл хийлээ.

 

Б.Сарантуяа 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьсан гэдэг. Үүнээс хойш 30 жил өнгөрчээ. Иймд 30 жилийн хугацаанд туурвисан уран бүтээлээ үзэгч, олонд тайлагнах үүднээс энэхүү тоглолтыг хийхээр болсон аж.

 

Өнгөрсөн  хугацаанд тэрбээр эх орноо таван удаа тойрон аялан тоглолт хийж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийжээ. Мөн энэ хугацаанд 600 гаруй уран бүтээлийг туурвисан байна.

 

Энэ удаагийн тоглолтод “Харанга”, “Хурд”, “Камертон”, “Никитон” зэрэг хамтлаг, дуучин оролцох аж. Тэд МУГЖ Б.Сарантуяагийн урлагт зүтгэсэн 30 жилийн ойд зориулан  уран бүтээлийг нь  дуулж, үзэгчдэд хүргэх юм байна.

 

Хэвлэлийн хуралд оролцсон зочид, түүний талаар ийн дурсамж, ярилаа.

 

Л.Балхжав: Ид шидтэй дуучин

 

 

-Би Б.Сарантуяа гэдэг дуучин энэ улс эх оронд төрж, өссөн учраас Монголын ард түмэн азтай гэж боддог. Монголчуудаас илүү хөгжмийн зохиолчид бас их азтай хүмүүс. Учир нь Б.Сарантуяа хэний ч дууг амьдруулж чаддаг ид шидтэй дуучин юм.

 

Б.Ганчимэг: Ховор зочдын нэг байсан

 

-Б.Сарантуяа Монголын сэтгүүл зүй, тэр дундаа сүүлд гарч ирсэн хэвлэл, шоу бизнесээр дагнан бичиж байгаа сэтгүүлчдийг хүмүүжүүлсэн, тэдэнд ихэд эрх чөлөө олгосон хүн. Хөгжлийн явцад олон нийтийн анхаарлын төвд тасралтгүй байсаар ирсэн хүн. Миний уулзсан, ярилцсан хүмүүсийн тоо үнэхээр олон. Тэр дундаа хамгийн супер, дахин таарахгүй тийм баатарын нэг яах аргагүй манай Б.Сарантуяа байсан. Ийм зочин ховор байдаг. Манай уншигчид тэр ярилцлагыг мартаж чаддаггүй талаараа хуваалцдаг. Түүнтэй би хамгийн олон удаа ярилцсан.

 

 

 

 

С.Ононбат: Тэр хамгийн анх цомог гаргасан дуучин

 

 

-Бид хоёр “Мөнгөн харандаа” хамтлагаас эхэлсэн хоёр. Б.Сарантуяа Монголд хамгийн анх цомог гаргасан дуучин. Гаргасан цомог нь хамгийн олон борлуулагдсан. Мөн рок, попынхноос хамгийн анх хэвлэлийн бага хурал хийсэн хүн. Түүнчлэн хамгийн анхны театарчилсан тоглолтыг хийсэн. Энэ мэтчилэн анхны гэх тодотгол олонтой дуучин.

 

Тоглолт энэ сарын 29-нд 17.00 цагт Corporate Hotel Convention Concert Hall танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tomoo Toomoo:
toglolt-d ni amjilt husie!
2016-10-24
Амидаа нь:
Сарантуяа эгчдээ эрүүл энхийг хүсье. Та үнэхээр сайхан, дайчин, мундаг эмэгтэй шүү. Таны шүтэн бишрэгч амидаа нь
2016-10-24