Үндсэн хууль батлалцсан эмэгтэй парламентчдад хүндэтгэл үзүүлэв

img

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой эн сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдөртэй холбогдуулан Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Тусгаар Тогтнолын Ордны” бага танхимд “Ардчилсан үндсэн хууль” батлахад оролцсон депутат эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэлийн уулзалт хийлээ. Үндсэн хуулийг батлах хүндтэй үүргийг хүлээсэн 430 депутаасаас Д.Мөнхөө, Т.Жагай, Ж.Даваабал, О.Долгорсүрэн, Д.Чулуун, Д.Баасанхүү, Б.Энхтуяа, Э.Алтангэрэл, Д.Лхамсүрэн нарын 9 эмэгтэй байсан бөгөөд дээрх эмэгтэйчүүдийн 2 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.Тухайн үед Ардын Их Хурлын депутат байсан гишүүдийн 193 нь Улаанбаатар хотод, 120 гаруй хөдөө орон нутагт аж төрж байна.    Уг хүндэтгэлийн уулзалтанд Парламентад сууж буй эмэгтэйчүүд урилгаар оролцож байгаа бөгөөд нийслэлийн төвийн дүүргийн эмэгтэйчүүд, мөн Их дээд сургууль болон бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож байгаагаараа онцлог юм. Энэхүү хүндэтгэлийн уулзалтанд АИХ-ын депутат, МУ-ын Эрүүлийг хамгаалах гавъяат ажилтан “Үндэсний гал голомт хөдөлгөөн”-ний тэргүүн хатагтай Д.Мөнхөө анхны парламентын тухай мөн Ардчилсан үндсэн хууль дээр хэрхэн ажилласан тухай танилцуулсан бөгөөд, АИХ-ын хүндэт депутат эмэгтэйчүүд мөн өөрсийнхөө дурсамжаас хүрэлцэн ирсэн эрхэм зочидтойгоо хуваалцлаа. 1924 оны анхны үндсэн хуульд эмэгтэй эрэгтэй хүн ижил тэгш эрхтэйг анх хуульчилсан билээ. Дараа жил нь хуралдсан БНМАУ-ын II Их хурлын төлөөлөгчдийн бүртгэлийг хүйсээр ялгаварлан заагаагүй ч нэг эмэгтэй төлөөлөгч Сономханд сонгогдон оролцсон байна. Харин тус Их хурлаас гурван эмэгтэйг анх удаа төрийн эрх барих дээд байгууллагын гишүүнээр сонгосон байна. Тэдгээр гурван эмэгтэй бол Дэлгэр их уулын аймгийн Баянзүрх уулын хошууны Лувсандулам, Хантайшир уулын аймгийн Сэцэн сарт уулын хошууны Юмбүүгийн Намжилсүрэн, Богд хан уулын аймгийн Их Түшиг уулын хошууны Бороогийн Хоролсүрэн нар юм. Ингэж 1924 онд анхдугаар Үндсэн хуулиар Монголын эмэгтэйчүүдэд сонгох сонгогдох эрхийг олгож энэ нь бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн түүхтэй юм. Монгол Улс түүхэндээ 4 удаа1924, 1940, 1960, 1990 онуудад  Үндсэн хуулиа баталсан юм. 1992 оны Монгол улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны Ардчилсан үндсэн хууль бөгөөд тухайн үед Үндсэн хуулийг батлалцсан 430 депутатуудын 70 гаруй хувь нь хуучин МАХН-ын гишүүд байжээ. 1950-1990 онд АИХ-ын депутатуудын 23 хувь нь (дунджаар) эмэгтэйчүүд байсан бол 1990 оноос хойш сонгуулиас сонгуульд шилжих тусам эмэгтэйчүүдийн УИХ дахь төлөөллийн хувийн жин буурсан байна. 2011 оны 12-р сард батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зургадугаар бүлгийн 27-р зүйлийн 27.2-т нам, эвслээс энэ хуулийн 27.1 заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна хэмээн батлагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ