Э.Урангоо: Харин ч дээгүүр байр эзэлсэн

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Тун саяхан нээлтээ хийсэн “Рэкет” уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Э.Урангоотой цөөн хором ярилцлаа.

 

-“Нарны жим” киноны даруухан бүсгүй энэ удаад ямар дүрд тоглов?

 

-“Рэкет” уран сайхны кинонд таван өөр зан араншин, дүр төрхтэй найзуудын тухай гардаг. Миний хувьд Халиунаа гэх нэлээд хурц, рок стильтэй охины дүрд тоглолоо. Бүтэлтэй, бүтэлгүй олон зүйлийг давж таван найз хэрхэн нөхөрлөлдөө үнэнч үлдэхийг энэ киноноос харах болов уу.

 

-Хамт тоглосон охидоо өмнө нь таньдаг байв уу?

 

-Охидуудыг өмнө нь таньдаг байсан. Киноны зургийн үед сайн найзууд болж чадсан даа.

 

-Танаас хол дүр байв уу?

 

-Тийм ээ. Хол дүр байлаа. Өмнө нь тоглож байсан кинонуудад өөрийнхөөрөө тоглоход болдог байсан. Харин энэ кино надаас ихэд өөр байсан шүү.  Кинондоо зориулж үсээ тайруулсан. Ер нь өөрийнхөө имижийг өөрчилсөн.

 

-Үсээ тайруулахдаа харамссан уу?

 

-Дүр төрхөө өөрчлөх бодолтой явж байсан учраас харамсаагүй. Гэхдээ мэдээж маш урт үсээ халмаг болгоход жаахан тийм байсан.

 

-Жүжигчин мэргэжилтэй бил үү?

 

-Жүжигчин мэргэжилтэй биш. Гэхдээ дөрвөн ч удаа кинонд тоглох боломж олдсон. Хамгийн анх би “Мартагдашгүй намар” кинонд тоглож байсан. Мөн “Call” сэтгэхүйн аймшигт кино, “Нарны жим” олон ангит кинонд тоглож байлаа. Энэ бол миний тоглосон дөрөв дахь кино.

 

-Жүжиглэхээс гадна дуулдаг байх аа?

 

-Тийм ээ. Цаашдаа дууны уран бүтээлдээ түлхүү анхаарах бодолтой байна. Мөн надад таалагдсан, тогломоор киноны санал ирэх юм бол татгалзахгүй. Үндсэн мэргэжлээрээ ч бизнес хийнэ.

 

-Миссийн тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцсон. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцах уу?

 

-“ Face of beauty international”  тэмцээн Улаанбаатар хотноо 14 хоногийн хугацаанд болж өнгөрсөн. Тэр хугацаанд бид өдөр тутам тэмцээнтэй байсан. Маш давчуу хугацаанд болж өнгөрсөн болохоор сүүлийн шатанд бэлтгэх цаг, зав бидэнд өгөөгүй. Маш өрсөлдөөнтэй болсон. Телевизээр гаргаагүй 14 хоногийн хугацаанд бусад мисстэй спорт, урлаг зэрэг төрлөөр эн тэнцүү өрсөлдсөн. Тэр бүгдэд амжилттай оролцсон учраас өндөр оноо цуглуулж 60 орноос дөрөвдүгээр байранд шалгарч чадсан.

 

-Шүүгчийн асуултад хариулж чадаагүй гээд нэлээд шүүмж явсан?

 

-Би асуулт, хариултаас өмнө урлагийн ноймор үзүүлсэн. Түүнийгээ сэтгэлдээ хүртэл гүйцэтгэж чадаагүй учраас маш их сандарсан. Хүн төгс биш. Алдах үе бий. Ялангуяа тэр том тайзан дээр алдаа гаргасандаа үзэгчдээс уучлалт гуйсан. Гэхдээ тэр хэдхэн секундээр би өөрийгөө хязгаарлахгүй. Өмнө нь болсон төрлүүдэд амжилттай оролцож байсан тулдаа харин ч дээгүүр байр эзэлсэн. Эх орныхоо нэрийг гаргах гээд өдөр, шөнөгүй нойр хоолоо хугаслаж, хэрхэн хичээж, зүтгэснийг  зарим хүмүүс мэдэхгүй. Тийм учраас Монголчууд бие биендээ урам хайрлаж, дэмжиж сураасай. Хэрэв хүн аль нэг зүйлийг зориглоод хийхгүй л бол хэн  ч биш дурсагдахгүй. Тэгэхээр намайг тоогоод ярьж байгаа хүмүүст нэг талаасаа баярлаж байна.

 

Ярилцсанд баярлалаа. 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
black shig muuhai tsarai ve
2016-11-29
Billa:
Mgl zohioson bolohoor hucheer 4 orson ehnii 3 orson bol ichij uhmeer hereg boloh bailaa tarhia hogjuuleerei busgui mini denduu dutuu bailaa
2016-11-29
монгол:
монголд болж байгаа тэмцээнд англиар яриад маш тохиромжгүй байсан.асуултаа ойлгоогүй ч .ярихыг урьтал болгосон.залуу хүн суралцах нь гарцаагүй
2016-11-28