Худалдаачид төр, засгаас дэмжлэг хүсэв

Нийслэлийн томоохон, зах худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг худалдаачид “Худалдаачдын холбоо” байгуулах талаар болон өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өнөөгийн байдлаар 140 гаруй худалдааны төв, захад 200 мянга гаруй худалдаачин наймаа эрхэлж байна. Гэвч Монголын эдийн засгийн хямрал худалдаачдад хүнд “цохилт” болж байгаа талаар хуралд оролцогчид онцоллоо. Худалдаачдын 80 гаруй хувь нь банкинд зээлтэй, зээлийн дарамтанд ороод байгаа тул худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Худалдаачдын холбоог байгуулах ажлын хэсгийг байгуулаад байгаа аж.
Энэ талаар “Наран туул” худалдааны төвийн бизнес эрхлэгч Б.Болор-Эрдэнэ “Наймаачид бид зээлийн дарамтад өдрөөс өдөрт гүн шигдэж, дааж давшгүй өрийн сүлжээнд орж, цаашид энэ тулгамдсан асуудлаа өөрсдийн хүчээр шийдвэрлэх аргагүй байдалд хүрээд байна. Иймд өөрсдийн эрх ашгийг хамгаалах холбоог байгуулж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар ажиллах болсноо зарлаж байна” хэмээв.
Мөн тэрбээр “Нийгэм эдийн засгийн хямралт байдал нь цаашид худалдаачдын энэ хүнд байдлыг улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байгаа учраас цаг алдалгүй онцгой анхаарах шаардлага тулгараад байна. Одоо л худалдаачдад төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Нэг худалдаачны ард 4-5 хүн байгаа гэж бодохоор Монгол Улсын нэг сая иргэний ирээдүйн амьдрал бүрхэг байна. Бид 27 жилийн хугацаанд төрөөс ямар нэгэн дэмжлэг, тусламж хүсэхгүйгээр өөрсдийн хүчээр өдийг хүрсэн. Иргэн баян бол улс баян, худалдаачид баян бол иргэд баян” гэсэн юм.
Худалдаачдын холбоог байгуулахын тулд 20 гаруй захын 2000 худалдаачдаас судалгаа авчээ. Судалгаанд хамрагдагсдын 83 хувь нь зээлтэй, 72 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Эмэгтэйчүүдийн 29,2 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ