Хамтарсан бол гоншигонох эрхгүй АН

Гоншигонох эрхгүй АН: Хамтарсан Засгийн газарт орсон бол хариуцлагаа үүр
Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах болон бүтэц, бүрэлдэхүүнд нь оруулах гэж буй өөрчлөлт нь улс төрийн хүрээнд шуугиантайхан байна. Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас “гаргалаа” гэх мэдээлэл тарсны дараа АН-ын зарим гишүүд болон дэмжигчид үүнийг хүчээр шахсан алхам мэтээр тайлбарлаж, өөрсдийгөө хохирогчийн дүрд харагдуулахыг оролдож байна. Гэвч бодит байдал дээр энэ бол улс төрийн “даапаалал” гэхээсээ илүү ул суурьтай, хариуцлагын зарчим яригдах учиртай асуудал юм.
АН бол сүүлийн жилүүдэд нам доторх бутрал, итгэл алдсан удирдлагын зөрчил, зарчмын байр суурьгүй шийдвэрүүдээрээ олон нийтийн итгэлийг алдсаар ирсэн улс төрийн хүчин. Тиймээс олон нийтийн дунд сөрөг хүчний байр сууриа сэргээж, цэвэршиж, улс төрийн шинэ бодлогоор эргэн ирэх хүлээлт байсан. Гэвч 2024 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “хамтарсан” нэрийн дор нэгдсэн нь өөрсдийн улс төрийн үнэт зүйлсээ ил далд худалдаж, эрх мэдлийн ширээний ард суухыг илүүд үзсэнийг харуулсан.
Хамтарсан гэдэг нь зөвхөн сайдын сандал биш, хариуцлагын ачааг хуваалцахыг хэлдэг. Тэд бодлогын шийдвэр гаргалтад оролцсон, эдийн засаг, нийгмийн асуудлуудад байр сууриа илэрхийлэх бололцоотой байсан. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаа муу байлаа ч, тэнд нь орсон улс төрийн хүчнүүдийн ч хариуцлага гэж үзэх нь зүй ёсны хэрэг.
“Хөөж байна” гэж гоншигнохын оронд өөрсдөөсөө асуу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үр дүнг дүгнэж, бүтцэд өөрчлөлт оруулж байгаа нь улс төрийн менежмент талаасаа ойлгомжтой алхам. Тэрбээр МАН-ын бага хурлын индэр дээрээс “Хэрэв АН-ыг гаргавал өөрөө ч огцорно” гэсэн байр сууриа илэрхийлсэн гэх. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн, АН-ын зүгээс улс төрийн тодорхойгүй байдал, дотоод хямралаа шийдэж чадаагүйгээс хүртэх ёстойгоо хүртэж буй хэрэг.
АН бол өөрийн хүсэлтээр Засгийн газарт орсон. Тиймээс гарч байгаа бол “хөөсөн” гэхээсээ илүү “гарч байна” гэж ойлгох нь нэрд цэвэр юмсан. Хамтарсан шийдвэрт оролцож, улстөрийн хариуцлага хүлээх чадваргүй бол зөвхөн сайдын албан тушаалд суух нь ардчиллын зарчим биш. Одоо гоншигнох биш, яагаад орсон, юу хийсэн, юуг хийж чадаагүй вэ гэдгээ дүгнэх хэрэгтэй.
Сөрөг хүчний байр суурь, нэр хүнд, зарчим хоёроо хамгаалах орон зай
Ардчилсан Нам өнөөдөр сөрөг хүчний байр суурийг эргүүлэн авах, ард иргэдийн дунд шударга, зарчимтай улс төрийн тоглогч болж харагдах боломжтой. Гэвч үүний тулд эхлээд өөрийн дотоод бүтэц, бодлогын тогтвортой байдал, эв нэгдлийг сэргээх шаардлагатай. Албан тушаалын төлөө хамтарч, дараа нь хөөгдөж байгаа мэт харагдах нь улс төрийн том алдаа.
Тиймээс “битгий хөөлөө гэж гоншигоно”, муухай харагдаж байна гэсэн шүүмжлэл цаанаа үндэслэлтэй. Хэн нэгэн тэднийг хүчээр оруулаагүй, одоо ч хүчээр гаргаж байгаа юм биш. Энэ бол улс төрийн зарчмын, хариуцлагын асуудал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ