Баталгаагүй давхрага

img

 

Эдийн засгийн хүндрэлд хамгийн ихээр өртөж байгаа хэсэг бол  амжиргааны төвшин доогуур давхрагынхан.  Өнөөдрийн үнэмлэхүй олонхи сонгуулийн өмнөх жилүүдэд иргэд талхыг  таллаж, ургамлын тосыг  граммаар, хүнсний ногоог  ширхгээр худалдан авч байна  хэмээн тухайн үеийн эрх баригчдыг шүүмжилж байсан. Үнэндээ амжиргааны төвшин доогуур  хэсгийнхэнд энэ нь өдөр тутмын амьдралынх нь ердийн үзэгдэл, улстөрчдийн нүд л духан дээрээ гарах шахсан болохоос. Тэр дундаа эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд дээрх давхрагийнхан тал ч талхгүй хонох үе гардаг байх.

 

Ирэх оны төсвийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед эрх баригчид халамжийг нэмдэггүй юм гэхэд бууруулахгүй байх бодлого барьж байгаа  нь сайшаалтай. Ер нь ойрын хугацаанд эдийн засгаа тогтворжуулж сэргээх нь  тэдний үүрэг л дээ.  Харин эдийн засгийн хүндхэн жилүүдийн циклийн үед нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хэсгүүдээ хэрхэн хамгаалж авч явах вэ гэдэг төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг  зорилтот бүлэгт хамаарах  60 хувьд сар бүр олгох,  65 ба түүнээс дээш настай ахмадуудад нийгмийн даатгал төлж байсан  эсэхээс үл хамаарч жилд хоёр удаа  “Насны хишиг” хүртээхээр  тусган, хэлэлцэж байна.  Энэ нь ахмад настнуудтай, олон хүүхэдтэй айл өрхийн амжиргаанд бага ч болов нэмэр болдгийг олон нийт мэднэ.

 

Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй ч нийгмийн эмзэг давхрагынханд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай зарим гишүүд үздэг. Энэ үүднээс бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа юм билээ. Тухайлбал, гишүүн Н.Чинзоригийн санаачлан өргөн барьсан  Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ.

 

Харин эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд нийгмийн давхрага харгалзалүйгээр  өртдөг хэсэг бол эхчүүд.   Өнөөдөр хүүхдээ асраад гэртээ сууж байгаа олон эхчүүд  бий. Харин тэдний нийгмийн баталгаа хангагдаагүй, гадна талд орхигддог.  Хуулинд нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг заалттай. Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдог сөрөг талтай. Ингэснээр нийгмийн баталгаа  алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэж байгаа юм. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эмэгтэйчүүдийн хувьд  янз бүрийн шалтгаан, шахалт дарамтанд орж  тэтгэвэр эрт тогтоолгох нь улам нэмэгдсээр байгааг хэн хүнгүй мэддэг.

 

Статистикийн тооноос харахад  жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байдаг аж.   

 

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм байна.

 

Цаашлаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцөлийг зохицуулсан байдаг. Гэвч энэ зохицуулалт нь  байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаарахгүй аж.

 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн  салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж байгаа.  Энэ нь нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлдэг байна. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах,  наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл гэнэ.  Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болжээ. Иймээс , малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж зорилгоор хуулийн өөрчлөлт оруулжээ.

 

Хэрвээ уг хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдах аж.

 

 

Ингэснээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй. Харин эхчүүд, малчдын нийгмийн баталгаа сайжирч, хүн амын өсөлт болон мал аж ахуй эрхлэгчдийн даатгалд хамрагдах сонирхолд эерэгээр нөлөөлнө гэж хууль санаачлагач үзсэн байна.

 

Ямартай ч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед халамж шаардсан хэсгийн тэтгэвэр, тэтгэмж нэмдэггүй юм гэхэд  түр  ажлын байраар хангаж, өрхийн орлого олох боломжийг бүрдүүлэх төрийн бодлого зохицуулалт үгүйлэгдэж байгааг эрх баригчид хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

 

Тиймээс  нийгмийн баталгаагүй хэсгийнхэнд  хуулийн эрхзүйн зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх биз ээ.

 

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аль ч нам төр засагт гараад яг адил ив ижил ажээ. Үнэхээр итгэл алдарч байна. Долларын ханшаа барь чадахгүй арчаагүй... НӨАТ гээч луйварын хуулиа хүнсний бараан дээр хэрэгжүүлж болж байнаа. Өмсөх хувцасан дээр яахнав дээ. Үнэхээр итгэл алдарч байна. Жагсаал цуглаан гэвэл хамгийн түрүүн л гүймээр тийм л тэвчээр алдарч байна даа.
2016-11-02